Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00333

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, Олхонод овогт Өлзийхутагийн Алтанзул /РД:ГИ74041702/-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт оршин суух Өзөөд овогт Чагнаагийн Наранчимэг /РД:ГВ74081904/-т холбогдох 9500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00295/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Алтанзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ч.Наранчимэг нь сумын ой болох гэж байна. Би 2 дэлгүүр ажиллуулдаг учир бараа зараад буцааж өгье гээд 5000000 төгрөгийг 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан боловч өгөөгүй өдий хүрлээ. Иймээс намайг залилж мөнгийг буцааж өгөхгүй одоог хүрсэн учир гомдолтой байна. Одоо утсаа ч авахаа больсон. Иймд үндсэн мөнгө 5000000 төгрөг, хүү болох 4500000 төгрөг нийт 9500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ө.Алтанзул хариуцагч Ч.Наранчимэг бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9500000төгрөгөөс хариуцагч Ч.Наранчимэг 6500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4000000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2500000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, үлдэгдэл 3000000 төгрөгөөс нэхэмжлэгч Ө.Алтанзул татгалзан харилцан тохиролцож,нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Ө.Алтанзул нь Ч.Наранчимэгээс 9500000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.Алтанзул, хариуцагч Ч.Наранчимэг нар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9500000 төгрөгөөс хариуцагч Ч.Наранчимэг 6500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч,2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4000000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2500000төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ө.Алтанзул үлдэгдэл 3000000 төгрөгийг гаргуулахаас татгалзан харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Ө.Алтанзулын нэхэмжлэлтэй, Ч.Наранчимэгт холбогдох 9500000 /есөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагчЧ.Наранчимэг нь нэхэмжлэгч Ө.Алтанзулын нэхэмжилсэн 9500000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгөөс6500000 /зургана сая таван зуун мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4000000 /дөрвөн сая/ төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ө.Алтанзул үлдэгдэл 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулахаас татгалзан харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Алтанзулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166950 /зуун жаран зургаан есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наранчимэгээс 59475 /тавин есөн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг, Төрийн сангаас 83475 /наян гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Алтанзулд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН