| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/01264/И |
| Дугаар | 207/ма2025/00001 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 207/ма2025/00001
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 207/МА2025/00001 |
2025.01.16 207/МА2025/00
*******гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/01430 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 807.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч М.Энхтүшин, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөршийн хашаа нурж 12 өндөглөгч товарын тахиаг минь хоёр нь бүгдийг алсан ба эд материал болон сэтгэл зүйн хохирол учирсан. Үүнд 12 өндөглөгч тахиа 1 бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, өдөрт 12 өндөг авдаг байсан ба түүнийгээ зардаг байсан. Нэг бүрийн үнэ 750 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 23 өдөр нийт 207.000 төгрөг, бүгд 807.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариууагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь *******гийн гаргасан нэхэмжлэлийг гүтгэлэг гэж үзэж байгаа. Манайх уг айлаас 2-3 айлуудаар тусгаарлагдсан. Тойроод бетонон хашаатай, камертай. Мөн нохойгоо байнгын уяатай байлгадаг ба байнгын хүнтэй байдгийг хөрш айл гэрчилнэ. Ойр хавьд сул золбин нохойнууд ихтэй. Дээрх иргэн хороонд гомдол мэдүүлсний дагуу манай нохойг ирж буудуулсан. Үүний улмаас манай гэр бүлийнхэн сэтгэл зүйн хохиролтой үлдсэн. Нохойгоо алдсандаа гомдолтой байхын зэрэгцээ хохирол төлбөр барагдуулах үндэслэлгүй, гүтгэлэг гэж үзэж нэхэмжлэлийг хүчингүй болгохыг хүсэж байна. Иймд хүсэлтийг минь үнэн зөвөөр шүүн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01430 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 403.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 403.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.918 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс 12.755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/01430 шийдвэрээр миний нэхэмжилсэн 807.000 төгрөгийн 403.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь харицуцагч М.Энхтүшинд холбогдуулан Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 807.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 403.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 403.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн 12 өндөглөгч тахиаг нохой хазаж алсны улмаас түүнд эд материал болон сэтгэл зүйн хохирол учирсан, үүнд 12 өндөглөгч тахиа 1 бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, өдөрт 12 өндөг авдаг байсан ба түүнийгээ зардаг байсан, нэг бүрийн үнэ 750 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 23 өдөр нийт 207.000 төгрөг, бүгд 807.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар хариуцагчаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд 403.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ...миний нэхэмжилсэн 807.000 төгрөгийн 403.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоодохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12.755 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/01430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12.755 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР