Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00334

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1956 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, Шээжин овогт Халзангийн Ганбаатар /РД:ГЙ56052414/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00296/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1956 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Би 1973-1990 оныг дуустал Булган аймгийн Шинэ Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1976-1979 онуудад цэргийн алба хааж 1979 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1990 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би хөдөө Булган аймгийн Тэшиг суманд амьдардаг тул холоос дахин шүүхэд ирэх боломжгүй унаа ховор явдаг тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1973-1976 он хүртэл, 1979 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Ганбаатар нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай лавлагаа, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Ш.Уранчимэгийн ...Миний бие 1986 онд Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар ажилд ороход Х.Ганбаатар нь малчнаар ажиллаж байсан. 1976 онд байх цэрэгт манай ахын хамт татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллах болсон. Бид 1986-1991 он хүртэл хамт ажилласан. Бид нэг нутаг усных тул сайн мэднэ гэх, гэрч Д.Лхагвасүрэнгийн ...Миний бие 1984 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд харуулаар ажилд ороход Х.Ганбаатар нь 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1976 онд байх цэрэгт татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллах болсон. Бид 1984-1991 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шээжин овогт Халзангийн Ганбаатарыг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 15 /арван таван/ жил 1 /нэг/ сар 15 /арван таван/ хоног ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН