| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1008 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шинжээч эмч Ө.Сарангэрэл,
Иргэний нэхэмжлэгч З.Оюунцэцэг,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н , түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
Шүүгдэгч, хохирогч Г.Э , түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Н , Г.Э нарт холбогдох эрүүгийн 1906 00822 0731 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилтай, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, С.Н .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Г.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Н , Г.Э нар нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс
22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би ангийнхаа 3 охинтой уулзаад Сансарт байрлалтай “Финикс” гэдэг караокегоор үйлчлүүлсэн. Шөнийн 02 цагт караокеноос гарч явцгаасан. Би хамгийн сүүлд нь гарсан. Үйлчлүүлж байсан газраа юм үлдээсэн юм шиг санагдаад караоке руу буцаж ороод гарсан гараад ирэхэд гадаа хэдэн хүмүүс орилдож байсан. Би түүнийг тоогоогүй 3 эмэгтэй хүнтэй явж байгаа юм чинь хүнтэй маргалдан гэж бодоогүй. Тэр газраа тамхи татаад яваад очтол хашлаганы хажууд манай найз Мөрөн суусан, З.Оюунцэцэг газар унасан байдалтай байсан. Би маргалдаж эхэлсэн “та нар яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, ингэж болдог юмуу” гэхэд саарал хувцастай залуу “наад муу сайн янхнуудыг чинь алсан ч яадаг юм” гэж хэлсэн. Үүнд нь би эмэгтэй хүнтэй муухай харицлаа гэж очиход З.Оюунцэцэгийг үсдээд 2 тийшээ саваад байсан. Тэр нь Г.Э гэдэг залуу байсан. Тэгээд би Г.Э тай гэдэг залуутай маргалдаж эхэлсэн. Эхлээд салгах гэж байсан. Тэр үед намайг цохиж авахад нь би хариу цохиж чадаагүй. Дараа нь камерын бичлэгийг үзэхэд харин намайг боржуураас замын хашлаг руу аваад чулуудсан. Машины зам руу мөн тэнд байсан 2 залуутай муудаад босоход миний дээгүүр өмсөж явсан хувцас тайлагдсан байсан. Намайг энэ хүмүүстэй маргалдах хугацаанд Уянга цагдаа дуудсан. Гэвч энэ хүмүүс машиндаа суугаад явах гэтэл би аль болох явуулахгүй байхыг хичээж байсан. Машины урд сууж байсан Энх-Учрал нь Оюунцэцэгтэй маргалдаж байсан. Цагдаа хүрээд ирлээ энэ асуудлыг цагдаа шийдээд өгчихнө гэж бодоод энэ хүмүүстэй одоо маргалдаад яах вэ гэтэл машин дотроос “та нарыг яасан ч яадаг юм алаад хаяна” гэх үгийг хэлж байсан. Оюунцэцэг цонх руу нь очиж “миний гинж болон ээмэг алга болсон байна, чи төлж өгөөрэй” гэж хэлсэн Энх-Учрал цонхон дотроосоо нэг цохисон. Тэр үед нь би очиж өөрийн бас нэг цохисон. Энх-Учралыг цохихоос өмнө машины ард сууж байсан залуутай уулзаад “одоо бүгдээрээ муудалцаад яах вэ, бүгд адилхан согтуу байна” гэж хэлсэн. Тэх үед хоорондоо муудаагүй бүгд тайван байж байхад цагдаа ирсэн байхад Энх-Учрал миний хөмсгийг цохиж гэмтээсэн. Цагны үнэлгээ болох 382.133 төгрөг, шүдний эмчилгээны зардал 7.180.000 төгрөгийг тус тус Г.Э аас нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Э мэдүүлэхдээ: “...Би эхнэр 2 дүүтэйгээ гараад явсан. Манай эхнэр 4 сартай жирэмсэн миний машиныг барьж явсан. Уулзвар дөнгөж өнгөрөөд явж байтал замын хажуу талд 3 эмэгтэй хүн зогсож байсан. Нэг эмэгтэй нь “миний хөлийг дайрчихлаа” гээд орилоод машин руу өшиглөсөн. Манай эхнэр машинаасаа буугаад тэр эмэгтэй дээр очсон. Би тэр үед машиндаа суугаад үлдсэн. Тэгтэл манай эхнэр “энэ 3 эмэгтэй намайг алах нь” гээд орилоод байсан. Би машинаасаа буугаад очтол нүүр амыг нь маажсан байдалтай байсан. Эхнэрээ өмөөрөөд эдгээр хүмүүсийг салгасан. Би “цагдаа дуудъя” гэсэн. Тэдгээр хүмүүс өөрсдөө цагдаа дуудсан байсан. Би хөлөө дайруулсан гэх хүнийг үзүүлэх бодолтой түргэн тусламж дуудсан байсан. Түргэн тусламжийг хүлээх зуур маргаан эхэлсэн. Би Оюунцэцэг гэх бүсгүйг түлхэж унагаасан. Гэтэл энэ залуу ирж намайг заамдаж цохисон. Энэ нь камерын бичлэгт тодорхой харагдана. Тэр үедээ ална тална гэсэн зүйл яригдаагүй. Тэгээд муудалцаад байж байх үед би энэ залууг би барьж аваад түлхэж унагаагаад машин дотроо сууж байхад цагдаа нар ирсэн. Бид нар цагдаа дуудсан болохоор хүлээгээд байж байсан. Ямар нэг зугтаад явах гэсэн үйлдэл бол гаргаагүй. Гэтэл энэ Оюунцэцэг гэдэг хүн цонх онгорхой байхад хэрүүл хийж хажуу талд ирээд байсан. Цагдаа нар ирсэн байхад энэ хүмүүс гурав билүү дөрвүүлээ намайг цонхоор татаад гаргасан. Би гарч ирээд энэ хүнийг цохисон. Тэрнээс би машиндаа зүгээр сууж байсан. Тухай үед цагдаа нар намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Эмчилгээний зардалд 128.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол саналгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч З.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “....2019 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон газар миний монетэн гинж болон ээмэг 2 алга болсон. Тэр үед цагдаад хэлсэн боловч хүлээж аваагүй. Надтай муудсан залуу “чам шиг гичий, янхан тийм зүйл зүйлээ юу” гэхэд нь би жаахан маргалдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн зүүж явсан эд зүйлдээ үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр гарсан хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.Сарангэрэл мэдүүлэхдээ: “....Тухайн өдөр бусдад зодуулсан гэх хүн мөрдөгчийн тогтоолтойгоо ирсэн. Би өөрөө үзлэг хийсэн үзлэгээр зүүн дээд шүдний 21 дүгээр шүд хөдөлсөн бусад жижиг газарт зулгаралт үүсэн байсан. С.Н ын ярьж байгаагаар 2 шүдний талаар яригдаж байна. Шүүх эмнэлгийн зааварт өөрийн үндсэн шүд нь дээр гэмтэл тогтоодог энэ нь нэг шүд буюу 21 дүгээр шүд унасан.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Н ын өгсөн мэдүүлэг /хх-7-8/, хохирогч Г.Э ын өгсөн мэдүүлэг /хх-9-11/, гэрч Г.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч О.Мөрөнгийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Д.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх-23-24/, гэрч З.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1625, 1724 дугаартай дүгнэлтүүд /хх-33, 36/, Эрүүлжүүлэхийн талаархи баримт /хх-61-64/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-92-94/, Г.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-82-83/, “Дамно” ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /хх-41, 96/, С.Н ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-45/, шүүгдэгч С.Н ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, С.Н ын иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай тогтоол /хх-48/, шүүгдэгч Г.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-91/, камерын бичлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-92-94/, З.Оюунцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-106/ шинээр хохирол нэхэмжилсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н , Г.Э нар нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С.Н ыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр З.Оюунцэцэгийн иргэний нэхэмжэгчээр тус тус тогтоох тухай прокуророос тогтоол үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н , Г.Э нар таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлэхээр шаардлага тавьж байгаа хүнийг иргэний нэхэмжлэгч” гэнэ.
Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргээс “шууд учирсан үр дагавар” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Н ын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Финикс” караокед үйлчлүүлж байгаад 02 цаг 30 минутын үед баарнаас гарсан. Сүүлд захиалсан архи задлаад уугаагүй орхисон. Оюунцэцэг, Мөрөн, Уянга гурав түрүүлж гараад би араас нь тооцоог нь хийгээд караокенаас гартал үүдэн дээр бужигналдаад байсан. Би тухайн үед анзаараагүй нэг тамхи татаад гурван найзынхаа араас ирсэн чинь Мөрөн “хөлөө дайруулчихлаа” гээд замын хажуу талын боржуур дээр сууж байсан. З.Оюунцэцэгийг газар унагаачихсан хоёр залуу дээрээс нь хөлөөрөө цохиод байхаар нь гүйж очоод нэг залуу нь хөлөөрөө цохитол Уянга намайг бариад автал саарал өнгийн куртиктай, нэг нэхийтэй залуу хоёр шууд намайг цохиж эхэлсэн. Нэхийтэй залуу нь миний баруун хөмсөг болон дээд талын үүдэн шүд рүү цохиж гэмтээгээд газар унагаж дээрээс цохисон.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э ын өгсөн: ... 2019 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Финикс” караокед эхнэр Даринчулуун, үеэл дүү Анхбаяр, Булгамаа нарын хамт ороод үйлчлүүлсэн. Бид нар караокед пиво уусан. Тэгээд 02 цагийн үед караокенээс гараад машинтайгаа явж байтал “хөл дайрчихлаа” гээд1 нөгөө 3 эмэгтэй машины хойд хаалганы хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед эхнэр жолоо барьж явсан ба манай эхнэрийг тэр 3 эмэгтэй зодох гээд дайрахаар нь би машинаасаа буугаад нөгөө 3 эмэгтэйг салгах гээд эхнэрээсээ холдуулсан. Тэр үед ар талаас нэг залуу ирээд намайг хойноос татаад миний баруун талын шанаа орчимд 1-2 удаа цохихоор нь би тэр залууг өөрөөсөө холдуулаад түлхээд унагаасан. Тэгтэл машинд сууж байсан манай эрэгтэй дүү Анхбаяр бууж ирээд бид хэдийг салгаад намайг машины урд талын суудал дээр суулгасан. Машины цонх онгорхой байхад цонхоор цонхоор татаж гаргаад үл таних залуу нь миний баруун нүд рүү 1-2 удаа цохисон.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Уянгын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр пабад сууж байгаад “Финикс” гэх нэртэй караокед найз нарын хамт орсон. Бид нар караокед үйлчлүүлж байгаад 02 цагийн үед гарсан. Эхлээд Оюунцэцэг, Мөрөн бид 3 түрүүлээд алхаад явж байсан. Тэгээд бид нар алхаж яваад Наранбаярыг ард хоцроод байхаар нь яасан бол гээд хартал замын хажуугаар явж байсан приус маркын машины дугуй хөл дээгүүр гарчихаар нь “хөөе чи ухраачээ” гээд машины жолоочид хэлтэл жолооч эмэгтэй бид нарыг загнасан. Тэгтэл машины жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй хүн босож ирээд Оюунцэцэгийг газарт унагаасан. Намайг очихоос өмнө тэр залуу нилээн согтуу байсан. Наранбаяр ирээд “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд барьцалдаж автал машинаас дахин нэг залуу бууж ирээд хоёулаа болоод Наранбаярыг зодсон.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Булгамаагийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр пабад сууж байгаад “Финикс” гэх нэртэй караокед ах Энх-Учрал, эгч Даринчулуун, нөхөр Анхбаярын хамт орж үйлчлүүлсэн. Бид нар караокед 3 цаг орчим болоод гарцгаасан. Архи уугаагүй байсан болохоор эгч Даринчулуун машинаа барьж явсан. Тэгтэл зам дээр согтуу 3 эмэгтэй бие биентэйгээ тэврэлдээд зулгаалцаад байж байтал хажуугаар нь өнгөртөл “хөл дайрчихлаа” гээд орилоод машины хаалга руу өшиглөсөн. Даринчулуун эгч буугаад юу болсон талаар асуухад эгчийг үл таних 2 эмэгтэй цохих гэхээр нь ах Энх-Учрал машинаас буусан. Тэр согтуу эмэгтэйчүүд ах, эгч хоёрыг юм яриулахгүй согтуурхаад байсан. Тэгж байгаад тэд нар маргалдсан. Тухайн үед би машин дотроо сууж байсан. Нөхөр Анхбаярыг “бууж салгаарай” гэж хэлсэн. Нөхөр Анхбаяр машинаас буугаад тэр нарыг салгах гэтэл тэд нар зууралдаад дийлдэхгүй байсан. Би өөрөө машинаас буугаад ах Энх-Учралыг салгах гэд дундуур ороод эргэж хартал үл таних 2 эмэгтэй манай нөхрийн толгой нүүр рүү цохиж байсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Мөрөнгийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний Сансарт байрлах нэрийг нь мэдэхгүй караокед найз нарын хамт орсон. Бид нар караокед үйлчлүүлээд тооцоогоо хийгээд гарцгаасан. Наранбаяр танидаг хүнтэйгээ таараад бид 3 түрүүлж гараад Оюунуцэцэг бид хоёр зам дагуу доошоо уруудаад алхаж хажуугаар нэг приус маркын машин шахаж орж ирээд баруун хөлийн гутлын өсгий хэсэгт уг машины дугуй нь гарахар нь уг машины багаж хэсэг рүү нь цохисон. Тэгтэл хөдлөхгүй болохоор нь дахиад нэг удаа цохисон. Тэгтэл машин хөдлөөд би доошоо сөхөрч суухад машины жолооч эмэгтэй бууж ирээд замаа харж яваагүй өнгө аястай надтай харьцаад надаас уучлал гуйгаагүй. Тэгтэл хамт явсан найз нар намайг өмөөрөөд машинтай хүмүүстэй маргалдаад зодолдсон.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Даринчулууны өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө 02:30 минутад “Финикс” караокены хашаанаас машинаа бариад дөнгөж гараад эргэх уулзвар дээр хэсэг бүлэг согтуу хүүхнүүд зогсож байсан. Дөнгөж хөдөлтөл ард нэг хүүхэн ёолоод машин цохисон. Хөлөн дээр гарчихлаа гэсэн. Тэгээд би буугаад харах гээд очтол хажууд нь явсан найз эмэгтэйчүүд нь над руу дайрч түлхсэн. Намайг зодох гээд дайрахад манай нөхөр бууж ирээд намайг хамгаалаад “болиоч” гээд түлхсэн. Тэгэнгүүт тэдний найз болох залуу хашаанаас гарч ирэнгүүтээ манай нөхрийг араас нь заамдаад явсан. Тэгэнгүүт манай нөхөр тонгороод унагасаны дараа нөгөө эмэгтэйчүүд манай нөхөр рүү дайрч тал бүрээс нь цохисон. Тэгээд зодоон эхэлсэн. Үл таних залуу болон нөгөө хүүхнүүд нь согтуу байсан. Тэгээд нөхөр рүү зогсоо зайгүй дайраад байсан. Тэр үед нөгөө хүүхэн залуу хоёр манай нөхөр рүү машины цаанаас дайрч машин тэрэг өшиглөөд хэл амаар доромжлоод дайрч давшлаад нэг бүдүүн хүүхэн нь “чиний жирэмсэн гэж юу байдаг юм бэ, та нарыг би маргааш цагдаа дээр хатаана” гээд 2-3 удаа бичлэг хийгээд “олон нийтэд тараана” гэж сүрдүүлсэн. Тухайн үед байсан цагдаа шаардлага тавьсан ч бусад нь бичээд дийлдэхгүй байсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Анхбаярын өгсөн: “...Тухайн үед аль аль согтуу байсан ба үл таних залуу Энх-Учрал ахыг заамдаж байгаад шанаа нь тус газар нь 2 удаа цохисон. Тэр үед нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд эргээд харахад нөгөө цамцаа тайлж байгаад дахиж зодолдох гээд дайрч байхдаа газар унасан. Нүүрээрээ цементэн зам дээр унаж байсан.” /хх 23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Оюунцэцэгийн өгсөн: “...Үл таних залуу машины урд суудал дээр сууж байгаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Наранбаяр үл таних залуу намайг хэл амаар доромжилж байхыг хараад “чи яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм бэ” гээд үл таних залуу машины урд хаалганы цонхоор цээжээ гаргаад Наранбаярын хөмсөг цохисон. Тухайн үед Наранбаяр нүцгэн байсан ба цээж нь хэн нэгэн маажаад улаалгасан байсан. Тухайн үед Наранбаяр үүдэн шүд уначихлаа гээд хэлж байсан. Үл таних залуугийн биед гэмтэл шарх харагдаагүй.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1625 дугаартай дүгнэлтэд:
1. С.Н ын биед нэг шүд булгаралт, хүзүү, цээж, баруун даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
4. Дээрх нэг шүдний булгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.” /хх-33/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн 1724 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Э ын биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-36/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үзэхэд С.Н ын дээд зүүн 1 дүгээр шүд буюу 21 дүгээр шүд хөдөлсөн байсан. Ойр орчмын шүд хөдлөөгүй. Магадлуулагч С.Н өөрөө 1 шүд хөдөлсөн гэж хэлж байсан. Энэ талаар дүгнэлтэд тусгагдсан. “/хх-39/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-41-42, 96-97/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-67/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-91/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-92-94/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-63, 67/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н ын гаргасан: “...Би энэ хэргийг үйлдээгүй.” гэх тайлбар, мөн түүний өмгөөлөгчийн гаргасан “…2 шүдний хохирол учирсан шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байна.” гэх тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э ын өгсөн: “...Тэр үед ар талаас нэг залуу ирээд намайг хойноос татаад миний баруун талын шанаа орчимд 1-2 удаа цохихоор нь би тэр залууг өөрөөсөө холдуулаад түлхээд унагаасан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн 1724 дугаартай дүгнэлтэд: Г.Э ын биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1625 дугаартай дүгнэлтэд: С.Н ын биед нэг шүд булгаралт, хүзүү, цээж, баруун даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэх дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н ын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Н , Г.Э нарын 2019 оны 1 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас маргалдаж. харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Н , Д Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд хохирогч С.Н ын 7.180.000 төгрөг, хохирогч Г.Э ын 128.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Н ын 382.133 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Оюунцэцэгийн 593.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч С.Н , Г.Э нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалж, шүүхийн хэлэлцүүлэгт С.Н ын зүгээс гаргаж өгсөн сидиг буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н , Г.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Н , Г.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. С.Н , Г.Э нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Н , Г.Э нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Н , Г.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний нэхэмжлэгч С.Н ын 382.133 төгрөг, З.Оюунцэцэгийн 593.400 төгрөгийг, хохирогч С.Н ын нэхэмжилсэн 7.180.000 төгрөг, хохирогч Г.Э ын нэхэмжилсэн 128.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн сидиг С.Н т буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Н , Г.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Н , Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Н , Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС