| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00370/И |
| Дугаар | 130/ШШ2016/00434 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00434
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Кн Хгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч К.Х гэрч У.Ө, Е, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч К.Х шүүхэд гаргасан хүсэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1980 оны 1-р сараас 1990 оны 12-р сар хүртэл төлчин, саальчнаар ажилласан юм. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр бичигдсэн боловч архивын лавлагаагаар Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Хатуу бригадын цалин хөлсний 70 дугаар дансны 1980-1990 онуудын баримтыг архивт шилжүүлээгүй гэж гараагүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1980 оны 1-р сараас 1990 оны 12-р сарын 30-ны хүртэл Бугат сумын Жаргалын зам нэгдэлд төлчин, саальчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч К.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай аймгийн Архивын лавлагаанд: Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Хатуу бригадын цалин хөлсний 70 дугаар дансны 1980-1990 онуудын баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн К.Хд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байгаа боловч К.Х нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл Бугат сумын Жаргалын зам нэгдэлд төлчин, саальчнаар ажилласан болох нь доорхи нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч К.Хгийн Хөдөө Аж Ахуйн Нэгдлийн гишүүний 1985 /чухам хэдэн он болох нь тодорхой харагдахгүй байна/ оны 01 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ажилласан хоног, авсан хөлсний талаар 1981 оны 01 сараас 1990 оны 12 сар хүртэл бичилт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан бичилтээр,
Мөн хавтаст хэрэгт авагдсан иргэн Х.Бейсений нотариатаар баталгаажуулсан ... К овогтой Х нь 1980 оноос 1990 он хүртэл Жаргалын зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Тэр үед би нэгдлийн ерөнхий нябо, нэгдлийн дарга, компани захирлаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна гэх тодорхойлолт,
Иргэн Х.Еын нотариатаар баталгаажуулсан ... К.Х нь Жаргалын зам нэгдэлд 1980-1990 онд саальчин хийж байсан нь үнэн. Би тухай үед эдийн засагчаар ажиллаж байсан болно гэх тодорхойлолт,
Иргэн У.Өы нотариатаар баталгаажуулсан ... К.Х нэгдэлд саальчнаар ажиллаж байсан тэр үед би сумын Жаргалын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болно. 1980-1990 онд ажиллаж байсан болохыг тодорхойлов гэх тодорхойлолт болон шүүх хуралдаан гэрчээр оролцсон гэрч Х.Е, У.Ө нарын мэдүүлгээр мөн хүсэлт гаргагчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч К.Х нь Жаргалын зам нэгдэлд ажиллаж байх хугацаандаа 1984 оны 06 сар Сайшаалын үнэмлэх, 1987 оны 01 дүгээр сард авч байсан Хүндэт Жуух бичиг, 1988 оны 02 сарын 18-ны өдрийн Баярын бичиг, 1989 оны 01 сарын 23-ний өдрийн БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын нэрэмжит шагнал, 1989 оны 02 сарын 07-ний өдрийн Диплом зэрэг шагналаар шагнуулж байсан нь нотлогдох ба тухайн үед нэр нь Х гэж бичигдсэн боловч хүсэлт гаргагч К.Х нь шагнуулж байсан байна.
Энэ нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3-р багт оршин суудаг ба Х.Х нь тухайн үед иргэний үнэмлэх авахад нэрийн алдаа гарсан байна гэх Бугат сумын 3-р багийн Засаг даргын 2016 оны 06 сарын 16-ний өдрийн 319 дугаартай албан бичиг, мөн иргэн А.Болатын тус сумын 3-р багийн иргэн К овогтой Х нь уугуул иргэн, багаасаа К.Х, заримдаа К.Х гэсэн нэрээр явдаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолтоор, хавтаст хэрэгт хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбараар М овогт К Х мөн болох нь нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч К.Хгийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар К.Хгийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН