| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0656/Э |
| Дугаар | 671 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэмбэл овогт Батсүхийн Гүнбилэгт холдбогдох эрүүгийн “1909023410771” дугаартай, 186/2019/0656/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороололын 22 дугаар байрны 108 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Цэмбэл овогт Батсүхийн Гүнбилэг /РД:ЧН87040211/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биеийн тамирын дээд сургуулийн гадна талд хохирогч Г.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж маргалдан, улмаар толгойн тус газар нь гараараа хэд хэд цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясы хугарал, тархи доргилт, хацарт зулгаралт, бугалганд цус хуралт, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Гнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Наранбаатарын:..2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Биеийн тамирын дээд сургуулийн дотогш ордог машины зогсоол дээр тавьж байрлуулсан Хонда Эйч Ар Ви маркийн машинаасаа тамхи авах гэж орсон. Тухайн үедээ машиныхаа түлхүүрийг аваад машинаа асаах гэж байхад манай найз Гүнбилэг намайг согтуу байж битгий машин барь гэж хэлсэн. Дараа нь бид хоёр хоорондоо үл ойлголцоод Гүнбилэг надаас машины түлхүүр аваад хойшоо ачааны тээш рүү шидсэн. Энэ үед Гүнбилэг уурлаад машинаас буугаад миний нүүрэн тус газар 2 удаа цохиход би ухаан алдаад унасан гэх мэдүүлэг. /хх-н 7-8/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ш.Гансүхийн:..Миний хүү Г.Наранбаатар нь багаасаа тохитой томоотой өссөн, 2 их дээд сургууль төгссөн. Ааш зан байдлын хувьд огцом, түргэн зантай, хүү маань спортоор их хичээллэдэг. Багшлах заах, ур чадвар сайтай, муу зуршил гэвэл хааяа нэг найз нөхөдтэйгээ нийлж пиво уучихаад байдаг гэх мэдүүлэг. /хх-н 15/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Пүрэвсүрэнгийн:..Миний хүү Гүнбилэг нь 1 дүгээр сургууль төгссөн, багаасаа их дураараа өссөн. Эцэгийнхэн муу зуршил нь хүүгийн маань одоогийн байдалд нөлөөлсөн. Ааш зан байдлын хувьд их зөөлөн, цайлган залуу байгаа, спортоор хичээллэдэг. Хааяа нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг гэх мэдүүлэг. /хх-н 17/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Дуламсүрэнгийн:..Б.Гүнбилэгтэй анх 2009 онд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэдтэй, албан ёсны гэр бүлийн баталгаатай эхнэр,нөхрийн харилцаа холбоотой. Г.Наранбаатар гэх хүнийг танихгүй, харж байгаагүй гэх мэдүлэг. /хх-н 19/,
2.5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7387 тоот актын:
1.Г.Наранбаатар-н биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хацар зулгаралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 22/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.хохирогч Г.Наранбаатарын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7387 тоот дүгнэлт зэрэг болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах Биеийн тамирын дээд сургуулийн гадна талд хохирогч Г.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж маргалдан, улмаар толгойн тус газар нь гараараа хэд хэд цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясы хугарал, тархи доргилт, хацарт зулгаралт, бугалганд цус хуралт, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Наранбаатар, гэрч Ш.Гансүх, Ц.Пүрэвсүрэн, Э.Дуламсүрэн нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7367 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Г.Наранбаатар нь Б.Гүнбилэгтэд санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Гүнбилэгийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт
болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1.Шүүгдэгч Цэмбэл овогт Батсүхийн Гүнбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гүнбилэгийг 450/дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Гүнбилэгт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Гнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гүнбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ