| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0653/Э |
| Дугаар | 657 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Э.Халиун, шүүгдэгч, /хохирогч/ Д.Э, шүүгдэгч, /хохирогч/ Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Даваанямын Эрдэнэзаяа, Хатиган овогт Дашнямын Батбаатар нарт “1909023460733” дугаартай, 186/2019/0653/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Transwest” ХХК/ “Трансвент” ХХК-д агуулахын ажилтнаар ажилладаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун-Баян-Уул 12 дугаар гудамжны 48 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашнямын Эрдэнэзаяа /РД:УУ89081678/,
Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Атро Имдорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, хорооллын 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хатиган Дашнямын Батбаатар /РД:РР81011971/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бага баян гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “бөгс ухагч бууны нохой гэж доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуя, өвдөгт цус хуралт, хэлэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019
оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бага баян гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хуц гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар түүний биед баруун хацар, баруун нүдний, дээд, доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гарын долоовор хуруунд шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, дээд уруул, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, цээж, хэвлий, нуруу, баруун өвдөгт цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, доод уруул, баруу завж, эрүү, баруун шуу, баруун гарын савруу, зүүн алга, нуруу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.Э нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2.Шүүгдэгч Д.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Эгийн:...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 11 цагийн үед “Transwest” ХХК-ийн агуулахын ажилтан хүмүүс нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Бага-Баян" нэрийн цэргийн амралтанд амрах гээд очсон юм.Тэгээд бид хэд амралтын Монгол гэр аваад байрласан юм. Өдрийн 16 цагийн үед байх ажлын хүмүүс бөөндөө архи, пиво ууж эхэлсэн юм. Оройхон 21 цагийн үед Амралтын Монгол гэртээ байж байхад манай ажлын залуу Батбаатар нь үгээр идээд намайг бөгс ухагч бууны нохой гэх мэтээр доромжлоод байхаар нь би яахаараа бөгс ухагч байдаг юм бэ? гэж хэлээд хэрэлдсэн чинь Батбаатар нь барьж авахаар нь зөрүүлээд бариад авсан чинь нүүрэн тус газарт гараараа цохиж эхэлсэн тэгэхээр нь би нүүрэн тус газарт гараараа цохиод авчихаад бид хоёр хоорондоо зодолдсон юм. Тэр үед манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан юм. Хэсэг хугацаанд тайван байж байсан.Тэгээд би амралтын гэрээсээ гараад салхинд гараад зогсож байсан чинь Батбаатар нь хоёр гартаа урт мод барьчихсан амралтын гэрээс гарч ирснээ алнаа чамайг гэж хэлснээ миний бие хэсэг рүү модоороо цохиж эхэлсэн чинь би цохиулахгүйн тулд зугтааж гүйсэн тэгээд миний араас модоорой цохиод гүйгээд байснаа цаашаа яваад өгсөн юм.Тэгэхээр нь би машиндаа ороод унтаад өгсөн юм.... Батбаатар нь миний нүүрэн тус газарт гараараа цохисон, модоор болохоор миний биеийн нуруу, хөл, гар руу цохисон гэх мэдүүлэг. /хх-н 24/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Батбаатарын:..Би 2019 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Transwest нэрийн компаний ажлын хүмүүс нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага баян нэрийн амралтад очиж амарсан юм.Тэгээд өдөр 14 цагийн үед ажлын хүмүүс нарын хамтаар архи, пиво уугаад хоол унд идээд хөзөр тоглож, тэмцээн уралдаанд оролцсон байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад ажлын хүн болох Эрдэнэзаяад хандаж хэлээд чи ажил хийдэггүй, дарга нарыг харахаар урдуур нь орж гүйдэг биздээ гэж хэлсэн чинь Эрдэнэзаяа нь чи хуц гэж хэлээд миний нүүрэн тус газарт
хэд хэдэн удаа гараараа цохиод авахаар нь барьцалдаж аваад Эрдэнэзаяагийн нүүрэн тус газарт цохиод зодолдсон чинь манай ажлын хүмүүс Энэрэл, Тэмүүлэл нар нь бид хоёрыг салгаад Эрдэнэзаяаг цаашаа аваад явсан юм.Удалгүй Амралтын Монгол гэрт ороод орон дээр гараад унтаж байхад шөнө цаг хэд болж байсныг мэдэхгүй байна миний дээрээс Эрдэнэзаяа нь гараараа цохиод авахаар нь босож ирээд барыдалдаж зууралдаж аваад Эрдэнэзаяагийн нүүрэн тус газарт гараараа цохиж аваад ноцолдож барьцалдаад зодолдсон чинь Тэмүүлэл нь салгасан. Түүнээс хойш дахин 6 удаа Эрдэнэзаяа нь над руу дайрч надтай барыдалдаж аваад бид хоёр хоорондоо ноцолдоод шөнөжингөө зодолдох үйлдэл гаргаад тэр үед Тэмүүлэл нь салгасан. Шөнө 04 цагийн үед Эрдэнэзаяатай салаад орон дээр унтсан юм. Өглөө 07 цагийн үед босоход ажлын хүмүүс машиндаа суугаад явах гэж байхад Эрдэнэзаяа нь машинаас үсэрч гарч ирээд намайг өшиглөсөн газарт унагаасан чинь манайхан боль боль гэж хэлээд Эрдэнэзаяаг надаас салгаад аваад явсан юм...Эрдэнэзаяа нь миний нүүрэн тус газарт гараараа цохисон гэх мэдүүлэг. /хх-н 29/,
2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7198 тоот актын:
1.Д.Батбаатар-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуя, өвдөгт цус хуралт, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт./хх-н 37/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7198, 7130 тоот дүгнэлтүүд,
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бага баян гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “бөгс ухагч бууны нохой гэж доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуя, өвдөгт цус хуралт, хэлэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бага баян гэх нэртэй амралтын газар үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хуц гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар түүний биед баруун хацар, баруун нүдний, дээд, доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гарын долоовор хуруунд шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, дээд уруул, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, цээж, хэвлий, нуруу, баруун өвдөгт цус
хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, доод уруул, баруу завж, эрүү, баруун шуу, баруун гарын савруу, зүүн алга, нуруу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Э, Д.Бнарын мэдүүлэг, хохирогч Д.Э, Д.Б нар нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид гурав эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Э, Д.Бнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Э, Д.Бнарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Эг
500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр,
шүүгдэгч Д.Батбаатарыг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр
дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч нарын торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1.Шүүгдэгч Боржигон овогт Дашнямын Эрдэнэзаяа, Хатиган Дашнямын Батбаатар нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дашнямын Эрдэнэзаяаг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хатиган Дашнямын Батбаатарыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Бнарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Бнар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Э, Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Д.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ