| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00378/И |
| Дугаар | 00336 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 00336
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт оршин суух, Жаргант овогт Дамбын Төмөржаргал /РД:ФБ56070111/-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00378/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Төмөржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамба овогтой Төмөржаргал миний бие 1956 онд төрсөн. Би 4 дүгээр анги төгсөөд аав, ээжийн хамт Булган аймгийн хангал сумын Саруулзам нэгдэлд мал маллаж байсан. Мөн тус нэгдэлд 1971 онд үтрэмийн болон хадлангийн салааны ажилтнаар ажиллаж байгаад 1974 онд цэргийн алба хаасан. Иймд тус нэгдэлд 1971 онд үтрэмийн болон хадлангийн салааны ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Төмөржаргал нь Булган аймгийн Хангал сумын Саруулзам нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн болон хадлангийн салааны ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар цалингийн лавлагаа, тухайн үед Д.Төмөржаргалтай хамт ажиллаж байсан гэрч Ж.Алтангэрэл, О.Батсүх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаргант овогт Дамбын Төмөржаргалыг Булган аймгийн Хангал сумын Саруулзам нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн болон хадлангийн салааны ажилтнаар нийт 1 /нэг/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ