| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0070/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 71
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Г холбогдох эрүүгийн 192100140 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Ж1454 регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Х овогт Д.Г
Шүүгдэгч Д.Г нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах нийтийн байрны гадаа 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд иргэн С.Батбаярын “Самсунг СМЖ-150” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
-Гар утас хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/
-Хохирогч С.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 14-17/
-Гэрч Б.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22/
-Шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.Г нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах нийтийн байрны гадаа 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд хохирогч С.Батбаярын “Самсунг СМЖ-150” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим 9 дүгээр байрны зүүн талаас нэг ах /С.Батбаяр/ гар өргөхөөр нь зогссон. ... дэлгүүрийн гадаа ирээд тэр ах дэлгүүр ороод архи аваад гараад ирсэн бөгөөд нийтийн байр руу явъя гэж хэлэхээр нь нийтийн байрны гадаа нь ирсэн. Ирээд 6000 төгрөг болсон мөнгөө өгөөрэй гэж хэлэхэд халааснаасаа 4000 төгрөг гаргаад надад байгаа мөнгө нь энэ байна гэж хэлээд шууд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад та дутуу мөнгө өгсөн байна гэхэд надад мөнгө байхгүй гэхэд нь гартаа барьж байсан утсыг нь “наадах “утсаа аваад ир” гэж хэлээд булааж аваад эргэж машиндаа суугаад хөдөлсөн. ... миний гар утас цэнэггүй болох гээд байхаар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч С.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз нартайгаа өглөөнөөс хойш зах дээр архи уусан. ... 20 цаг өнгөрч байхад Батжаргал гэх залуутай таараад 24 дүгээр байрны гадаа 0.75 хэмжээтэй 1 шил архи уусан. 23 цаг өнгөрч байхад 24 дүгээр байрны хойд талаас таксинд гар өргөөд зогсоох үед хар өнгийн машин зогссон. Дотор нь 2 залуу байсан. Тухайн машинд суугаад 66 дугаар байр орно хэдэн төгрөг гарах бол гэхэд 2000 төгрөг гарна гэж хэлсэн. Онгорхой дэлгүүр байна уу, нэг шил архи авах гэсэн юм гэхэд жолооч нь Хэрлэн сумын 1 дүгээр баг 0327 дугаар ангийн хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогссон, уг дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” архи аваад 1 дүгээр багт байх нийтийн байрны гадаа очсон. ... миний хувьд гар утсаа авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Б.Батцэрэнгийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн 64-36 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед таксинд явж байхад найз Гтой 11 дүгээр байрны гадаа таарсан. Г бензин хийгээд хамт таксинд явсан. Орой 23 цагийн үед 24 дүгээр байрны гадаа нэлээн согтуу ах гар өргөхөөр нь авсан. Уг хүн архи зардаг дэлгүүр байна уу? гэхээр нь Хэрлэн сумын 1 дүгээр багт байх дэлгүүрийн гадаа очоод нөгөө ах дэлгүүрээс архи аваад 1 дүгээр багт байх нийтийн байрны гадаа очоод буусан. ... 6000 төгрөг гарсан боловч нөгөө ах 4000 төгрөг өгөөд буухаар нь найз Г араас нь мөнгө чинь дутуу байна гээд хамт буусан. Тэр хүнтэй нийтийн байрны баруун талд юм ярилцаж байгаад орж ирсэн. Г утас цэнэггүй болоод байна гээд нөгөө утсанд өөрийн сим картаа хийгээд нөгөө ах чинь дутуу мөнгөө өгөхгүй байхаар нь гар утсыг нь авчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г-од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Г-ын Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Г-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Г-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Год мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЗ54 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР