Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2025/00006

 

 

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2025/00006

 

 

 

 

*******агийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******од холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/01528 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 68.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би *******той 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ" байгуулан 154.000.000 төгрөгийг, хүүгүйгээр 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 65 хоногийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлүүлсэн болно. Зээлийн гэрээнд заасан хугацаа нь дууссан боловч зээлдэгч ******* нь зээлээ бүрэн төлж барагдуулахгүй, бага хэмжээгээр цувуулж өгсөөр өнөөдрийн байдлаар үлдэгдэл 48.000.000 төгрөгийг төлөхгүй худлаа хэлээд алга болсон. Гэрээнд заасан зээл төлөх хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 216 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож бодоход 51.840.000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу анх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байх тул алданги 20.000.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 48.000.000 төгрөг нийт 68.000.000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү. ... хамгийн анх ******* ХХК-тай манай нөхөр гэрээ байгуулаад би Хаан банкнаас зээл авч машины төлбөрийг 2022 оны 11 дүгээр сард ******* ХХК руу шилжүүлж ...******* ХХК-ийн нэр дээр 64-80 улсын дугаартай автомашиныг гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирээд машинаа зарахаар шийдсэн. Хариуцагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надтай уг машиныг 297.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж эхлээд 95.000.000 төгрөгийг өгөөд маргааш нь 48.000.000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл мөнгөө зээлийн гэрээ байгуулаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж гэрээ хийсэн. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш мөнгөө төлж барагдуулахгүй байх юм бол өдрийн 0.5 хувиар алданги төлнө гээд надтай тохирч гэрээ хийсэн. Түүнээс хойш машинаа явуулаад ашиг орлогоо олж байсан. Үлдэгдэл мөнгөө яасан бэ гээд асуухаар өнөөдөр хийнэ, маргааш хийнэ, яг тэдэн сард гээд хоног хугацаа хойшлуулсаар байгаа 2024 оны 08 дугаар сард мөнгөө нэхэхэд ашиг орлого олохгүй байхад юугаа өгөх юм гэх зэргээр харьцсан учраас энэ хүнээс эвээр мөнгөө олж авч чадахгүй юм байна гээд нэхэмжлэл гаргасан байгаа. Би нэхэмжлэлээ 2024 оны 06 дугаар сард гаргаж байсан, миний данс руу 08 дугаар сарын 13-ны өдөр 15.000.000 төгрөгийг хийсэн. Түүнээс хойш одоо хүртэл мөнгөө бага багаар төлж барагдуулах болов уу гэж бодсон боловч өгөөгүй. Мөнгө чинь яасан бэ гэхээр шүүх цагдаадаа өгсөн юм чинь шийдүүлээд ав гэсэн байдлаар харьцаад байгаа. Одоо үлдэгдэл мөнгө нь 41.000.00 төгрөг байсан, нэхэмжлэл гаргаснаас хойш 15.000.000 төгрөг хийгээд үлдэгдэл мөнгө нь 26.000.000 төгрөг болсон байгаа. 2023 оноос хойш энэ хүн надад мөнгөө өгсөн байсан бол би банкныхаа зээлийг хаачих байсан, мөнгөө өгөөгүйгээс хойш банкны өр төлбөрт унаж байна. Иймд гэрээнд заасны дагуу алдангиа бодоод 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, хэрвээ надтай эвлэрэх юм бол алдангиа 10.000.000 төгрөг болгоё гэсэн боловч өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас алданги 20,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 26.000.000 төгрөг, нийт 46.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүнд даацын машин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, үнэ тохиролцсон. Ингээд худалдсаны дагуу гэрээний зүйл болох хүнд даацын машиныг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр шилжүүлэн өгч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа, нэг онцлог байгаа нь тухайн хариуцагч буюу худалдан авагч өөрөө яг энэ төрлийн мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй *******Ти ХХК-ийн дэд захирал гэдэг. Төлбөрөө тохиролцоод 08 дугаар сарын 24-ний өдөр 95.000.000 төгрөгийг өгөөд машин шилжсэн. Ингээд 08 дугаар сарын 26-ны өдөр 48.000.000 төгрөг *******гийн данс руу шилжсэн. Ямар эрх зүйн харилцаа үүссэн гэхээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө яаж төлөх юм бэ гэхэд машинаа авсан юм чинь үлдэгдэл төлбөр дээрээ Иргэний хуулийн 236.1.3-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө зээлийн гэрээний үүргээр сольё гээд худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болоод шинээр зээлийн гэрээний үүрэг бий болж байгаа. Зээлийн гэрээний үүрэг нь зөвхөн хугацаандаа төлөх үүрэгтэй, ямар нэгэн хүү тооцоогүй энэ бол тохиролцсоны дагуу л хийгдсэн гэрээ. Харин үндсэн анз буюу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг аль аль нь тохиролцоод гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол төлөгдөөгүй байгаа үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Талууд сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн тулгасан асуудал байгаагүй, хүсэл зоригоо илэрхийлж, хэлцэл байгуулагдсан. Анхны хэлцэл хийгдэхдээ *******, *******, ******* нар бүгдээрээ байсан. Ингээд гэрээний эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны зарчмыг үндэслэж тохирсон машиныхаа үнийн үлдэгдлийг авах гэж байгаа. Авахдаа нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй бол алданги төлнө гэж заасан. Алданги авах гэж гэрээ байгуулаагүй, хугацаанд нь биелүүлэхийг шахаж хийдэг эрх зүйн хамгаалалт юм. Бид нар хангалттай буулт хийсэн, алдангийн 50 хувийг багасгая гэсэн саналыг хүлээж авахгүй байгаа учраас уг саналаасаа татгалзаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлийн гэрээний дагуу 154.000.000 төгрөг зээлсэн, үүний үлдэгдэл болон алданги 68.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Би төлөөлөгчөөр орсноос хойш хэргийн материалаас данс шүүгээд үзэхээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа 26.000.000 төгрөг дээр бол таарч байгаа. Миний үйлчлүүлэгч *******ын маргаад байгаа зүйл нь анхнаасаа алданги тохироогүй, жил явахгүй байсан машиныг 297.000.000 төгрөг буюу ханасан үнээр худалдаж аваад үлдсэн мөнгөө хурдан хугацаанд төлнө гэж тохирсон. Машинаа явуулдаг компанийх нь явуулдаг машины тоо багассан учраас машинаа ачаанд явуулах нь багасаад мөнгөө өгч чадахгүй байдалд хүрсэн. Өөрсдөө ашиглаж чадахгүй байсан машиныг нь энд тэндээс зээл аваад өндөр үнээр авчихсан чинь нөгөө машин нь явахаа байгаад алдагдалд орсон учраас төлөх боломжгүй болоод хугацаа өг гэдэг байдлаар хэлж байна. Гэтэл одоо 20.000.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэсэн. Тухайн үед надад алданги тооцно гэж хэлээгүй байж одоо алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлснийг дамжуулж хэлж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан юм уу, энэ гэрээ хүчин төгөлдөр юм уу гэдэгт тайлбар хэлье. Зээлдүүлэгч дээрх гэрээний дагуу 154.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн болохыг нотлох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар машин шилжүүлсэн учраас мөнгө өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээний заалтаас харахад гэрээний эхэнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 болон 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг удирдлага болгон энэ зээлийн гэрээг байгуулж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байгаа. Мөн зээлийн гэрээний заалтаас харахаар гэрээний зүйлийг мөнгө гэж тохироод, зээлийн гэрээний 2-т зээлийн хэмжээ 154.000.000 төгрөг гээд гэрээний 3.3-т зээл олгох хэлбэрээ бэлнээр 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгчид хүлээлгэж өгнө гээд зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнээс харахаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэл болсон мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгөв гэж байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал гэрээний 2.1-т худалдан авсан машиныхаа дутуу төлсөн үнийг зээлийн гэрээтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Яг энэ заалтаар зээлийн гэрээний зүйл болох мөнгө шилжээгүй гэдэг нь харагдаж байна. Худалдах худалдан авах гэрээгээр эд хөрөнгө бол шилжсэн байна. Зээлийн гэрээ хүчинтэй байх гол үндэслэл нь зээлдэгчид мөнгө болон бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохирсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгодог. Машин шилжсэн бол машины үнэ гэх байдлаар зохицуулагдах ёстой байсан. Иргэний хуулийн 281.1-т мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэх гэж байгаа. Үүнийг Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тодорхой заасан байгаа. Энэ нь зээлдэгч зээлээ бодитой олгоогүй байж хүү төлөхөөс сэргийлсэн заалтууд байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч 154.000.000 төгрөгийг шилжүүлээгүй мөртлөө алданги нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээний 6.2-т зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцож талууд гэрээний үүргээ бодитоор биелүүлсэн тохиолдолд дуусгавар болно гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Ингэхээр худалдах худалдан авах гэрээний гэдэг ч юм уу бусад гэрээний үүргийг сольсон гээд байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн зээлийн гэрээний талууд амаар байгуулагдсан гэрээгээ бичгийн хэлбэрт оруулах, өмнө байсан зээлийн гэрээнийхээ тооцоонд үндэслэж шинэ зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээгээ дахин баталгаажуулах тохиолдолд зээлийн нэмэлт гэрээ байгуулсан тохиолдлууд байгаа. Дээрх тохиолдолд машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. 2 дугаарт нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу заавал мөнгө шилжүүлсэн байхыг шаардахгүй, үүрэг сольсон гэж маргаж байгаа учраас дараагийн тайлбараа гаргая. Нэхэмжлэгч тал 231 дүгээр зүйлийн 231.1.3-т зааснаар талууд үүрэг гүйцэтгэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд өмнө байсан үүргээ солилцоод шинэ үүрэг үүсгэсэн гэж яриад байдаг. Манай тайлбар дээр ч ******* ч хэлж байсан. Энэ машин худалдан авах тохироог ******* гэж хүн огт хийгээгүй, ******* гэж хүн өөрөө над руу яриад наймаа хийсэн. Тийм учраас ******* гэдэг хүн 2 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө баталгаажуулахын тулд гэрээ хийх шаардлагатай байна гэсэн учраас баталгаа гэж бодоод гарын үсэг зурж өгсөн, түүнээс 154.000.000 төгрөгийг хүлээж авсан зүйл байхгүй гэж хэлсэн. Бодит байдал дээр *******тай энэ тохироог хийсэн. Гэтэл талууд өмнө байсан үүргээ шинэ үүргээр сольсон ойлголт байгаа. Анх машин авсан тохиролцоо нь *******тай хийгдсэн байдаг. Гэтэл эхнэртэй нь хийсэн энэ гэрээний үүргийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ бол үүрэг солилцсон асуудал огт байхгүй. Талууд гэж гэрээний хоёр талд оролцсон хүмүүсийг хэлдэг болохоос биш хэн дуртай нь гэрээг өөрчлөөд байгуулаад байх асуудал байхгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар ч гэсэн машин хилээр ******* ХХК-ийн нэр дээр орж ирж байгаа болохоос биш хэн аваад яваад байгаа баримтаа гаргаж өгөхөөр ******* гэж хүн итгэмжлэл аваад яваад байгаа баримтууд мөн авагдсан байна. Дээрх үндэслэлээр энэ машин *******ын машин, *******тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан, *******тай машин өгч авах огт тохироо хийгээгүй шүү гэдэг тайлбар гаргаж байна. 3 дугаарт сая гэрч ч гэсэн хүүний талаар ярьж байна. Энэ хоёр машинаа оруулж ирээд 1 жилийн хугацаанд ашиглаж чадахгүй байхад нь 297.000.000 төгрөг буюу тулсан үнээр би авсан, тулсан үнээр авсан учраас хүү тохироогүй. Сүүлд тээвэр зогссон гэдгийг бүгд мэдэж байгаа. Урд ажилладаг бүх хүмүүсийн банкны өр зээл машин тэргээ хураалгахад тулчихаад байж байхад мөнгөө нэхээд байсан, би ямартай ч боломжтой хэмжээгээр өгсөөр байгаад 26.000.000 төгрөг үлдсэн үүнийгээ өгнө. Ганц гомдоод байгаа зүйл нь миний тээвэр зогссон гэдгийг мэдсээр байж нэмж алданги гэж нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Түүнээс биш энэ нэхэмжлэл гараад шийдэгдээд явж байх хугацаанд 26.000.000 төгрөгөө төлчих байсан гэж сая надтай ярьсан. Дүгнээд хэлэхэд гэрээ байгуулахад талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Гэрчийн болон бусад хүмүүсийн тайлбарыг сонсоход яг энэ худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нэхэмжлэгч бол машинаа зарах сонирхол байсан байна, хариуцагч машиныг худалдаж авах сонирхол байсан гэхдээ машины мөнгийг өгөөд үлдэгдэл мөнгийг бага багаар өгөх тохироо байсан. Энэ тохироог нөхөртэй нь хийсэн байхад эхнэр нь нэхэмжлэл гаргаад яваад байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул алданги 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2023/01528 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг баримтлан хариуцагч овогт ******* /*******/-оос 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******оос 22.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 387.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2724 дүгээр зээлийн гэрээг үнэлсэн талаар: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө болон бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгодог. Харин зээлдэгчийн үндсэн үүрэг нь мөнгө эсхүл эд хөрөнгийг буюу анх шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн, ижил хэмжээний ба чанарын хөрөнгийг буцааж олгоход оршдог. Өөрөөр хэлбэл мөнгө зээлдүүлсэн бол тодорхой хугацааны дараа мөнгийг буцааж өгөх, хэрэв төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлсэн бол уг эд хөрөнгөтэй ижил тoo чанартай эд хөрөнгийг буцааж өгөх үүрэг үүсч байгаа бол зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний заалтаас харахад гэрээний 1.1-д Иргэний хуулийн 281.1 дэх хэсгийг үндэслэн, 2.1.-д гэрээний зүйл мөнгө төгрөг, 3.1.-д зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийн хүлээн авсан үеэс тоологдоно. 3.2.-д зээлийн хэмжээ нь 154 сая төгрөг, 3.3.-д зээл олгох хэлбэр хугацаа нь бэлнээр 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө. 6.1.-д Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитоогоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гзж зааж 154 сая төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээний 2.1.-д Зээлдэгч нь худалдаж авсан машины үнийн дутуу төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргээр сольж, энэхүү гэрээг байгуулсан болно гэж заажээ. Энэ заалтаар зээлийн гэрээний зүйл болох мөнгө, эд зүйлийг шилжүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Хариуцагчийн зүгээс машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, машин хүлээж авсан, харин *******гаас 154 сая төгрөг зээлээгүй, машин худалдах худалдан авах гэрээний үнэ 26.000.000 төгрөг дутуу байгаа гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт ...мөнгө, буюу эд хөрөнгийг шилжүүлэх... гэж тодорхой заасан, үүнийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тодорхой зохицуулсан. Энэ заалт нь зээлдүүлэгч зээлээ бодитоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүүг төлөхийг шаардахаас сэргийлсэн зохицуулат юм. Өөрөөр хэлбэл мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан гэж тооцох бөгөөд хэрэв ззэлдэгчид мөнгө шилжүүлсэн бол хүлээн авсан этгээд тохирсон хугацаанд тухайн үнийн дүн бүхий мөнгийг хүүтэй, эсхүл хүүгүйгээр буцаан төлөх, төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд зүйл шилжүүлсэн тохиолдолд тохирсон хугацааны дараа ижил хэмжээний тухайн төрлийн эд юмсыг буцааж өгөх үүргийг хүлээдэг. Харин зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулж байгаа бол талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг бүхэлд нь үгүйсгэхгүй, өөрөөр хэлбэл өмнө зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байдаг. Энэ тохиолдолд зээлийн гэрээний өмнөх үүргийг шинээр байгуулсан гэрээнд шилжүүлж болно. Учир нь өмнө зээлийн гэрээ байгуулагдаж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлээд өгчихсөн буюу гэрээний харилцаа үүссэн байдаг. Гэтэл дээрх зээлийн гэрээгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсээгүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Машин хүлээж авсан талаар хариуцагч маргаагүй, гэхдээ уг машиныг худалдаж авсан, зээл буюу зээлийн гэрээний зүйл байдлаар аваагүй гэдгийг шүүхэд тайлбарласан. Гэрээний үүргийг солилцон гэх дүнэлтийн талаар: а. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3. дахь хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон 236.2 дахь хэсэгт Энэ хуулийн 236.1.3.-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заажээ. *******ын хувьд машиныг 297 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд а.нх худалдаж авахдаа 143 сая төгрөгийг Г.*******ын хэлснээр түүний эхнэрийн дансанд шилжүүлсэн. Машины үнийн үлдэгдэл 154 сая төгрөгөөс тээврийн хөлс орж ирэх бүрт үлдэгдэл төлбөрийг эхнэрийнх нь данс болон Г.*******ын өөрийнх нт данс руу шилжүүлж байсан талаар гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг биш, машины үнийн үлдэгдлийг шилжүүлж, одоо 26 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн гэж тайлбарладаг. Шүүх хуралдаан нэхэмжлэгч ******* нь ******* нь машины үнийн үлдэглдийг өгөхгүй удааж байгаа талаар тайлбар гаргасан. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс *******гаас *******ын шилжүүлээд байгаа мөнгийг та машины үнийн үлдэгдэл гэж хүлээж авч байна уу? эсхүл зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж хүлээн авч байгаа юу? гэж асуухад нэхэмжпэгч ******* *******ын шилжүүлсэн мөнгийг зарсан машины үлдэгдэл төлбөрөө төлж байна гэж хүлээж авч байгаа гэж хариулсан. Хэрэгт авагдсан *******ын мөнгө шилжүүлсэн баримтууд болон зохигчдын тайлбараар өмнөх үүрэг буюу машин худалдах худалдах авах гэрээний үүрэг дуусгавар болоогүй, үүргээ бодитоор солилцож, зээлийн гэрээний дагуу шинэ үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх үүрэг солилцсон байна, зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. б.Нэхэмжпэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солилцсон гэж тайлбарлаж байгаа боловч, ******* болон ******* нарын хооронд үүрэг үүсээгүй. ******* нь уг машиныг худалдах худалдан авах тохиролцоог Г.*******тай ярьж, тохиролцсон гэж тайлбарладаг. ******* гэж хүнтэй огт уулзаж байгаагүй, харин машиныг авсны дараа Г.*******ын эхнэр нь байна, машины үлдэгдэл төлбөр төлөх баталгаа хэрэгтэй байна гэж утсаар холбогдож, зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан гэж тайлбарладаг. Хариуцагчийн уг тайлбарыг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Г.******* нь би өөрөө *******той уулзсан, машин худалдах худалдан авах тохиролцоог би *******той ярилцаж тохирлцсон гэж мэдүүлэг өгч баталгаажуулсан. Мөн хэрэгт баримтаар авагдсан машины эзэмшигчдийн мэдээлэлд ******* гэж эзэмшигчийн нэр байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар уг машиныг Г.******* нь ******* ХХК-ийн нэрээр Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн гэдэг нь нотлогддог. Уг машин нь Г.*******ын өмчлөлийн машин гэдэг нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгг авагдсан баримтаар тогтоогдсон. Машин хадалдах худалдан авах гэрээг Г.*******, ******* нар байгуулсан. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээний үүрэг Г.*******, ******* нарын хооронд үүссэн. Тэгэхээр Г.******* ******* нарын хооронд байгуулагдсан машин худалдах худалдан авах гэрээний үүргийг өөр этгээд болох ******* сольж, үүрэг солилцож гэрээ байгуулах үндэслэлгүй юм. Үүрэг солилцоно гэдэг нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар өмнөх үүргийг шинээр үүсэх ямар үүргээр солилцож байгаа тухайгаа харилцан зөвшөөрч энэ тухайгаа гэрээндээ тодорхой тусгаж, өмнөх үүрэг дуусгавар болж, өмнөх үүрэг шинээр үүсэх үүргээр солигдохыг ойлгоно. Гэтэл машин худалдах худалдан авах өмнөх гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч биш этгээд уг үүргийг өөр гэрээний үүргээр сольж, гэрээний үүргээ солилцсон талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс машины үнийн үлдэгдлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 26.000.000 төгрөгөөр хангаж, алданги 20.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 68.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6., 236 дугаар зүйлийн 236.1.3.-т заасныг баримтлан хариуцагч овогт ******* /*******/-оос 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******оос 22.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Зохигчдын хооронд 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын дугаартай 2022 онд үйлдвэрлэгдсэн маркийн автомашиныг 297.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч ******* нэхэмжлэгч *******д 143.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 154.00.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Зохигчдын хооронд 2023 оны 08 дугаар сарын 26 ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 01 ний өдөр дууссан ба уг гэрээний дагуу төлөх төлбөрөөс хариуцагч ******* 7.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 15.000.000 төгрөг нийт 22.000.000 төгрөг төлжээ.

Шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 22.000.000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж алданги 20.000.000 төгрөг гаргасныг давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар хариуцагч *******оос алданги 10.000.000 төгрөг, хариуцагч *******оос зээлийн гэрээний төлбөр 26.000.000 төгрөг нийт 36.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/01528 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг баримтлан хариуцагч овогт ******* /*******/-оос 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч *******оос 36.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 10.000.000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 387.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 337.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР