Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 84

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.С-т холбогдох эрүүгийн 18210046 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 18 нас 7 сар 18 хоногтой, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нийгмийн ажилтны 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл гэх, ЖЗ03 регистрийн дугаартай, Б овогт Г С.

 

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг 10 дугаар байрны 58 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон “тетрагидроканнабинол” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр ганцаараа Хэрлэн сумын 9 дүгээр баг 10-58 тоотод байх гэртээ сорж байсан. ... гэрт хүнгүй байсан ... гэрт байсан өвсийг зааврынх нь дагуу хэрэглэж үзье гэж бодсон. Би олсны ургамал каннабисыг Хэрлэн сумын 9 дүгээр баг 10-58 тоотод байх гэртээ том өрөөндөө шкаф болон бамбарууш дотор хадгалж байсан. Надад өвс байсан талаар Гэрлээ, Билгүүн 2 мэдэж байсан. Учир нь Гэрлээгээс өвс авахад Билгүүн цуг очиж авч байсан. ...  надад ямар нэгэн зарах болон өөрөө хэрэглэх санаа зорилго байгаагүй. ... 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хаалга тогшоод  цагдаа ороод ирэхээр нь гэр доторхыг шалгаж магадгүй гэж айгаад бамбаруушнаасаа ууттай өвсийг авч цонхоор гадагш шидсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

-“CORE TESTS MULTI DRUG SCREEN TEST CUP” тестэрээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/ Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн санал, дээж авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 тоот дүгнэлтийн хэсэгт: “1: Шинжилгээнд ирүүлсэн “ЖЗ0028 2018.11.12” гэж хаягласан Г.Сын гэх шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот дүгнэлтийн хэсэгт: “1: Шинжилгээнд “Цэнхэр өнгийн ууттай ургамлаас авсан 1,0 гр А1 дугаараар тэмдэглэж авсан”, Цагаан өнгийн ууттай ургамлаас авсан 1,0 гр авч А2 дугаараар тэмдэглэв” гэж хаягласан цаасан ууттай 2ш ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Шинжилгээнд Тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас В76В893110 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт, “Sprite” гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар сав зэрэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 42/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, “CORE TESTS MULTI DRUG SCREEN TEST CUP” тестэрээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 10 дугаар байрны 58 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон “тетрагидроканнабинол” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Гэрэл-Эрдэнэ цүнхнээсээ нэг ууттай зүйл гаргаж ирээд Билгүүний гарт нь өгсөн бөгөөд тэр ууттай зүйлийг би гаднаас нь хараад хар тамхины ургамал байна гэж мэдсэн. ... би гэртээ ороод тэр ууттай зүйлийг шкафандаа хийсэн бөгөөд түүнээс хойш Билгүүнтэй уулзаагүй. ...Би нэг удаа л сав цоолж татаж үзсэн. ...Тэр ууттай зүйлийг гэртээ нууснаа ч өөрөө мартсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, “CORE TESTS MULTI DRUG SCREEN TEST CUP” тестэрээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 тоот дүгнэлт /хх-ийн 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот дүгнэлт /хх-ийн 43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот дүгнэлт /хх-ийн 42/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.С нь  Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд хорих ял  оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан байх ба улсын яллагдагч шүүх хуралдаанд шүүгдэгч урьд нь хорих ялаар шийтгүүлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байх боловч түүний энэ гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан хугацаа нь  дуусан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохино. 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж хатааж нунтагласан 11.7 грамм ургамал, өнгөгүй тунгалаг гялгар уутанд хийж хатааж нунтагласан ногоон туяатай 42.7 грамм ургамал, таггүй 0.5 граммын Sprite гэсэн хаяг шошготой хуванцар сав, хуйлж ороосон 1 юань мөнгөн дэвсгэрт, өнгөгүй тунгалаг цаас зэргийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЗ00281783 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б овогт Г С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Ст  хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.С-т анхааруулсугай.

 6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж хатааж нунтагласан 11.7 грамм ургамал, өнгөгүй тунгалаг гялгар уутанд хийж хатааж нунтагласан ногоон туяатай 42.7 гр ургамал, таггүй 0.5 граммын Sprite гэсэн хаяг шошготой хуванцар сав, хуйлж ороосон 1 юань мөнгөн дэвсгэрт, өнгөгүй тунгалаг цаас зэргийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЗ1783 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР