| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/00929/И |
| Дугаар | 210/МА2025/00277 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00277
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
676,003,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
***** ХХК нь Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд гэрээний үндсэн дээр олборлолтын үйл ажиллагааг өөрийн техникээр гүйцэтгэдэг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Доосан-800 маркийн ***** ***** улсын дугаартай, экскаватор нь *****хайн 2,065 түвшинд хөрс хуулалтын ажил хийж байх явцдаа гэнэтийн хөрсний хураалтад дарагдаж их хэмжээний хохирол учирсан.
Манай компани 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ***** ХХК-тай гэрээ байгуулж дээрх экскаватор болон бусад техникүүдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулж, даатгалын хураамжаа зохих хугацаанд нь бүрэн төлсөн.
Гэрээнд заасан мөргөлдөх, мөргүүлэх, гэнэтийн физик үйлчлэлд өртсөн даатгалын тохиолдол бий болсон тул өөрөө хариуцах хэсэг 10% болох 50,000,350 төгрөгийг хасч даатгалын нөхөн төлбөр 450,003,150 төгрөг, хохирлын үнэлгээний хөлсний зардал 1,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 676,003,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээний хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр осол болсон. Холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд ослын мэдээллүүдийг өөрчилсөн байсан тул даатгуулагчийг хууамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас даатгалын гэрээний 2.1.11-т зааснаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан заалтаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн.
Даатгалын гэрээний 4.1-т зааснаар хөндлөнгийн эксперт зөвлөх инженер *****, ***** нараар дүгнэлт гаргуулахад ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийг зөрчсөн тохиолдлууд гарсан болох нь тогтоогдсон.
Ийм учраас гэрээний 2.1.3, Даатгалын тухай хуулийн 8.5.1-т зааснаар даатгуулагч өөрөө даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийг даатгагч эдэлнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ***** ХХК-ийн хариуцагч ***** ХХК-иас нийт 676,003,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн х*****аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ***** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,537,965.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *****, ***** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн талаар улсын байцаагчийн дүгнэлт гараагүй.
Уурхайд саравч үүссэн эсэх нь нарийн мэргэжлийн физик, хими, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээр тогтоогдох бөгөөд шүүх өөрөө тогтоох, үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн шинжээч дүгнэх боломжтой.
Мөн нэхэмжлэгч талаас газар хөдлөлтийн баримтыг гаргаж өгсөн байхад, газар хөдлөлтийн магнитуд бага байх тул газар хөдлөлтийн улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Шүүгч яг ямар мэдлэг, нарийн мэргэжилтэй болоод энэ талаарх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.
Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн үндэслэл болох ослын акт болон бусад баримтуудыг үнэлээгүй, хариуцагчийн татгалзал буюу ил уурхайн дүрмийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэсэн аливаа баримт байхгүй атал саравч үүссэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Даатгуулагчийн буруутай үйл ажиллагаа буюу саравч үүссэн нөхцөлд экскаваторыг ажиллуулж, үүний улмаас даатгалын тохиолдол үүссэн болох нь баримтаар тогтоогдсон. Мөн газар хөдлөлтөөс болж даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх баримтгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн үндэслэлээр нөхөн төлбөр 450,003,150 төгрөг, үнэлгээний хөлсний зардал 1,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 676,003,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ***** ХХК нь даатгуулагч худал мэдээлсэн, даатгалын тохиолдол бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь Доосан-800 маркийн ***** ***** улсын дугаартай, экскаваторыг даатгаж, нэхэмжлэгч нь даатгалын х*****аамжийг төлжээ.
Энэхүү гэрээ нь даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөх, үүний хариу төлбөрт даатгалын х*****аамжийг *****ьдчилж төлөх шинжээрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Даатгалын зүйл болох экскаватор нь ***** ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч нэхэмжлэгч уг экскаваторыг Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар ***** ХК-д ашигтай байдлаар даатгуулсан, мөн өмчлөгчөөс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан тул даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.
3.1. Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цаг 00 минутын орчим осол гарч, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа ***** ***** улсын дугаартай Доосан-800 маркийн экскаваторын баруун тал чулуунд дарагдсан байна.
Уг осол нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *****, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм-ийн 26, 48 дахь хэсэгт заасан саравч үүссэн үед ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм буюу саравчийг унагаж аюулгүй болгосны дараа ажиллах хэм хэмжээг нэхэмжлэгч зөрчсөнөөс үүдэн гарсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтын хуваарилалтад нийцжээ.
3.2. Учир нь осол гарах үед тухайн механизмыг жолоодож байсан жолооч *****ээс ажил олгогчид 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу осол гарсан даруйд өгсөн ... ханандаа саравчилсан байсан, саравчын унагах гээд *****ь засаад татаад дийлээгүй, дийлдэхгүй болохоор нь орхиод *****агшаа ахиж ачихаар ачилт хийж ... гэх тайлбар, түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгааны тайлан-д осол дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь ухаж ачих процессын үед экскаватор хананаас тодорхой заагдсан аюулгүй зайд ажиллах, ил уурхайн аюулгүй ажиллагааны дагуу хана мөргөцөгт ажиллах, тэслэгдсэн талбайгаас ачилт хийхдээ эрсдэлийг бууруулах гэж дүгнэсэн зэргээр ажлын талбайд саравч үүссэн байхад нэхэмжлэгч байгууллага үйл ажиллагаа явуулсан, үүссэн нөхцөл байдалд тохируулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийг арилгах арга хэмжээг аваагүйгээс дээрх осол гарчээ.
Энэ нөхцөл байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоох ёстой байхад шүүх шууд тогтоож дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.
Хариуцагч мэтгэлцээний байр сууриа *******ийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгааны тайлан-д үндэслэн илэрхийлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу эдгээр баримтаар тогтоогдож буй үйл баримтыг няцаах үүргийг нэхэмжлэгч хүлээнэ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах, өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй учир анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар санаачлагаараа нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
Мөн Хөшөөтийн уурхайд болсон дээрх осолд Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөн эсэх талаар улсын байцаагч дүгнэлт гаргаагүй нь шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт өгөхөд саад болохгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй болжээ.
3.3. Түүнчлэн осолд өртсөн Доосан-800 маркийн экскаваторын шанага нь эргэлтийн хувьд **********тай тул саравч үүсгэх боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, үүнийг нотлохоор *****, ***** нараас гэрчийн мэдүүлэг авхуулсан.
Харин хариуцагчийн хүсэлтээр асуулгасан гэрч ***** дээрх гэрчүүдийн эсрэг буюу аль ч төрлийн эргэлттэй ***** бүхий экскаватор саравч үүсгэнэ гэж мэдүүлсэн.
Ийнхүү талуудын хүсэлтээр асуусан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа тохиолдолд гэрчийн мэдүүлэг бичгийн нотлох баримтаар нотлогдох ёстой.
Нотлох баримтын хуваарилалтаар хариуцагчийн байр суурийг үгүйсгэх үүрэг нэхэмжлэгчид ногдох тул нэхэмжлэгчийг тухайн Доосан-800 маркийн экскаваторыг ил *****хайн ажилд ашиглахад саравч үүсэхгүй гэх тайлбараа нотлоогүй гэж дүгнэнэ. Мөн өмнө *****дсанчлан хэргийн баримтаар саравч үүссэн нөхцөлд нэхэмжлэгч тал ил уурхайн хөрс хуулалтын ажил явуулсан болох нь тогтоогдсон.
3.4. Хэрэгт нэхэмжлэгчээс Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 402 тоот ... 2023 оны 02 дугаар сарын 08-09-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлалтай Хөшөөтийн *****хай орчимд буюу тус *****хайгаас 50 километрийн радиус бүхий нутаг дэвсгэрт 4 удаагийн сул буюу 0.7-1.5 магнитудын газар хөдлөлт болсон ... гэх албан бичгийг баримтаар гаргаж өгсөн.
Уг баримтад Хөшөөтийн *****хайгаас 50 километрийн радиус бүхий нутаг дэвсгэрт сул газар хөдлөлт болсон тухай *****дсан нь Доосан-800 маркийн экскаватор чулуунд дарагдсан үйл баримттай шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтэд даатгуулагч нь энэ талаар дурдаагүй байдаг.
4. Иймд даатгуулагчийн үйл ажиллагааны улмаас ил уурхайд осол гарсан нь даатгалын гэрээнд заасан мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, гэнэтийн физик үйлчлэлд өртөх эрсдэлд хамаарахгүй тул даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т нийцжээ.
Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн гаргасан 676,003,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 гэснийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,537,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ