Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2017/0008/З |
Дугаар | 10 |
Огноо | 2017-05-10 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 10
2017 оны 05 сарын 10 өдөр Дугаар Төв аймаг
123/ШШ2017/0010
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн Засаг даргад холбогдуулан иргэн Г.Эрдэнэцогтоос гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн иргэн Г.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХААН банкны Төв аймаг дах салбар нь 2014.12.03-ны өдрийн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын А/593 дугаартай захирамжаар Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг Нефтийн задгайд 2000 м.кв газрыг банкны оффисын барилга барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Засаг дарга Д.Баярбатын 2016.06.09-ний өдрийн А/315 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар өмнөх А/593 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байсан газрын 1000 м.кв-ыг нь офиссын барилга барих, 1000 м.кв-ыг нь банкны ажилчидын орон сууц барих зориулалтаар эзэмшихээр болж газрыг хоёр хуваан гэрчилгээг Банк болон Төв салбарын бизнес хөгжил хариуцсан менежер Г.Эрдэнэцогт миний нэр дээр болгосон. Гэтэл Засаг дарга Ж.Батжаргалын 2017.02.20-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар нэр бүхий этгээдүүдэд газар эзэмшүүлсэн өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгосоны дотор иргэн Г.Эрдэнэцогт надад газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн А/315 дугаартай захирамжийг оруулсан нь үндэслэлгүй байна. Надад газар эзэмших эрх олгосон А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсгийг гол үндэслэлээ болгосон нь алдаатай болсон байна. Учир нь банк анх газар эзэмших эрхийг 2014.12.03-ны өдрийн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын А/593 дугаартай захирамжаар олж авсан бөгөөд энэ өдрөөс хойш 1 жил 6 сарын дараа буюу 2016.06.09-ний өдрийн А/315 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар өмнөх А/593 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байсан газрыг хэсэгчилэн зориулалтыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл 2016.06.09-ний өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа шинээр тоологдож эхлэх ёстой. Гэтэл энэ хугацаа 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байхад 1 жил 3 сарын өмнө нь дээрх хуулийн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй болно.
А/110 дугаартай захирамжийн хавсралтад “ ...төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаагаар олгогдоогүй...” гэж дурьдсан бөгөөд Газрын тухай хуулийн 40-р зүйлд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох 6 үндэслэлийг дурьдсан бөгөөд хавсралтад дурьдсан шалтгаан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг буюу газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. А/110 дугаартай захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1 дэх зүйл хэсгийг баримтлан Сонсох ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл гаргах гэж байгаа шийдвэрийн талаар манай банкинд мэдэгдэн биечлэн уулзах, санал солилцох, тайлбар баримт гаргуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийх нь нийтийн ашиг сонирхолд огтхон ч нөлөөлөхгүй юм. А/110 дугаартай захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48.2, 48.2.2 дахь зүйл хэсгийг үндэслэлгүйгээр баримталсан байна. Иргэн надад газар эзэмших эрх олгосон А/315 дугаартай захирамжийг хууль бус гэдгийг хэн нэгэн эрх бүхий этгээд тогтоогоогүй, надад газар эзэмшүүлснээр хэн нэгний эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хохирол учруулсан нөхцөл байдал үүсээгүй. Иймд иргэн Г.Эрдэнэцогт миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн холбогдох хэсэг нь өөрөө дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчсөнөөс МУ-ын иргэн миний эрх, хууль ёсны ашгыг хохироосон шийдвэр гарсан байх тул уг захирамжийн иргэн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү гэжээ.
Харин нэхэмжлэгч Г.Эрдэнэцогт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: иргэн Г.Эрдэнцогт /РД:ИП86112970/ миний бие 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамжийн Г.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талтай харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэл шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэцогт нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн иргэн Г.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 61.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 62.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Эрдэнэцогт Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийг үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР