Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 006

 

 

М.Ерасылд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой, М.Ерасылд холбогдох эрүүгийн 201604000206 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, прокурор Б.Ботакөз, шүүгдэгч М.Ерасыл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх,  дүү нарын хамт Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /регистрийн дугаар БЖ91102015/ Ители овогт Манарбекийн Ерасыл нь  2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Амантайн гэрт очиж, тэнд хөдөөнөөс ирж сургуульд сурч, түр амьдарч байгаа насанд хүрээгүй буюу 14 настай хүүхэд А.Аймерейг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор “1. Шүүгдэгч Ители овогт Манарбекийн Ерасылыг хүч хэрэглэн насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ерасылыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ерасылд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ерасылын шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “Миний бие Манарбек овогтой Ерасыл 2016 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр Өлгий сумын 3 дугаар  багт байрлах ах Амантайн гэрт очиж, тэнд хөдөөнөөс ирж сургуульд сурч, түр амьдарч байгаа худын насанд хүрээгүй А.Аймерей гэгч хүүхдийг хүч хэргэлэн хүчиндэхийг завдсан хэргийг үйлдсэн. Би энэ хэргээ үнэн зөвөөр нь хүлээн мэдүүлж, буруугаа ойлгон гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авч хэлэлцээд надад 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр ял оноосонд нь би туйлын их гомдолтой байна.Шүүх миний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг бараг үл харгалзлаа гэж үзэж байна.

Иймд миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдэхээр завдсан, хохирлыг нөхөн төлсөн, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг минь хөнгөрүүлж чанга дэглэмийг жирийн дэглэм болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

М.Ерасылыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Амантайн гэрт насанд хүрээгүй  буюу 14 настай охин А.Аймерейг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцжээ. М.Ерасылын үйлдсэн гэмт хэрэг нь: 

-Насанд хүрээгүй хохирогч А.Аймерейн “...Ерасыл дахиад миний араас хүрч ирээд миний тэвэрч байсан хүүхдийг гарнаас минь аваад эгчийн унтдаг өрөөнд байгаа буйдангийн дээр нь суулгаж намайг дахиж чирээд эгчийн өрөөнд оруулж ирээд төмөр оронд хэвтүүлэн эхлээд өөрийнхөө өмсөж байсан өмдийг тайлаад дараа нь миний өмсөж байсан өмд дотоожийг тайлаад миний хоёр гарыг шууны хэсгээс өөрийнхөө гараар дарж, миний дээр гараад надтай бэлгийн харьцаанд орох гэж байтал гаднаас миний бэр эгч Еркегүл орж ирээд миний дээр хэвтэж байсан Ерасылыг татаж босгож авсан. ...Тухайн үед Ерасыл нь өөрийнхөө эрхтнийг миний эрхтэн рүү оруулаагүй ба оруулах гэж байтал миний эгч гаднаас орж ирсэн.” гэх мэдүүлэг,

-Гэрч У.Еркегүлийн “...Тэр байшинд гаднаас ороод ирсэн хүнд унтлагын өрөөний хаалга нь байхгүй нэвт онгорхой байсан ба тэр хоёр шууд харагдаж, Аймерей доор нь гар нь хөдөлсөн, чи болиоч гэж байсан, тэгээд би салгаж авсан юм. А.Аймерей М.Ерасылыг хоёр гараар цээжний тус газраас түлхэж байсан харагдсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Амантайн “...Еркегүл над руу өөрийнхөө утсаар залгаж танай хамаатан ахын хүүхэд Ерасыл таны базын охин А.Аймерейг хүч хэрэглэн хүчиндэх гэж байхад би гаднаас орж ирээд салгаж авлаа, салгаж авсны дараа Ерасыл гэрээс гараад зугтаад явчихлаа та түүнийг дагуулаад ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

- Гэрч Ү.Жаниларын “...Еркегүл над руу залгаж “би сая танай гэрт очиход унтлагын өрөөнд Ерасыл гэгч танай гэрт хөдөөнөөс ирсэн Аймерейг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орох гэж байтал би гаднаас ирээд салгаж авлаа гэрт хурдан ир” гэж дуудахаар нь би гэрт ирсэн” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг  ноцтой зөрчөөгүй байна.

 

М.Ерасылыг насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.Түүнчлэн М.Ерасылын гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, завдалт төгссөн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд ялтан М.Ерасылын “... ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Ерасылын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

                        ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА                                                                                                                                                                   Н.МӨНХЖАРГАЛ