Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01200

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00205 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2017/000011 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох,

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980552 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Түвшинбаяр, хариуцагчийн төлөөлөгч Г.Нэргүйбаатар,  нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тасралтгүй 17 жил Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газарт няраваар ажиллаж байсан юм. Би “Суварга-Эв” ХХК-ийн нярав Оюунаагийн “манай байгууллага барилгын засварын ажил хийж байгаа материал дутчихлаа. Та гуйгаад аваад өгөөч” гэж гуйсны дагуу “Цэнэ трейд” ХХК-иас барилгын материалыг өөрийн нэр дээр бичүүлж зээлээр авч өгсөн юм. Энэ талаар Оюунаа байгууллагын удирдлагадаа мэдэгдэнэ гэж надад хэлсэн. Гэтэл газрын дарга Нэргүйбаатар нь үл ялих зүйлээр шалтаглан намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 980 552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын эхээр “Цэнэ Трейд” ХХК-иас нярав Бүүвэйсүрэн нь 2015 онд байгууллагын нэр дээр 454 400 төгрөгийн бараа авсан бөгөөд 2016 оны жилийн эцсээр тооцоо хийхэд “өртэй байна, хохиролгүй болгож өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичгийг нярав Бүүвэйсүрэнд мэдэгдэж, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын нэр ашиглан дур мэдэн бараа авсан тул уг төлбөрийг 01 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуул гэсэн боловч төлөөгүй. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар ажлаас халсан.

Байгууллагын нярав бол эд хөрөнгө хариуцсан ажилтан учраас өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтан юм. Гэтэл Бүүвэйсүрэн нь уг үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ буруутай үйлдэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00205 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах тухай Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2017/000011 дүгээр магадлалаар Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтуудыг хүчингүй болгож дор дурдсан өөрчлөлтийг оруулж “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жамбал-Иш овогтой Бүүвэйсүрэнг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын няравын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай, 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 2 173 425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай, 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар нь Ж.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар бүр шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг дурдсугай, 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49 725 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай,” Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Г.Нэргүйбаатар нь Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн хариуцагч байгууллага болох тус аймгийн Биеийн тамир спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байгаа. Ж.Б-гийн гаргасан зөрчлийг 2017 оны 01 дүгээр сарын эхээр “Цэнэ Трейд” ХХК-иас мөнгө нэхэмжилсэн хүсэлт ирүүлэхэд нь мэдэж 01 дүгээр сарын 13-нд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд тушаал гарган ажлаас халсан. Үүнээс үзэхэд хариуцагч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүнтэй холбоотой гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан нягтлан бодогч Эрдэнэчимэгийн ярьсан зүйлийг үндэслэж огт өөр дүгнэлт хийсэн.

Баяраа гэдэг хүн Биеийн тамир спортын газрын даргаар урьд нь ажиллаж байхдаа дээрх зөрчлийг хэзээ мэдсэн, яагаад арга хэмжээ аваагүй нь одоо ач холбогдолгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, энэ хэрэг маргааны хариуцагч биш. Харин түүний оронд томилогдсон дарга Г.Нэргүйбаатар ажлаа хүлээж авснаасаа хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын эхээр зөрчлийг илрүүлсэн тул 01 дүгээр сарын 13-нд тушаал гарган өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудлыг буруутгах үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасныг уг хэрэг маргааны хариуцагч биш этгээдтэй холбож хариуцагчийг дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 226/МА2017/000011 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 156/ШШ2017/00205 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Биеийн тамир спортын газарт холбогдуулан уг газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б\05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Хариуцагч Биеийн тамир спортын газар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, ажлаас халах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б- нь “Суварга Эв” ХХК-ийн нярвын гуйлтаар 457 400 төгрөгийн бараа материалыг “Цэнэтрейд” ХХК-иас 2015 оны 08 дугаар сард авч өгсөн ба 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд энэ барааны үнэ төлөгдөөгүй байсан ба эд хөрөнгө хариуцагчийн хувьд гаргасан дээрх зөрчлийн талаар талууд маргаагүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан зохицуулалтыг үндэслэл болгон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б\05 дугаар тушаалаар Ж.Б-г нярвын ажлаас халжээ.

Анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, Ж.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан хугацааг өнгөрүүлсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан гэж үзэж, Ж.Б-гийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна. Мөн зүйлийн 40.1.5.-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг  зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах боломжтой ба мөн зүйлийн 131.2.-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

Нэхэмжлэгч Ж.Б-гийн зөрчлийн талаар “Цэнэтрейд” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаартай албан бичгээр хариуцагч Биеийн тамир спортын газарт мэдэгдэж, мөн өдөр компанийн захирал Ш.Ганбат тус газарт гомдол гаргасан байна. Мэдээллийн дагуу Биеийн тамир спортын газрын удирдах зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, Ж.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.

Дээрх хурал дээр Ж.Б- дээр 2015 оны тооллогоор өр гарсан, 2016 оны турш өрөө барагдуулахыг шаардаж байсан гэх Г.Эрдэнэчимэгийн тайлбар нь ажил олгогчийн зүгээс зөрчлийн талаар мэдсэн цаг хугацааг тодорхойлох баримт гэж үзэх учир дутагдалтай байна. Г.Эрдэнэчимэг ажил олгогчийн хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, газрын хуучин дарга Л.Баяраад мэдэгдсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ 2015 оны тооллогоор гарсан уг өрийн утга тодорхой бус байжээ. Өр хэрхэн үүссэн талаар Ж.Б- тухайн хурал дээр дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Иймд ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан нөхцөлийг зөрчөөгүй гэж үзэв.

Нөгөө талаар ажил олгогч нь ажилтныг халахдаа зөвхөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй, өөрөөр хэлбэл зөвхөн хөдөлмөрийн сахилгын зөрчилд арга хэмжээ аваагүй, харин эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж тушаалын үндэслэлд давхар заасан байна. Ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл нь нэг удаагийн зөрчлөөс гадна үргэлжилсэн үйл ажиллагаагаар тодорхойлогдох боломжтой тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлд хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.2.-т заасан зохицуулалт зайлшгүй хамаарна гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх байдлаар үндэслэл муутай болсон байх ба ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2017/000011 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 49.725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН