| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2024/04700/И |
| Дугаар | 210/МА2025/00270 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00270
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/05338 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 50,931,112.25 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*****, ***** нар нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг ***** хоногт 0.62 хувь байхаар тохиролцож 50,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***** дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, *****-9 тоот байршилтай, 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,809,687.88 төгрөг төлснөөс хойш зээлийг огт төлөөгүй ба удаа дараа сануулсан боловч үр дүн гараагүй.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 38,988,412.36 төгрөг, хүү 11,159,717.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 782,982.75 төгрөг, нийт 50,931,112.25 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Зээлийн хүүд 8,000,000 төгрөг буюу 60 хувийн илүү төлөлт хийсэн. Барьцаа хөрөнгийг хэтэрхий багаар үнэлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг 50 хувиар бууруулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-т зааснаар хариуцагч *****, ***** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 50,931,112.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-т зааснаар хариуцагч *****, ***** нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *****гийн өмчлөлийн ***** дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол бага тойруу гудамж ***** дугаар байр 9 тоот байршилтай 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 544,085.07 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *****, ***** нараас 544,085.07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй хэмжээ, үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг шүүх өөрийн санаачлагаар зохих хэмжээнд хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүх 0.62 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцсон нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн атлаа нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хангаж хууль хэрэглээний алдаа гаргасан.
Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хуульд заасан хувь хэмжээнд багтааж үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****, ***** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 38,988,412.36 төгрөг, хүү 11,159,717.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 782,982.75 төгрөг, нийт 50,931,112.25 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгөд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. ***** нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс 0.62 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэй, 18 сарын хугацаатайгаар *****, ***** нарт олгосон.
Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд *****гийн өмчлөлийн ***** дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, ***** дугаар байр 9 тоот байршилтай 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гурван өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
3.2. Зээлдэгч нар нь үндсэн зээлд 11,011,587 төгрөг, хүү 9,803,478 төгрөг, нийт 20,815,065 төгрөг төлсөн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийг зөрчиж төлөлт хийгээгүй.
Анхан шатны шүүх зээлдэгч нарын нийт төлсөн төлөлтийг 21,133,267 төгрөг гэж алдаатай тооцоолсныг дээрх байдлаар залруулж дүгнэв.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
4.1. Зээлдэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүргийн зөрчил үүсгэсэн тул зээлдүүлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт нийцжээ.
Мөн зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, нэхэмжилсэн тооцоололд маргаагүй учир анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэлд 38,988,412.36 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь олгосон зээлд хүү тооцох эрхтэй бөгөөд гэрээнд хүүгийн хувь хэмжээний талаар зохигч тохиролцсон тул 11,159,717.14 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хангасан нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч нар нь зээлийн хүүд 9,803,478 төгрөг төлсөн тул одоо нэхэмжилж буй хүүг төлөхгүй гэж маргасан байх боловч зээлийн гэрээний үлдэх хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгээс тэдгээрийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
4.3. Талуудын байгуулсан гэрээний 1.3-т нэмэгдүүлсэн хүү нь сард 0.62 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэх зохицуулалт, хувь хэмжээг зөрчөөгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч нь зээлийн хүүд 11,159,717.14 төгрөг шаардсан ба үүний 20 хувь нь 2,231,943 төгрөг болно. Харин нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү нь 782,982.75 төгрөг байх тул хуулийн дээрх нэмэгдүүлсэн хүүгийн дээд хувь хэмжээг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь ойлгомжгүй гэх агуулгатай дүгнэлт өгсөн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцээгүйг дээрх байдлаар залруулан дүгнэв.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд анх 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа болон 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тус тус нэмэгдүүлсэн хүү шаардаж байсан байх тул нэхэмжлэлийн шаардлагад нэмэгдүүлсэн хүүг дурдаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд шүүхээс нэмэгдүүлсэн хүү 782,982.75 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Зохигч нь *****гийн өмчлөлийн ***** дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, ***** дугаар байр, 9 тоот байршилтай 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гурван өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.
Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/05338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ