Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2016/00436

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын** дугаар багт оршин суух, Ж овогт Дий Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин болох 4507056 /дөрвөн сая таван зуун долоон мянган тавин зургаан/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Д 2004 оноос эхлэн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанд ээлжийн техникчээр одоо хүртэл /ээлжийн техникчээр/ ажиллаж байсан байсан юм. Би ажлаа зохих хэмжээгээр хийж байтал ажил олгогч 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болно. Би тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүүгээр сарын 17-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсанаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай магадлалаар намайг Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны Өлгий өртөөний ээлжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон болно. Хариуцагчийн төлөөлөгч П.Жийн 05 дугаартай магадлалд гаргасан гомдлыг үндэслэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХЯ2016/00268 дугаартай шүүх хуралдааны тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар намайг урдах ажилд эгүүлэн тогтоосон болно. Би ажил олгогчийн үндэслэлгүй гаргасан тушаалаас болж 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар дуустал 9 сарын хугацаанд ажилгүй болж цалингаар хохирсон юм. Би сард 500784 төгрөгийн цалинтай юм. Иймд Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны санхүүгээс миний ажилгүй байсан хугацааны 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар дуусталх 9 сарын цалин 4507056 төгрөгийг надад гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга П.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Тус албаны харьяа Өлгий өртөөний ээлжийн техникч нэхэмжлэгч Д.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад түүний ажилгүй байсан цалин болох 4507056 төгрөгийг УЦУОШАлбаны санхүүгээс төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин болох 4507056 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга П.Ж нь нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин 4507056 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь үндсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 4507056 /дөрвөн сая таван зуун долоон мянган тавин зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Дт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87063 төгрөгийн тал нь болох 43531 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 43531 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны санхүүгээс 43531 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ