Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/00115

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/04385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

*******ыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, 200,000,000 төгрөг гаргуулах, *******, ******* нарыг үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь миний хоёр хүүхдийн ээж талийгаач *******гээс өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар зөвхөн ганцаараа 100 хувийн өмчлөгч болж, бүртгүүлж ирснээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, 818 м.кв талбай бүхий сургалт үйлчилгээний зориулалтай, зоорьтой 5 давхар байрыг ганцаараа 6 жилийн хугацаанд байгууллага, хувь хүнд түрээсэлж хууль бусаар ашиг, орлого олж ирсэн. Энэ нь миний хоёр хүүхдийн хууль ёсны өмчөө эзэмших, захиран зарцуулах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Өнөөдөр тус объектод 20 гаруй байгууллага (компани) иргэн, аж ахуйн нэгж хариуцагч *******д түрээс төлж 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5 жил 6 сар боллоо.

Хүү *******ыг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 122 дугаар байр, хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгуулж, 5 жил 6 сарын хугацаанд олсон түрээсийн ашиг орлогоос миний охин *******д оногдох хувь хэмжээг тооцож 200,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын хувьд үл хөдлөх эд хөрөнгүүдийг талийгаач дүү ******* нь амьд байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *******, ******* бид хоёрт сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр бидэнд шилжин ирснээр 6 дахь жилийн нүүрийг үзэж байна. ******* нь өөрт хамааралгүй бусдын эд хөрөнгийг өөрийн гэр бүлийн хөрөнгө мэтээр андуурч удаа дараалан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00788 дугаар магадлалаар бидний маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлд дурдагдсан дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгөд *******ыг өмчлөгчөөр нэмж оруулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний дунд өвийн талаар ярих хуулийн үндэслэл байхгүй болно. Дүү маань амьд байхдаа хийсэн бэлэглэлийн гэрээг шүүхээс хууль ёсны шаардлага хангасан бэлэглэлийн гэрээнүүд байна гэж дүгнэсэн болно. *******гээс бэлэглэлийн гэрээгээр сайн дурын үндсэн дээр шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэг нь ******* би, нөгөө нь насанд хүрээгүй ******* байдаг. Нэхэмжилж буй үл хөдлөх эд хөрөнгийг миний төрсөн эх *******бий болгож, Онол булгант гэсэн нэрийг өгч байсан, уламжлагдан ирсэн үл хөдлөх эд хөрөнгийг ******* надад талийгаач дүү маань бэлэглэлийн гэрээ байгуулсан өдөртөө эгч наддаа хадаг барин ээжийнхээ хөрөнгийг ав гэж хэлээд шилжүүлсэн болно. ******* нь бидний хөрөнгийг зараад гадагшаа явж амьдрах, биднийг өөрийнхөө хөрөнгийг авсан гэж ярьдаг. *******гээс *******д ямар ч эрх олгоогүй. Мөн өмнө нь түрээсийн төлбөр гэж нэхэмжлэл гаргаад татан авсан. Би ямар ч ашигтай ажиллаагүй учраас ашиг *******д өгөх боломжгүй би хоёр хүүхдийг өөр дээр авч амьдрах боломжтой болно. *******ын увайгүй шуналаас болж миний хоёр дүү амьдралаасаа тасарч хүнд байдалд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 106 дугаар зүйлийн 106.2, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох *******ыг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 122 дугаар байр, хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж, түрээсийн орлогоос 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,438,750 төгрөгөөс 1,368,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 6 жил 4 сарын хугацаанд насанд хүрээгүй *******гийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчиж өнөөг хүртэл хохироож байгаа талаар баримт хэрэгт авагдсан байхад шүүх дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус хаягт байрлах 818 м.кв талбай бүхий байранд шүүх үзлэг хийхэд ******* нь дангаараа 6 жил гаруй хугацаанд уг байрыг бусдад түрээслэн үр шимийг ганцаараа хүртэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу *******гийн ямар ямар аж ахуйн нэгж, хувь хүнд уг талбайнуудыг ямар зориулалтаар түрээслэн ашиг олж байгааг тогтоолгохоор түрээсийн гэрээнүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нотлох баримтын шаардлага хангасан байдлаар 2024 оны 08 дугаар сарын 20-ны дотор шүүхэд ирүүлэхийг *******д даалгасан. Гэтэл ******* нь шүүхийг үл хүндэтгэн тухайн гэрээнүүдийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн байхад шүүх мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4 дэх хэсэгт заасан ямар ч арга хэмжээ аваагүй хэргийг шийдвэрлэсэн.

4.3. Миний сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх нэхэмжлэлээсээ огт өөр байсныг шүүх анхаарч үзээгүй. Учир нь, өмнөх нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий бүх хөрөнгө дан ганц хариуцагч *******гийн өмчлөлд байсан нотлох баримт хэрэгт авагдсан нөгөө талаар нэхэмжлэгч *******гийн хувьд өөрийг нь өмчлөгч мөн болохыг тогтоосон ямар ч баримт тэр үед хэрэгт огт хавсрагдаагүй байсан. Энэ үүднээс нэхэмжилсэн 110,000,000 төгрөгөөс татгалзсан байдаг. Харин сүүлд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгч насанд хүрээгүй ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тоот бүртгэлд *******тай хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Уг өмчлөх эрх нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан гэдэг утгаараа хариуцагч *******гаас 200,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх анхаарахгүй нотлох баримтуудыг дутуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь өөрийн эгч *******, охин ******* нарт бэлэглэх гэрээ хийх үед ******* нь 4 настай, дүү ******* нь 2 настай байсан нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдэд хамаарч байсан. Иймд Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасанчлан эрх зүйн чадамжгүй хүүхдүүдээ төлөөлөх эрх бүхий төрсөн эх ******* тэдний өмнөөс төлөөлүүлэгчдийг төлөөлөн өөртэйгөө болон бусад этгээдтэй хэлцэл хийх эрхгүй байсан.

Шүүхийн шийдвэр нь хариуцагч ******* илт хууль бус үйлдэл хийж, бүтэн 6 жил гаруй хугацаанд маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад түрээслэн үр шимийг нь ганцаараа захиран зарцуулж, бага насны *******, ******* нарт нэг ч төгрөгийн хувь хүртээгээгүй үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх дүгнэлт гаргахдаа өмнө нь эдгээр үйл баримтуудыг дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

*******гийн өмчлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Улсын бүртгэгчийн алдаанаас болж *******г хамтран өмчлөгчөөр бүртгээгүйтэй холбоотой талуудын хооронд маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. ******* 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд мэдүүлсэн мэдүүлгээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, *******г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр дурдсан боловч улсын бүртгэгч алдаа гаргаж, *******г дангаар бүртгэж алдаа гаргасан.

Мөн маргаан бүхий талбайг бусдад түрээслээд, ашиг олсон зүйл байхгүй. ******* түрээслэгч нартай түрээсийн гэрээ байгуулсан зүйл байхгүй ба түрээсийн гэрээ байхгүй тул түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх боломжгүй талаарх тайлбар, мэдүүлгийг шүүхэд бичгээр гаргаж байсан. Нэхэмжлэгч нь байнга маргаан бүхий талбайг түрээсэлж байгаа хүмүүстэй уулзаж, хэрүүл маргаан үүсгэдэг ба үүнээс үүдэн талбай түрээслэх гэж байсан хүмүүс хэрүүл, маргаантай газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд талбай түрээслэхээ больдог. Тиймээс маргаан бүхий талбайг түрээсэлж ашиг олж, түүнийхээ үр шимийг хүртсэн зүйл байхгүй. Хариуцагчид байхгүй баримтуудыг шүүх албадан гаргуулах боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүү *******ыг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 122 дугаар байр, хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос 200,000,000 төгрөг гаргуулах, *******, ******* нарыг үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр *******гээс, хариуцагч *******, охин ******* нарт эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үйлчилгээ сургалтын зориулалттай, зоорьтой 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 122 байр хаягт байршилтай, 60,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бэлэглэжээ./1хх8-13/

 

2.1. Дээрх гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр хариуцагч ******* 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бол охин ******* 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэн байна.

/1хх14-15, 18-19/

 

3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг анхаараагүй, зарим хүсэлтийг шүүхээс хангахаар шийдвэрлэсэн атлаа тухайн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь хариуцагч талаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай 818 м.кв объектын түрээслэгч нэг бүрийн түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийлгэх, мөн хариуцагч *******гийн арилжааны ямар, ямар банкуудад харилцах болон хадгаламжийн данстайг лавлаж, дансны хуулгыг сүүлийн 3 жилийн байдлаар гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн талаар болон тээврийн хэрэгслийн талаар лавлагаа авах зэрэг хүсэлтүүдийг гаргажээ./1хх45/

 

3.2. Гэтэл, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2024/08036 дугаар захирамжаар маргаан бүхий 818 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж бусад хүсэлтийг хангахгүй орхисон байна./1хх71-72/

 

3.3. Шүүхээс дээрх захирамжийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийсэн байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ******* нэртэй байгууллага эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийн худалдаа, 3 өрөө агуулах, эмийн сан, ******* нүдний эмнэлэг, ******* лаборатори, ******* шүдний эмнэлэг, ******* эмэгтэйчүүдийн эмнэлэг, ******* дотрын клиник, TGS costruction зэрэг байгууллагууд байсан талаар тэмдэглэгдэж, ******* зургууд нь хавсаргагдсан байна./1хх175-185/

 

4. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч *******гийн банкны харилцах болон хадгаламжийн дансны сүүлийн 3 жилийн хуулга болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулах, мөн маргаан бүхий 818 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн талаарх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи түрээсийн гэрээг хариуцагч *******гаас гаргуулах тухай хүсэлтүүдийг дахин гаргасан байна.

 

4.1. Уг хүсэлтийг шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2024/14500 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ хариуцагч *******гийн банкны харилцах болон хадгаламжийн дансны сүүлийн 3 жилийн хуулга болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, харин маргаан бүхий 818 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн талаарх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи түрээсийн гэрээг хариуцагч *******гаас гаргуулах тухай хүсэлтийг хангаж, түрээсийн гэрээг *******гаас гаргуулахаар шийдвэрлэжээ./1хх197-200/

 

4.2. Гэтэл, хариуцагч *******гаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг гаргаж өгөх боломжгүй талаар тайлбарыг шүүхэд ирүүлжээ./1хх 205/

 

Нэхэмжлэгч *******аас маргаан бүхий 818 м.кв талбайн зоорийн давхраас эхлээд 5 давхрыг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүсийн нэрс болон утасны дугаарыг жагсаан бичиж шүүхэд ирүүлсэн байна./1хх206/

 

4.3. Дээрхээс дүгнэхэд, шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг холбогдох газруудаас авах тухай хүсэлтийг хангаагүй, шүүгчийн захирамжаар түрээсийн гэрээг авахаар шийдвэрлэсэн атлаа уг захирамжийн биелэлтийг бүрэн хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй./1хх199-200/

 

5. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байгааг шүүх анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагуудад хүүхдийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэл, үр дагавар, мөн хэрхэн сэргээх талаарх үндэслэл шаардлага тодорхой бус байна.

 

6. Дээрх үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн явуулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/04385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,438,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ