Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/00114

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04665 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 116,489,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь ******* банкны барилгын засварын тендерийн сонгон шалгаруулалтад оролцож банкнаас санал болгосон үнийн саналаар гэрээ хийж ажиллахаар болсон. Хүнсний 1 салбарын засварын ажлын гэрээг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийж 89,800,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх хугацаанд талбай хариуцсан инженертэй нь ажлыг ярьж хэлэлцэн гүйцэтгэсэн ба нэмэлт ажлууд гарч байсан. Бид ажлаа явуулах үүднээс зээл хайж санхүүжилтээ шийдсэн.

 Налайх салбарын засварын ажил дээр 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 99,000,000 төгрөг орж ирснээр ажил эхэлсэн. Хүнсний 1 салбарын ажил дуусахад санхүүгийн асуудал хүнд байсан тул бид Налайх салбарын урьдчилгаа төлбөрөөс шаардлагатай мөнгийг Хүнсний 1 салбарт зарцуулсан. Захиалагч хүнсний 1 салбарыг хурдан дуусга гэж шаардаж байсан.

Налайхын салбарын ажлыг явуулахад Хүнсний 1 сараа дуусгахад санхүүгийн асуудал хүрэлцэхгүй байгаа тул Хүнсний 1 сарын гэрээний 5% болох 8,800,000 төгрөгийг захиалагчаас хүсч авсан. Хүнсний 1 салбарын санхүүгийн асуудлыг шийдэж бүрэн дууссан. Мөн хүнсний 1 салбарыг хүлээлгэж өгөхөд нэмэлтээр ******* банкны хүсэлтээр гадна талд тахир дутуу хүнд зориулсан налуу тавцан зам болон бариул хийх ажил өгсөн. Үнийг бид нэмэлт гэрээ хийлгүйгээр шууд амаар тохирон гүйцэтгэсэн. Үндсэн ажил болон нэмэлт ажлууд бүрэн дуусч актаар гэрээний дагуу ажлаа хүлээж авсан.

Хүнсний 1 салбарын ажил бүрэн дуусгаж хүлээлгэн өгснөөр үлдэгдэл 45% санхүүжилт 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 31,600,000 төгрөг орж ирсэн. Налайх салбарт болон Хүнсний 1 салбарын засварын ажилд ******* банкнаас өгсөн төсөвт өртөг нь хүрэхгүй байгааг бид урьдчилан харсан учраас ******* банкны тулгаж тохирсон төсөв бодит биш төсөв байна гэж үзэн бид дахин төсөв дээр нягтлан сууж энэхүү явцын талаар ******* банкны Өмчийн харилцааны газарт албан тоот илгээсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Налайх салбар дээр хашааны нэмэлт ажлын 50% болох 5,100,000 төгрөг орж ирсэн. Хүнсний 1 нэмэлт ажлын төлбөр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Налайх салбарын дундын санхүүжилтийг хүссэн бөгөөд 30,722,050 төгрөгийн санхүүжилтийг бид авсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 9,900,000 төгрөгийг тус тус нэхэмжилж авсан. Бид хугацаа хэтэрсний алдангийг зөвшөөрөхгүй. Мөн ******* банкны төсвийн алдаанаас хамаарсан гүйцэтгэлээр нэмэлт ажлын материалын болон цалин, ашгийн төлбөрөө авах ёстой гэж үзэж байна. Мөн налайх салбар дээр гэрээний үлдэгдэл төлбөр 34,290,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гүйцэтгэлээр Хүнсний 1 салбарт 145,000,027 төгрөг зарцуулагдсан байна. Налайх салбарт 278,554,241 төгрөг зарцуулагдсан байна. Иймд илүү гарсан зардал, нэмэлт ажлын гүйцэтгэлд Хүнсний 1 салбарт 44,184,027 төгрөг, Налайх салбарт 38,015,241 төгрөгийг нийт 116,489,268 төгрөгийг “******* банк” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т гэрээний нийт үнэ 89,800,000 төгрөг байх бөгөөд төлбөр төлөх нөхцлийн хувьд гэрээнд гарын үсэг зурснаар дүнгийн 50 хувь буюу 44,900,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ. Захиалагч нь гэрээт ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрч талууд актаар хүлээлцсэн өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтааж гэрээний үнийн дүнгийн 45 хувь буюу 40,410,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл дүгнэсэн акт, зураг, төсөв, холбогдох бусад баримт бичиг нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ гэж заасан. Гэтэл ******* 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “******* банк ХХК-д хандаж санхүүжилт хүрэхгүй байдал үүссэн тул гэрээний 10 хувийн төлбөрийг яаралтай олгохыг хүссэн ба гэрээнд энэ талаар зохицуулаагүй ч ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгүүлэх, мөн гүйцэтгэгч талыг дэмжих шаардлагатай гэж үзээд 8,800,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр талууд ажил хүлээлцсэн тухай акт үйлдэж үлдэгдэл төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлснээр Хүнсний нэг тооцооны төвийн засварын гэрээт ажил дуусгавар болсон. Барилгын засварын ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 30 хоногоор хэтэрсэн. Түүнчлэн, талууд тухайн тооцооны төвд нэмэлт ажил гүйцэтгэхээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж мөн өдөр ажил хүлээлцэх тухай акт үйлдэж гэрээний 95% болох 10,473,750 төгрөгийг олгож гэрээг хааж дуусгавар болгосон байхад гэрээгээр харилцан тохиролцоогүй, гэрээт ажилд ямар ч хамааралгүй нэмэлт ажлын гүйцэтгэлд 44,184,027 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Налайх тооцооны төвийн засварын гэрээт ажил хугацаандаа дуусаагүйгээс шалтгаалан тухайн тооцооны төв нь энэ хугацаанд ажиллах орчин тааруу, банкны аюулгүй байдлын шаардлага бүрэн хангахгүй, харилцагч нарт тав тух муутай орчинд үйлчилгээгээ тасалдалгүй хүргэх шаардлагатай байсан учраас тухайн талбайгаа үргэлжлүүлэн түрээслэн ажилласаар байсан. Тодруулбал, дээрх барилгын ажил дууссан буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний хугацаа 94 хоногоор хэтэрсэн учраас гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн алданги тооцвол /2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байсан/ гэрээний үнийн дүнгийн 30%-ийн алданги нь 27,918,000 төгрөг /59,400,000*0,5*94 хоног/, гэрээний хугацаа дууссанаас хойш түрээсийн төлбөрт 6,453,331 төгрөг төлсөн байна. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулга, зорилго, гэрээний үнэ, гүйцэтгэх хугацаа, оролцогч талуудын эрх, үүрэг хариуцлагыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Харин тухайн гэрээгээр тохиролцоогүй Хүнсний-1 болон Налайх тооцооны төвийн барилгын их засварын ажлын нэмэлт ажлын гүйцэтгэлд нийт 82,199,268 төгрөг гаргуулна гэсэн шаардлага нь өөрөө үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас үлдэгдэл төлбөр 34,290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, илүү нэхэмжилсэн 82,199,268 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,396.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 329,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч тал Хүнсний 1 салбарын засварын ажилд ******* банкнаас өгсөн төсөвт өртөг нь хүрэхгүй байгааг урьдчилан мэдэгдэж ажил гүйцэтгэх хугацаанд талбай хариуцсан инженерт ярьж мэдэгдэж гүйцэтгэсэн ба нэмэлт ажлууд гарч байсан. Талбай хариуцсан инженер нь манайх ажлаа нэмэлтээр баталгаажуулаад өгдөг санаа зоволтгүй гэж хэлж байсан. Ажлын явцад үндсэн төсөв хүрэлцэхгүйгээс ажлыг үргэлжлүүлж чадахгүйд хүрч, санхүүжилт дуусаад байсан тул Хүнсний 1 салбарын ажлыг Налайх салбарын урьдчилгаа төлбөрөөс шаардлагатай мөнгийг авч ажлыг дуусгасан. Ийм байдлаар илүү зардал их гарсан. Тиймээс нэхэмжлэгч тал шүүхийн шатанд шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэн шинжээчийн дүгнэлтээр бодит байдал тогтоогдсон. Хэргийн үйл баримтын энэ талаарх нөхцөл байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, төсөв хүрэхгүй, нэмэлт зардал гарч байгаа талаар нэхэмжлэгч тал мэдэгдэж байсан ба ажлыг хүлээлцсэн ч хариуцагч тал ажлын хөлсийг шударгаар төлөөгүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан үйл баримтыг зөв тодорхойлж дүгнэлт хийж чадаагүй. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй орхигдуулсан. Тиймээс шударгаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.

4.2. Гэрээний хэрэгжилтийн явцад төсөвт өртөг нэмэгдэж байгаа талаар нэг тал мэдэгдсэн, төсөвт өртөг нэмэгдэж байгааг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн, гэвч талуудын хооронд төсөвт өртөг нэмэгдсэн хэмжээний талаар маргаан үүсч, улмаар түүний хэмжээг бодитоор тогтоож шударгаар шийдвэрлэхийн тулд шүүхийн шатанд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Уг шинжээчийн дүгнэлтээр бодит ажлын тоо хэмжээ тогтоогдож тодорхой болсон байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзээгүй гэх дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тухайн шинжээчийн дүгнэлт нь үг маргаан бүхий гэрээт ажлын тоо хэмжээг бодитоор тогтоосон шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт байхад шүүх ийнхүү үнэлэхээс татгалзсан нь өөрөө үндэслэлгүй болсон. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 82,199,268 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Маргааны гол зүйл нь Налайх тооцооны төв дээр гарна. Ерөнхийдөө энэ 2 гэрээний дагуу хийгдэх ажлууд нь зэрэг хийгдэх ёстой байсан боловч гүйцэтгэгч компанийн боломж бололцооноос шалтгаалан тухайн ажлыг ээлжилж хийсэн. Түүнчлэн, Налайх тооцооны төвийн ажлыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл мөн нэхэмжлэгч талын зүгээс “бид амжихгүй байна, ажил хүлээлцэх хугацаагаа хойшлуулъя, бид анхнаасаа төсвөө буруу тооцсон байна, бидний ажил гүйцэтгэх ажлын хөлс, ажилтнууддаа өгөх мөнгөн дүн бага байна” гэх зэргээр хүсэлт өгч бид нэмэлт санхүүжилт авъя гэж хэлсний дагуу бид гэрээнд өөрчлөлт оруулж ажил хүлээлцэх хугацааг 08 дугаар сарын 26-ны өдөр болгож, нэмэлт төсөв өгсөн. Учир нь хэрэв нэмэлт төсөв өгөхгүйгээр танайх гэрээнд заасны дагуу төсөвтөө багтааж ажлаа гүйцэтгэ гэж хэлсэн тохиолдолд ажлаа хаяад явчихвал гэрээ байгуулснаас дор зүйл болдог учир боломжит хэмжээнд нэмэлт санхүүжилтийг нь өгч, ажлаа хүлээж авъя гэх байдлаар хандаж, аль болох гүйцэтгэгч компанийн аясаар явж байсан. Нэхэмжлэгч талын зүгээс манай компани руу явуулж байсан “энэ санхүүжилтийг олгочих, нэмэлт санхүүжилт авахгүйгээр бид ажлаа хугацаандаа болон төсөвтөө багтааж дуусгана” гэх албан бичгүүд нь хэрэгт авагдсан байгаа.

Түүнчлэн, 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан ажлаа 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн тул манай компанийн зүгээс алдангийн талаар ярьж эхэлсэн. 11 дүгээр сарын 26-ны өдрийн ажил хүлээлцэх актаар ажлаа хүлээлцэж өгөхдөө нэхэмжлэгч компани нь тодорхой хэмжээний ажлыг мөн дутуу үлдээсэн байсан. Манай компанийн зүгээс эхний ээлжид ажил хүлээлцэх актаар ажлыг нь хүлээгээд авъя, дулаарахаар үлдэгдэл ажлаа хийлгүүлье гэж тохиролцсоны дагуу ажил хүлээлцэх актаар ажлыг нь хүлээж авсан байхад нэхэмжлэгч компани нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл ажлаа хийж дуусгаагүй тул манай компани гуравдагч компаниар үлдэгдэл ажлыг хийлгүүлж дуусгасан гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүх хуралдаанаар шүүгч шүүх хуралдааныг нээж, шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргах хүсэлт байгаа эсэхийг шүүгч асуух үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* хэргийн хэргийн материал болон шинжээчийн дүгнэлттэй сайтар танилцах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, мөн хариуцагч ******* Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эвлэрэх хүсэлт байгаа эсэх, хэрэв байхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа тул нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тус тус гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний хүсэлтийн талаар сонссон дариуд нэхэмжлэгчтэй хамт шүүх хуралдааны танхимаас гарч ярилцан эргэн орж ирж эвлэрэх саналгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хэлсэн. Гэвч шүүгч нь оролцогч нарын буюу нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй, мөн хэргийг үргэлжлүүлэн шийдвэрлэх талаар илэрхийлсэн нэхэмжлэгчийн хүсэлтэд *******-ийн төлөөлөгч миний саналыг сонсолгүй, талуудад тэгш эрх эдлүүлэлгүй шууд шүүх хуралдааны дарааллыг тогтоож хэргийг хэлэлцэж эхэлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн, хэргийн оролцогчийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн шийдвэр болсон байна.

6.2. Талуудын хооронд байгуулсан тус гэрээний дүн 198,000,000 төгрөг бөгөөд гэрээний 4.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаа /ерөнхий болон графикт хугацаа/-нд гүйцэтгээгүй, доголдлыг арилгах үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 94 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги болох 27,918,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ажлын үлдэгдэл төлбөрөөс суутгаагүй.

Хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *******-ийн *******-д хүргүүлсэн албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *******-аас *******-д хүргүүлсэн албан тоотын хариу хүргүүлэх тухай албан бичигт тус тус дурдагдсаны дагуу ******* нь 94 хоног хэтрүүлж ажлыг хүлээлгэн өгсөн талаар нотлогддог. Гэвч шүүгч ийнхүү нэхэмжлэлийн дүнгээс алдангийг хасаагүй.

Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан байхад шүүгч нь ажил хүлээлцсэн актаар ажлыг хүлээн авсан тул алданги тооцох үндэслэлгүй гэж үндэслэлгүйгээр гэрээгээр олгогдсон хариуцагчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн хариуцагчаас 34,290,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн уг мөнгөн дүн хэрхэн яаж, ямар тооцооллын үндсэн дээр гарсан нь тодорхойгүй. Хэрэв хариуцагч талаас үнэхээр тухайн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд манай өгсөн 4,590,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл төлбөр нь 29,700,000 төгрөг байх ёстой. Гэхдээ Налайх тооцооны төвийн ажил гүйцэтгэх гэрээний тухайд 90 гаруй хоног хугацаа хэтрүүлсэн учир алданги 27,000,000 төгрөгийг үлдэгдэл төлбөр болох 29,700,000 төгрөгөөс суутгаж, үлдэгдлийг нь шилжүүлнэ гэж манайх үзэж байгаа. Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэв эвлэрэхгүй гэх тохиолдолд манай талаас сөрөг нэхэмжлэл гаргана гэж хариуцагч тал хэлдэг атлаа тухайн өдөр сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн хэзээ сөрөг нэхэмжлэлээ гаргах вэ гэхэд ирээдүйд гаргана гэж хариулдаг. Гэтэл гаргаагүй байгаа сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулах нь хариуцагчийн хэлж буй хуулийг шүүх зөрчих нөхцөл байдал үүснэ. Тиймээс процесстой холбоотой гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч тал нь 4,590,000 төгрөгийг шилжүүлсэн байхад уг мөнгийг дахин хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан гэж гомдолдоо дурддаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын хэлж буй баримтыг үндэслэж шийдвэрээ гаргаагүй бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт Налайх тооцооны төв дээр хариуцагч нь 189,122,050 төгрөг болон 5,100,000 төгрөгийг төлсөн байх ба үүнийг нэхэмжлэгч тал хүлээж авсан асуудалд маргаагүй ба нийлбэр дүн нь 193,712,050 төгрөг болж байна гэж шүүх авсан болон өгсөн мөнгийг гэрээний хүрээнд дүгнэсэн. Гэтэл энэ нь нийт дүнгээрээ 194,222,050 төгрөг болж байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэрлэснээс бага хэмжээний мөнгөний зөрүү байгаа боловч үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Мөн өгөөгүй буюу анхны тохирсон үнийн дүн дээр ******* нь сүүлд хүлээн зөвшөөрсөн 30,000,000 гаруй төгрөгийн нэмэлт санхүүжилтийг өгч байгаа дүн хоёрын нийлбэр нь 230,339,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс маргахгүй байгаа авсан гэх үнийн дүнг хасахаар 36,116,950 төгрөг болно. Тооцооллыг нягтлан үзэх боломжтой бөгөөд хариуцагч талын өгсөн мөнгийг дахин нэхэмжилсэн зүйл огт байхгүй. Хариуцагч тал нь манай компанийг ажлаа дутуу хийж явсан тул үлдэгдэл ажлыг өөр компаниар хийлгэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. Мөн талууд тухайн үед ажлаа хүлээлцэж, акт үйлдсэн учир одоо дутуу ажлын талаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 116,489,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Хүнсний 1 тооцооны төвийн барилгын засварын ажлын 984 тоот гэрээний тухайд:

 

3.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 984 дугаар “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэгч буюу ******* нь Сүхбаатар салбарын Хүнсний нэг тооцооны төвийн их засварын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч буюу ******* нь ажлын хөлсөнд 89,800,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон./1хх9-13/

 

3.2. Талуудын байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 984-1 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр гэрээний 1.4-т гэрээт заасан ажлын дуусах хугацааг “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” гэснийг “07 дугаар сарын 22”-ны өдөр болгон өөрчилжээ. /1хх20/

 

3.3. Талууд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “ажил хүлээлцсэн тухай акт”-аар Сүхбаатар салбарын Хүнсний нэг тооцооны төвийн засварын ажлыг “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалгад заагдсанаар, БНбД-ийн дагуу, одоо мөрдөгдөж буй стандарт хэмжээнд, чанарын сайн дүнтэйгээр хийж гүйцэтгэсэн”.

“Гэрээний дүн 89,800,000 төгрөг, урьдчилгаа 53,700,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 31,610,000 төгрөг, баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох 4,490,000 төгрөг” гэж дүгнэн, ажлыг хүлээлцэж талууд гарын үсэг зурсан байна. /1хх27-44/

 

3.4. Талуудын хооронд байгуулсан дээрх Хүнсний 1 тооцооны төвийн барилгын засварын ажлын 984 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон ажлыг захиалагч буюу хариуцагч талд хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй байна. Харин уг ажлын гүйцэтгэл гэрээгээр тохиролцсон 89,800,000 төгрөгийн хэмжээнээс хэтэрсэн гэж нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 44,184,027 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

3.5. Гэтэл дээрх Хүнсний 1 тооцооны төвийн барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэх явцад төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагч *******-д Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар нэн даруй мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байна. Иймд шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.Налайх тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх 975 тоот гэрээний тухайд:

 

4.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 975 дугаар “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэгч буюу ******* нь Баянзүрх салбарын Налайх тооцооны төвийн их засварын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч буюу ******* нь ажлын хөлсөнд 198,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /1хх14-18/

 

4.2. Талууд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 975-1 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр 975 дугаартай гэрээний 1.4-т гэрээт ажлын дуусах хугацаа “2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр” гэснийг “08 дугаар сарын 26”-ны өдөр болгон өөрчилжээ. /1хх19/

 

4.3. Мөн, талууд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 975-2 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр 975 дугаартай гэрээний 2.1-т “гэрээний нийт дүн 198,000,000 төгрөг” гэснийг “230,339,000 төгрөг”,

гэрээний 2.2.1-т “урьдчилгаа 99,000,000 төгрөг” гэснийг “148,500,000 төгрөг”,

гэрээний 1.3.1-т дундын санхүүжилт 30,722,050 төгрөгийг 2.2.4-т заасан дансанд шилжүүлэх,

гэрээний 2.2.2-т “үлдэгдэл төлбөр 89,100,000” гэснийг “39,600,000 төгрөг”

гэрээний 2.2.3 дахь хэсгийн “ажлын баталгаа 5% буюу 9,900,000” гэснийг “11,516,950” болгон тус тус өөрчилсөн байна. /1хх235/

 

4.4. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “ажил хүлээлцсэн тухай акт”-аар Налайх дүүргийн Налайх тооцооны төвийн засварын ажлыг “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалгад заагдсанаар, БНбД-ийн дагуу, одоо мөрдөгдөж буй стандарт хэмжээнд, чанарын сайн дүнтэйгээр хийж гүйцэтгэсэн”.

“Гэрээний дүн 230,339,000 төгрөг, урьдчилгаа 189,122,050 төгрөг, үлдэгдэл төлбөр 29,700,000 төгрөг, баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох 11,516,950 төгрөг” гэж дүгнэн, ажлыг хүлээлцэж талууд гарын үсгээ зурсан байна./2хх15-16/

 

4.5. Мөн нэхэмжлэгч нь Налайх тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх 975 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон ажлыг захиалагч буюу хариуцагч талд хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй байна. Харин уг ажлын гүйцэтгэл гэрээгээр тохиролцсон 230,339,000 төгрөгийн хэмжээнээс хэтэрсэн гэж нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 38,015,241 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

4.6. Налайх тооцооны төвийн барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэх явцад төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч талаас захиалагч *******-д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЮА/19-53 тоот албан бичгээр, гэрээт ажлуудын төсвийн хэмжээ нэмэгдсэн учраас төсвийг нэмж авах талаар хүсэлтийг гаргаж, улмаар талууд дээр дурдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 975-2 дугаар нэмэлт гэрээг байгуулж гэрээний дүнг 230,339,000 төгрөг болгон өөрчилж, улмаар ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажил хүлээлцсэн тухай акт”-аар ажлыг хүлээлгэн өгсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон байна. /1хх228-231/

 

4.7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЮА/19-54 тоот албан бичгээр захиалагч *******-д хандан “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн албан бичгийн хүрээнд Налайх салбарын төсвийг хоёр талаасаа хянаж тооцон 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийт 32,339,000 төгрөгөөр харилцан тохиролцлоо. Одоогийн байдлаар манай компани төслийг санхүүжүүлж гүйцэтгэхэд хүндрэлтэй байдалтайгаас болж ажлаа явуулж чадахгүй удаашралтай байна. Энэ нэмэлт төсвийн санхүүжилт орж ирснээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэн өгөх боломжтой буюу энэ төсөл дээр дахин нэмэлт төсөв гарахгүй болно” хүсэлтийг гаргаж байжээ./2хх26/

 

Иймд гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулснаас хойш нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч талаас төсөв хэтэрсэн талаар захиалагч талд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар нэн даруй мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн  нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Талууд Налайх тооцооны барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэх явцад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1785 дугаар “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэгч буюу ******* нь Налайх тооцооны төвийн хуучин хашааг буулгаж, шинээр хийх хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч буюу ******* нь 10,200,000 төгрөгийн ажлын хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна./1хх247-2хх1/

 

5.1. Уг 1785 тоот гэрээний дагуух ажлыг  талууд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “ажил хүлээлцсэн тухай акт”-д Налайх дүүргийн Налайх тооцооны төвийн засварын ажлыг “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалгад заагдсанаар, БНбД-ийн дагуу, одоо мөрдөгдөж буй стандарт хэмжээнд, чанарын сайн дүнтэйгээр хийж гүйцэтгэсэн”.

“Гэрээний дүн 10,200,000 төгрөг, урьдчилгаа 5,100,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 4,590,000 төгрөг, баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох 510,000 төгрөг” гэж дүгнэн, ажлыг хүлээлцэж талууд гарын үсэг зуржээ. /2хх15-16/

 

5.2. Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр ажлын хөлсний үлдэгдэл 34,290,000 төгрөг төлөгдөөгүй байгаа тухайд маргахгүй боловч уг дүнгээс төлөгдсөн 4.590,000 төгрөгийг анхан шатны шүүх хасч тооцох байсан гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь, дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан 1785 тоот гэрээний үнэд дээрх 4,590,000 төгрөгийг хариуцагч талаас төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг дүнг Налайх тооцооны төвийн засварын ажлын гэрээний үнийн үлдэгдэл дүнгээс хасч тооцох үндэслэлгүй. /2хх14-19/

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

          6. Хариуцагч талаас, нэхэмжлэгчийг дээрх гэрээт ажлын хугацааг хэтрүүлсэн тул гэрээнд зааснаар 94 хоногийн алдангид 27,918,000 төгрөгийг ажлын хөлсний үлдэгдлээс суутган тооцох байсан гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь талууд гэрээт ажлын хугацааг харилцан тохиролцож сунгаж байсан, мөн гэрээний үнийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан хугацаа, ажлыг хүлээлцсэн акт зэргээс үзэхэд гэрээний дагуух алдангийн талаар ажлыг хүлээн авах үедээ тохиролцсон баримтгүй байна. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 569,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 329,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

   Ц.АЛТАНЦЭЦЭГ