Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00438

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ** дүгээр багт оршин суух, Х  овогт Ж-н Дн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газар /дарга Т.М/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын захирал Т.М, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Алтанцөгц сумын шууданчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Ж.Д би 2011 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн Алтанцөгц суманд шууданчийн ажилд томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №3016/11 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Ж.Д би тус байгууллагад ажиллаж байхдаа хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хариуцлагатай ажиллаж байсан юм. Би хариуцсан ажилд эзний ёсоор хандаж байсан юм. Эрхэлсэн ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй юм. Миний охин А 2 нас 06 сартай юм. Иймд ажил олгогч намайг ажилдаа ямар нэгэн дутагдал зөрчил гаргаагүй байхад 3 ой хүрээгүй хүүхэдтэй ажлаас халсан явдалд гомдолтой байна. Намайг ажлаас гаргах болсон шалтгаан нь үзэл бодлын хувьд хавчин гадуурхан гэнэт ажлаас халсан гэж үзэж байна. Би энэ шууданчийн ажлыг тасралтгүй 5 жил ажиллаж ирсэн юм. Иймд Ж.Д Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын шууданчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2011 оны 3 дугаар сард ажилд орсон. 5 жил ажилласан. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас 2016 оны төлөвлөгөөг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гаргасан. Бидэнд 2016 оноос эхлэн сонин захиалах төлөвлөгөө өгөөгүй. Урьд өмнө албан байгууллагууд хэвлэлийг зээлээр захиалдаг байсан. Байгууллагууд мөнгө шилжүүлээгүй учраас үүнийг ч бас оруулаагүй. Нэмэлт захиалга гэж явагддаг. Би нэмэлт захиалга хийж 74,000 төгрөг авсан. Уг мөнгийг 01 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн. Энэ нь 2016 оны 1 дүгээр улирлын нэмэлт захиалга байсан. Тэгээд 2 дугаар улирлын захиалга эхэлж 03 дугаар сарын 27-ны өдөр 104,000 төгрөг тушаасан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, надад сануулга өгч байгаагүй. Хамт олны хуралд оруулж чи ийм зөрчил гаргасан, ингэсэн, тэгсэн гэсэн зүйл ерөөсөө ярьж байгаагүй. Иймд шүүхээс хүсэх нь намайг урьд нь эрхэлж байсан ажилд маань эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Т.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Д нь ажлаас чөлөөлөгдөх шалтгаанаа үзэл бодлын хувьд хавчин гадуурхан гэнэт ажлаас халсан, ажилдаа эзний ёсоор хандаж байсан гэж дурджээ. Бид энэ ямар үзэл бодол ярьж байгааг огт ойлгохгүй байна. Бид үзэл бодол ярьдаг байгууллага биш манай байгууллага М ХК-ний харьяа Баян-Өлгий аймгийн Шуудан үйлчилгээний газар гэж явдаг. Аж ахуйн тооцоотой, өөрийнхөө орлогоороо өөрөө санхүүждэг, ажилчин болгон дор дороо орлогын төлөвлөгөөтэй ажилладаг юм. Түүний нэгэн адил Алтанцөгц сумын шууданч Ж.Д бас орлогын төлөвлөгөөтэй. Манай орлогын төлөвлөгөөний нэг гол үзүүлэлт нь хэвлэл захиалга юм. Ж.Дн хариуцаж байгаа ажилдаа идэвхгүй, ажилдаа хайнга ханддаг удаа дараа амаар сануулга өгч анхааруулсаар иртэл огт тоохгүй байсаар ирсэн. Хэвлэл захиалга нь улиралд нэг удаа жилд 4 удаа л явагдана. 2016 оны 1 дүгээр улирлын хэвлэл захиалгад өөрөө хариуцаж байсан бүхэл бүтэн нэг сумыг хамруулаагүй, өөрөө хэлбэл нэг ч төгрөгийн хэвлэл захиалга аваагүй юм. Бид ажилчдад хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 15 дахь хэсэгт заахдаа, хэрэв аль нэг улирал хэвлэл захиалга аваагүй тохиолдолд гэрээг шууд цуцална гэж тусгайлан заасан. Үүний дагуу манай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан тул уг заалтыг үндэслээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагч М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Т.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнгөрсөн онд Ж.Д хэвлэлийн захиалгыг маш сул авч байсан. Энэ жилийн нэгдүгээр улирлын захиалга 2015 оны 12 дугаар сард явагддаг. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ж.Д бүх захиалгаа авч, бидэнтэй тооцоогоо хийж дуусгасан байх ёстой. Ж.Д 12 дугаар сард ямар ч ажил хийгээгүй. Нэгдүгээр улиралд нэг ч захиалга аваагүй. Алтанцөгц сумаас манай шуудан хүргэгч ажил хийхгүй байна гэж гомдол ирсэн. 1 дүгээр улиралд сум даяар нэг ч хүн нэг ч хэвлэл захиалаагүй. Дараа нь нэмэлт захиалгад санал, гомдол гаргасан хэдэн хүн хэвлэл захиалсан. Ж.Д болохоор маш идэвх султай, хэвлэл захиалгад ажиллахгүй байгаа. Ж.Дгийн ажил үүргийн хуваарь нь шуудангийн бүх төрлийн үйлчилгээ гэж байгаа. Шуудангийн бүх төрлийн үйлчилгээ гэдэг нь марк, албан бичгийн хүргэлт, гардуулалт, хэвлэл захиалах, илгээмжийн худалдаа, бусад үйлчилгээ гэж хамаарч байгаа. Бусад үйлчилгээ гэдэгт нь даатгал хийх ёстой, Мобикомын гэрээт борлуулагчийг давхар хийгээд 193,000 төгрөгийн цалин авах ёстой. Түүнийг ажлаас халах болсон шалтгаан гэвэл тэрээр надад 4 дүгээр сарын 01-ний өдөр утастаж би Мобикомын гэрээт борлуулагч хийхгүй гэж хэлсэн. Би 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Мобикомын гэрээт борлуулагч хийхэд та нар надад зөвхөн 70,000 төгрөгийн цалин өгсөн, та гэрээ хийхдээ сар болгон 70,000 төгрөг өгнө гэж гэрээ хийсэн гэж надад хэлсэн. Мобикомын гэрээт борлуулагчийн цалин гэдэг нь М компани болон Мобиком корпораци хоёрын хооронд байгуулсан гэрээний дагуу дээд шатны байгууллагуудаас мөнгө нь ирдэг. Гэрээт борлуулагчид сайн ажиллах юм бол сард 70,000 төгрөг, ажиллахгүй байх юм бол хааяа нэг 70,000 төгрөг цаанаас ирж байгаа. Ж.Дгийн хувьд 12 дугаар сард 70,000 төгрөгөө аваад дараагийн сараас нь эхлэн ажиллаагүй. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт маш муу, дандаа өөдөс тайлбар хэлдэг. Надад утастаж 4 дүгээр сарын 01-ээс эхлэн Мобикомын нэгж зарахгүй гэж хэлсэн. Тэгээд би 1 сар хүлээсэн. 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэгч ганц төгрөгийн борлуулалт хийгээгүй. Мобикомтой хийсэн гэрээний дагуу бүтэн нэг сар борлуулалт хийгээгүй тохиолдолд гэрээг цуцлах ёстой. Би нэхэмжлэгчийг өөрөө ирж тайлбараа хэлж, нөхцөл байдлыг танилцуулах байх гэж хүлээсэн. 1 дүгээр улирлын захиалгыг хийгээгүй гэдэг үндэслэлээр түүнийг аль дээр 1 дүгээр сард ажлаас халах боломж байсан л даа. Түүний нөхцөл байдлыг харж, очиж танилцаад байж л байсан. 4 дүгээр сарын 01-ээс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Мобикомын гэрээт борлуулалтаас ганц зүйл хийгээгүй, даатгалын ажлаас юу ч хийгээгүй. Илгээмжийн захиалга гэдгийг ч хийгээгүй. Бид Хас банктай гэрээтэй. Сар болгон захиалга авч ядаж 5000 төгрөг ч гэсэн орлого хийх ёстой. Үүнийг ч хийгээгүй. Хэвлэлийн шимтгэлийг 1 дүгээр улиралд таслуулсан. Нэмэлт захиалга авсан гэдэг нь цаанаасаа хүмүүс шахаж шаардаж бид яагаад хэвлэл захиалахгүй байна гэж өөрсдөө захиалга өгсөн учраас би Ж.Дг ажлаас халсан юм. Нэхэмжлэгчийг би тушаал гаргаж аваагүй. Миний өмнөх дарга түүнийг ажилд томилсон байсан. Би хөл гараа зөв олж, ажлаа зөв зохион байгуулахын тулд надад чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Боловсролтой, соёлтой, хүнтэй харьцаж чаддаг. Энэ хүний чадамж нь миний сэтгэлд хүрээгүй. Нэхэмжлэгч шуудан хүргэгчийн мэдлэг боловсролын түвшинд хүрч ажиллаагүй ба энэ талаар хангалтгүй ажилласан. Тэгээд би сонгон шалгаруулалт зарлаж 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Алтанцөгц сумын шуудан хүргэгчээр Бахытгүл гэх хүнийг ажиллуулж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Д нь М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Алтанцөгц сумын шууданчийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга нь нэхэмжлэлийн нэхэмжлэл үндэслэлгүй, Ж.Д нь Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан хэрэв аль нэг улирал хэвлэл захиалга аваагүй тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална гэж тусгайлсан заасан зөрчлийг гаргасан гэж маргажээ.

М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 2016/11 дугаартай тушаалаар: Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн: тус Шуудангийн үйлчилгээний газрын Алтанцөгц сумын шууданч Ж.Д нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй, идэвх санаачилга гарган ажиллаагүй, ажилдаа хайнга хандсан, 2016 оны 1 дүгээр улирлын хэвлэл захиалга аваагүй тул Ж.Дг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч талаас гэрээ байгуулагч 2 талын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг ирүүлсэн ба энэхүү гэрээнд хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны хүртэл гэж гэрээ байгуулсан байна. Зохигчид мөн өдрөөс гэрээг сунгасан тухай ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд зохигчдын харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч тухайн үед талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй, нэхэмжлэгч нь М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Алтанцөгц сумын шууданчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Ажил олгогч аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Т.М болон ажилтан Ж.Д нарын 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дахь бүлэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийн 15-д хэрэв аль нэг улиралд хэвлэл захиалга аваагүй тохиолдолд гэрээг шууд цуцлахаар заасныг үндэслэж ажил олгогч Ж.Дг ажлаас нь чөлөөлжээ.

Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ нэгдүгээр улирлын хэвлэлийн захиалгыг эхлэх болон дуусах хугацаа мөн нэмэлт захиалгын хугацааны талаар дурдаагүй ба гэрээндээ ... аль нэг улиралд хэвлэл захиалга аваагүй тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан боловч нэхэмжлэгч Ж.Д нь 1 дүгээр улиралд 74500 төгрөгийн 2 дугаар улиралд 104000 төгрөгийн хэвлэлийн захиалга авсан болох нь ХААН банкны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны, 3 дугаар сарын 29-ний өдрийн орлогын мэдүүлгээр нотлогдож байна. Ажил олгогчийн баталсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын шууданч Дн 2015 оны орлогын төлөвлөгөөний 6-д Хэвлэлийн шим 100,000 төгрөг ба нэг улиралд 25000 төгрөгийн захиалга хийхээр баталж уг төлөвлөгөөг ажилтан Ж.Д хүлээн авч, хүлээлгэж өгсөн буюу төлөвлөсөн тус ШҮГазрын ня-бо Т.Нурлан болон ажил олгогчийн гарын үсэгтэй, тамга дарж баталгаажуулсан байна.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Д нь ажил олгогч аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Т.Мтэй хөдөлмөрийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 3 дугаар сарын 30-ны хүртэл байгуулсан ба уг 2015 оны хэвлэлийн захиалгад заасан ажил үүргээ биелүүлж 2016 оны 01 дүгээр улиралд 74500 төгрөгийн захиалга хийсэн нь ХААН банкны орлогын баримт болон зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Ажил олгогчийн баталсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын шууданч Ж.Дн 2016 оны орлогын төлөвлөгөөнд хэвлэлийн шим батлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Ажил олгогч аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Т.М нь ажилтан Ж.Д 1 дүгээр улирлын хэвлэлийн захиалга аваагүй тухай зөрчил гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн тухайгаа шүүх хуралдаанд тайлбарладаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг тус тус зөрчиж Ж.Дг ажил олгогч тус ШҮГазрын даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 2016/11 дугаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Ж.Дг М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Алтанцөгц сумын шууданчийн ажилд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Дг М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Алтанцөгц сумын шууданчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М ХК-ний Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ