| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 136/2024/00354/И |
| Дугаар | 202/МА2024/00028 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 202/МА2024/00028
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00351 дугаар шийдвэртэй,
Хариуцагч: *холбогдох,
58,664,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Су, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Сн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...барилга хугацаандаа баригдахгүй эхний 1 жил ковид гээд, сүүлдээ бол банкнаас зээл хүсэж байгаа гэдэг байдлаар ярьсаар байсан ч барилга баригдахгүй, дорвитой арга хэмжээ авагдахгүй байсан тул 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр гэрээгээ цуцалж, төлсөн төлбөрийг маань 3 сарын хугацаанд буцаан олгохоор тохиролцож, бичиг хийсэн боловч уг хугацаа өнгөрсөн ч төлбөрөөс 1 ч төгрөг барагдуулаагүй байгаа тул бид гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болон хүүг нэхэмжилж шүүхэд хандахаас аргагүйд хүрсэн.
Хариуцагч талын сая ярьсан гэрээний 2.5 дахь заалтын дагуу бол гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл гэрээ байгуулагдсанаас хойш төлбөрийг сар бүр буюу 2024 оны 3 сарын 24 хүртэл төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд, урьдчилгаа төлбөрийг 2 хувааж төлсөн баримт зэргээр тогтоогдож байгаа. 2024 оны 3 сарын 24-ний өдөр Их тугчин говь компанид хүсэлтээ гаргаад гэрээг 2024-ний 3 сарын 24-ний өдөр цуцалчихсан байгаа учраас бид нар төлсөн төлбөр болон алданги нэхэмжлэхдээ гэрээг тухайн компанитай тохиролцсоны дагуу 2024 оны 3 сарын 24-нд дуусгавар болсон цаг хугацаанаас хойших алдангийг нэхэмжлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 1,200,000 төгрөгөөр илүү тооцож нэхэмжилснийг шүүх сая тооцоо гаргаад үзчихсэн илүү тооцчихсон байна. Тэгэхлээр төлбөр төлсөн 42,452,450 төгрөг энэ дээр алданги 15 сая төгрөг гэж тооцоод нийт 57,452,450 төгрөгийг Их тугчин говь компаниас гаргуулж нэхэмжлэлд олгох нь бол зүйтэй байна. 15 сая төгрөгийн алдангийг яаж тооцсон гэдгээ шүүхэд тайлбарлая. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй гээд хуульд заачихсан байгаа иргэний хуулийн 232.4-д заачихсан. Тэгэхлээр гүйцэтгээгүй үүрэг гэдгээ яаж тооцсон юм гэхлээр гүйцэтгэх ёстой үүрэг бол тухайн бүхэлдээ байр байгаа. Тэгэхлээр байрны нийт үнэ буюу 60,645,000 төгрөгөө гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж байгаа. Тэрнээс нэхэмжлэгч талын компанид төлчихсөн байгаа мөнгийг бол гүйцэтгээгүй үүрэг гэж үзэхгүй учраас байраа нийт бүхэлдээ гүйцэтгээгүй үүрэг гэж үзээд 60,645,000 төгрөгийн 0,1% нь 60,645 төгрөг байна гэж үзээд энийгээ гэрээний 5.10-д заасны дагуу 31 дэх хоногоос гэж тооцоод 4 сарын 1-ээс хойш тооцоод 2022 оны 4 сарын 1-ээс хойш гэрээ цуцлагдсан 2024 оны 3 сарын 24 хүртэлх хугацаагаар тооцоод үзэхлээр 43 сая болчхоод байгаа юм. Тэгэхлээр 232.4 дэхэд зааснаараа нэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэдэг заалтаар хасахаар бараг 30 саяын алданги болохоор байгаа. Гэхдээ энийгээ дахиад 50% багасгаад 15 сая гэдэг байдлаар л нэхэмжилсэн юм. Яг хуулиараа явах юм 30 сая 320 мянган төгрөгийг нэхэмжлэх боломжтой боловч 15 сая л гэдэг байдлаар тооцож нэхэмжлээд нийт 57,452,450 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Су шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Сн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани нь нэхэмжлэгч С.С 2021 оны 07 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харилцан гэрээг тохиролцож хийсэн боловч давагдашгүй хүчин зүйлээс болоод ажил зогссон. Тэгээд дээр нь захиалагч нар нь цаг тухайн үедээ мөнгөө төлж байсан бол бага багаар ч гэсэн цаашаа явагдах байсан болов уу гэж би бодож байгаа. Гэтэл аль аль талдаа гэрээнийхээ үүргийг биелүүлж цаг тухайд нь мөнгөө өгч байгаагүй. Иймэрхүү байдлаас энэ доголдолт холбоотой гэж үзэж байгаа болохлоор би алдангийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Ерөөсөө алдангийг нь хүлээн зөвшөөрөхгүй л гэж үзээд байгаа. Гэрээний 2.5-ын заалтыг үндэслээд хүчингүй гэж үзэж байна. Урьдчилгаа өгөөд урьдчилгаагаа 2 тасалж өгсөн болохлоор гэрээнийхээ заалтыг 2.5-ыг үндэслэх болов уу гээд байсан чинь 2 удаа гэрээ хийсэн гээд тэгж байгаа юм. Хамт хийсэн нөгөө гэрээ нь хаана байгаа юм бол? Давхар гэрээ тохиролцож хийсэн гээд байгаа. Надад тийм баримт нь байхгүй болохлоор би тэр гэрээг нь давхар 2 удаа хийсэн гэсэн зүйл байхгүй болохоор урьдчилгаа мөнгөө тасдаж хийсэн болохоор гэрээний заалтаа зөрчсөн гэсэн үг.” гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 57,664,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 446,272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Су давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нь шууд тайлбарлаад явчихъя.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ гэрээ хүчин төгөлдөр үү, талуудын тохиролцоо хүчинтэй юу, үүнээс үүдэн шаардах эрхүүд үүсэж байгаа юу гэдгийг дүгнээгүй байна гэж хараад байгаа. ...талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээний хүчинтэй байх хугацаа урьдчилгаа төлбөрөөс хамаарах юм байна. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30 өдрийг хүртэл урьдчилгаагаа төлж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болох юм байна гэдэг урьдчилсан нөхцөлөө тохирсон. Тэгээд үүргээ биелүүлээгүй бол гэрээг хүчингүй болгоно гээд заасан. Тэгэхээр сая дурдсан нөхцөл байдлыг харах юм бол гэрээ хүчингүй болсон нөхцөл байдал харагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөгүй нөхцөл байдал харагдаад байгаа. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг дүгнэхдээ гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнээд байгаа. Яг гэрээний 2.5-д заасан зохицуулалтын талаар тодруулсан, энэ талаар дүгнэлт хийсэн баримт байхгүй. Гэтэл хамгийн гол нь энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээнээс шаардах эрх үүссэн эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тиймээс яг энэ гэрээний зохицуулалтаар гэрээ хүчингүй болсон нөхцөл байдал харагдаад байгаа. Энэ талаар яагаад талуудаас тодруулаагүй байж гэрээ хүчинтэй, шаардах эрх үүссэн гэж дүгнээд байгаа юм. Хүчингүй гэрээнээс алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хоёрдугаарт хэргийн баримтаас харахад талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч талаас хавсаргаж өгсөн. Энэ гэрээ дээр гарын үсэг зурсан үйл баримт харагддаггүй. Өөрөөр хэлэх юм бол процессын хуульд заасан шаардлагыг хангаагүй байдал харагддаг. Ийм баримтыг шүүх үнэлж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт шүүх өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас энэ хэсгийг харгалзан дүгнэлт хийх байх гэж бодож байна. Хариуцагч Одонтунгалаг гэдэг өмгөөлөгчийг зүүмээр оролцуулж байхад зүүм тасарч шүүх хуралдаан үргэлжлүүлсэн нөхцөл байдал байгаа. Ийм процессын алдаа гарсан тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрээ хүчин төгөлдөр бус учраас алданги болох 15,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа. 07 дугаар сарын 29-ний өдөр талыг нь төлөөд үлдэгчийг 09 сарын 15-ны өдөр төлж байгаа нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн зөрчил байж болно. Гэхдээ гэрээний үүргээ зөрчлөө гэж үзэх юм бол хариуцагч компани нь захиалгын гэрээг цуцлах боломжтой байсан. Сар бүр төлбөрөө төлөөд явж байхад гэрээ цуцлах талаар дурдаагүй, мөнгийг нь аваад л явж байсан. Ингээд 19,406,000 төгрөг төлөгдчихсөн. Талуудын хүсэлтээр 2024 оны 03 дугаар сард гэрээ цуцалсан. Тэрнээс өмнө гэрээ цуцлах талаар мэдэгдсэн зүйл, санал байдаггүй мөртөө одоо хүчин төгөлдөр бус гэрээ гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Тухайн гэрээний зүйл нь тухайн орон сууц бүхэлдээ байгаа учраас гэрээний үнийн 60,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж алдангиа нэхэмжилсэн байгаа. Гэрээний заалтаараа бол алданги нийт 45,000,000 төгрөг болж байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 50 хувиас хэтрэх боломжгүй гэдэг заалтаар 30,000,000 төгрөг нэхэмжлэх боломжтой байсан ч хариуцагч талыг бодож уг үнийн дүнгийн 50 хувиар буюу 15,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хоёрдугаарт өмгөөлөгч эрх хангаагүй гэдэг үндэслэл ярьсан. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Одонтунгалаг зайнаас буюу цахимаар оролцсон. Өмнө шүүх хуралдаан өмгөөлөгч авах үндэслэлээр нэг удаа хойшилсон. Шүүх эрхийг нь хангаж нэг удаа хойшлуулсан. Дараа өмгөөлөгчийг цахимаар оролцоход шүүгч өмгөөлөгчийн биеийн байцаалтыг авч иргэний үнэмлэх болох төлөөлөх эрхийн үнэмлэхийг авахад аль аль бичиг баримт байхгүй гэдэг зүйл хэлсэн учраас шүүхээс Одонтунгалаг өмгөөлөгч гэдгийг мэдэх боломжгүй байна гэдэг үндэслэлээр цахим холболтыг салгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа байх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор шүүх хуралдаанд зайнаас цахимаар оролцох журмыг баталсан. Энэ журмын 4.2-т зааснаар цахимаар оролцогч иргэн иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг шүүх хуралдаанд бэлэн байлгаж оролцох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учраас шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн гомдолдоо Иргэний хуулийн 41, 198 дугаар зүйлүүдийг дурдсан байсан. Энэ талаар тайлбарлах энэ заалтууд нь гэрээтэй огт хамааралгүй заалт байгаа. Хэрвээ гэрээний утга ойлгомжгүй байх юм бол хэргийн үйл баримт бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд гэрээг тайлбарлана гэсэн заалт байгаа. Түүнээс энэ гэрээнд ойлгомжгүй зүйл байхгүй. 20,000,000 төгрөгийг сар бүр авч байсан байж одоо энэ гэрээг хүчингүй гэж яриад байгаа нь боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохиогчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч хохиролтой холбоотой үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй орхигдуулсан байгаа тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч С.Ср нь Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан тул хариуцагч “И” ХХК-нд төлсөн төлбөр 43,664,400 төгрөг, уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу 15,000,000 төгрөгийн алданги, нийт 58,664,400 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 57,452,450 төгрөг болгон багасган шаардсан байна.
Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа “...Дорноговь аймгийн *тоот хаягт байршилтай 2800,67 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 85%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 85%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны гэрэл зургийн үзүүлэлт, ковид-19 цар тахлын үеийн 2021 оны 6 дугаар сарын 20, 6 дугаар сарын 11, 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд гарсан Дорноговь аймгийн Засаг даргаас гаргасан захирамжууд, захиалагчаас “И” ХХК-д төлсөн банкны дэлгэрэнгүй хуулга, Орон сууц захиалан бариулах гэрээ зэрэгт тус тус үндэслэсэн...” гэж тайлбарласан.
Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “И” ХХК-ийн Дорноговь аймгийн *багт баригдаж байгаа “40-Апартмент” орон сууцны хотхонд 60,645,000 төгрөгийн үнэ бүхий 46,65 м.кв 2 өрөө орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч С.С 42,452,450 төгрөг төлсөн, хариуцагч “И” ХХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул 2024 оны 3 дугаар 24-ний өдөр дээрх орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа орон сууцны үнэд төлсөн төлбөрийг 43,664,400 төгрөг гэж тооцсон боловч анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүхээс баримтад үндэслэн 42,452,450 төгрөг төлсөн гэж гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог.
3.Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч С.С, хариуцагч “И” ХХК нар 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “И” ХХК-ийн Дорноговь аймгийн *багт баригдах “40-Апартмент” орон сууцны хотхонд 60,645,000 төгрөгийн үнэ бүхий 46,65 м.кв 2 өрөө орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 2022 оны 1 дүгээр улиралд орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Мөн гэрээний нэмэлт үүргийн талаар “Орон сууц захиалан бариулах” гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.10-д зааснаар ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө гэж тохирсон байсан.
Нэхэмжлэгч С.С 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд нийт 42,452,450 төгрөгийг төлсөн.
Харин хариуцагч “И” ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул зохигчид 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож дээрх орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан, “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ гэрээ ёсоор төлсөн төлбөрийг 3 сарын хугацаанд буцаан олгохоор тохирсон нь хэрэгт авагдсан маргаангүй үйл баримтаар /хх-ийн 6, 7-30, 72, 79-100/ тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн гэж үзлээ.
4.Мөн нэхэмжлэгч С.С нь хариуцагч “И” ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн * багт баригдах “40-Апартмент” орон сууцны хотхонд 60,645,000 төгрөгийн үнэ бүхий 46,65 м.кв 2 өрөө орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн хоёр талт буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэл болж байна.
5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 42,454,450 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч үр дагаврыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг хэрэглэлгүй орхигдуулжээ.
Тодруулбал, хариуцагч “И” ХХК-ийн барьж буй орон сууц 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч барилгын ажлын явц зогссон учир нэхэмжлэгч С.С нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээнээс татгалзсан татгалзлыг хариуцагч тал зөвшөөрч орон сууцны төлбөрт төлсөн 42.452.450 төгрөгийг 3 сарын хугацаанд буцааж төлөхөөр 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тохирсон нь талуудын маргаангүй бичгийн үйл баримт /хх-7,8/-аар тогтоогдсон.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар бий болсон буюу талууд харилцан тохиролцож байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаан өгөхөөр тохирсон үүрэг харилцан бий болсон гэж үзнэ.
Иймд зохигчид ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож цуцалсан байгаа тул хариуцагч “И” ХХК нь төлбөрт авсан 42,452,450 төгрөгийг нэхэмжлэгч С.Ст буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу үүсэж байна.
6.Нэхэмжлэгч С.Ст нь 15,000,000 төгрөгийн алдангитай холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа захиалсан 2 өрөө байрыг ашиглалтад оруулж өгөөгүй гэж үзсэн ба байрны нийт үнэ буюу 60,645,000 төгрөгийн 0,1% нь 60,645 төгрөгөөр буюу гэрээний 5.10-т заасны дагуу байрыг ашиглалтад оруулах хугацаа өнгөрснөөс 31 дэх хоногоос буюу 2022 оны 4 сарын 1-ээс хойш 2024 оны 3 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож Иргэний хуулийн 232.4 дэхэд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэдэг заалтад үндэслэн 15,000,000 төгрөг гэдэг байдлаар л нэхэмжилсэн...” гэсэн үндэслэлээр тайлбарлажээ.
Гэвч гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал нь гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ. Харин цуцалсан гэрээний үүрэг болон нэмэлт үүргийг хэн хэн нь шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч С.С нь хохиролтой холбоотой үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хуваарилалтын дагуу нотлох ёстой.
Харин хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байхаас гадна анхан шатны шүүх талуудыг гэрээгээ харилцан тохиролцон цуцалсан гэж дүгнэсэн атлаа уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.10 дахь заалтыг үндэслэн “...ажил гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх 2022 оны 3 дугаар сарын 31-ээс хойш 694 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний дагуу орон сууцны нийт үнэ болох 60,645,000 төгрөгт алданги тооцож 15,000,000 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй...” гэх дүгнэлт хийж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байгаа тул нэхэмжлэгч С.Сн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Су анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөрийг бэлнээр төлөх гэсэн гэрээний үүргээ захиалагч өөрөө биелүүлээгүй байсан тул ...15,000,000 төгрөгийн алданги тооцсон нь үндэслэлгүй, шүүх өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг минь зөрчсөн” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзэв.
8.Харин зохигчдын цуцалсан гэрээний төлбөрийн үүрэгтэй холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх нь ач холбогдолгүй байхаас гадна хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан зүйлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч “И” ХХК-ийн хүсэлтийн дагуу оруулсан өмгөөлөгч Д.О нь цахимаар оролцохдоо өмгөөлөгчийн үнэмлэхээ танилцуулаагүй, цахим холболтоо тасалсан байх тул хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй. Учир нь хэргийн оролцогч шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаа болох техникийн бүрэн бүтэн байдлаа өөрөө хангах үүрэгтэй тул давж заалдах гомдлоос уг хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.
9.Хариуцагч “И” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00351 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “И” ХХК-аас 57,664,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,211,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
…Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-аас 42,452,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,211,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дугаар заалтад “...хариуцагчаас 446,272 төгрөгийг гаргуулж...” гэснийг
“...370,212 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “И” ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧ А.САЙНТӨГС