Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 125

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт  Дт холбогдох эрүүгийн 1921002250129 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах,  Дорнод аймгийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл гэх, ЖЙ8 регистрийн дугаартай,  овогт  Д.

Шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг Шинэ Мандалын 1-3 тоотод байх гэртээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим эхнэр Б.Болортуяа руу заазуур шидэж, нуруун тус газар нь онож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед ... гаднаас Цагаадай гэх залуу орж ирээд 1 шил архи гаргаж ирээд манай нөхөртэй хувааж уугаад байхаар нь боль гэхэд болихгүй тэр хоёр хамт гадагшаа гарсан. ... Удалгүй 20 орчим минутын дараа манай нөхөр ганцаараа гэртээ орж ирээд мах мөлжиж байснаа над руу үхрийн булууны яс шидэхээр нь айгаад гэрээсээ гараад 00 ороход манай нөхөр гэрээс гараад явахаар нь би гэртээ ороод аяга тавгаа угааж байхад араас орж ирээд гэрийн зүүн урд буланд байсан хоолны шүүгээний шургуулганаас заазуур гаргаж ирээд над руу шидсэн. Заазуур миний ахар сүүлний дээд талд зоогдож улмаар газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч Б.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Зүрхээ эгчийн дэлгүүрийн гадаа явж байхад Болортуяа нуруун тус газртаа баруун гараараа дараад явж ядаад машин зам дээр зогсож байсан. Улмаар би очоод яасан бэ? миний дүү гэж асуухад манай нөхөр Д архи уугаад над руу заазуур шидсэн. Тэгээд би бултахад ахар сүүлний дээд талд оносон гэж хэлэхээр нь харахад нэлээн их цус нэвчин гарч гар нь нэлээд их цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Л.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...ажлаа тараад “Титэм” дэлгүүр орох гээд явж байхад зам дээр 2-3 хүн бөөгнөрчихсөн дуу өндөртэй байхаар нь очтол Б.Болортуяа уйлчихсан гар нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад нөхөр маань согтуугаар заазуур шидсэнээс болоод бие өвдөөд байна гэж хэлсэн. ... улмаар харж болох уу гэхэд ... 2 см орчим ангайсан шинэ цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч Д.Даш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Халхгол сумын хүн эмнэлэгт жижүүртэй байхад ... Б.Болортуяагийн  бүсэлхүйн  L-5 нугаламын орчимд 3 см орчим урттай, 1.5 см гүн, 0.5 см, орчим өргөн зүсэгдсэн шархтай, шарханд шилний хэлтэрхий болон гадны биед байхгүй, жижиг артерын судас тасарснаас шархнаас  цус цацагдаж гарна. ... шарханд анхдагч цэгцлэгч хийж, 3 оёдол тавьж боосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 249 тоот дүгнэлтэд: "1. Б.Болортуяагийн биед бүсэлхийн нурууны 4, 5-р нугалам орчим сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр тухай цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 35/

Шүүгдэгч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг Шинэ Мандалын 1-3 тоотод байх гэртээ хохирогч Б.Болортуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан улмаар хохирогч руу заазуур шидэж, нуруун тус газар нь онож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би Халхгол сумын 1 дүгээр баг Шинэ Мандалын 1-3 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Болортуяа, охин Мөнхжин нарын хамт амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд ажлаасаа буугаад явж байхад манай найз Цагаадай буюу Цэрэндорж нь “Титэм” дэлгүүрийн гадна надтай тааралдахдаа энгэртээ нэг шил архитай байсан. Улмаар бид хоёр тухайн архийг хувааж уусан. ... улмаар согтуу байхдаа эхнэр рүүгээ заазуур шидсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 12-12/, гэрч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Л.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч Д.Дашийн мэдүүлэг /хх-ийн 31/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 249 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Б.Болортуяагийн биед учирсан “бүсэлхийн нурууны 4,5-р нугалам орчим сорви” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Дын хохирогч Б.Болортуяагийн нуруун тус газарт нь заазуур 1 /нэг/ удаа шидсэн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Э.Дт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн бариултай заазуур 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Д-ын ЖЙ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ш овогт Э.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Д-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Дт мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн бариултай заазуур 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Д-ын ЖЙ  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР