| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2024/00546/И |
| Дугаар | 202/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 202/МА2025/00001
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын
хүсэлттэй иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2024/00471 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р баг, Шинэ зуун 112 тоотод байрлах Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар,
* холбогдох,
Албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг,
Д.Бны давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч байгууллага гаргасан хүсэлтдээ: ...Дорноговь аймгийн * нь согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, байнгын архидан согтуурдаг, согтуурах мансуурах донтой болох нь Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Д.Бны тайлбар, үндэслэлийн агуулга: ...би одоо архи уухгүй. Хүүхдийнхээ хажууд байх хүсэлтэй байна. Архины албадан эмчилгээнд хамрагдахаас татгалзаж байна. Уг нь цагдаагийн байгууллагад ханаж дахин архи уухгүй, дахин уух юм бол албадан эмчилгээд хамрагдахад татгалзах зүйлгүй гэж амласан боловч энэ амлалтдаа хүрээгүй нь үнэн гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан *-г албадан эмчилгээнд хамруулж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Бныг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Д.Бныг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Д.Бны гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1.Хүсэлт гаргагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь тус аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт оршин суух Д. Бныг Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасныг,
Д.Б эс зөвшөөрч ...хүүхдүүдийнхээ хажууд байх хүсэлтэй, архины албадан эмчилгээнд хамрагдахаас татгалзаж байна гэжээ.
2.Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү хуульд заасан албадан эмчлэх үндэслэл нотлогдон тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тухайн этгээд өвчтэй болохыг мөн түүнийг албадан эмчлэх зайлшгүй шаардлагатай талаар хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэсэн байна.
3. Харин анхан шатны шүүх албадан эмчлүүлэх хүнийг шийдвэртээ гуравдагч этгээд гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцээгүйн гадна тухайн хүн ийнхүү хүсэлт гаргаагүй байхад түүнийг гуравдагч этгээд гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т нийцэхгүй болохыг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.
4.Д.Бнаас албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч ...миний охин Б.Д төрөлхийн тархины хүнд гэмтлийн улмаас эмнэлгийн байнгын хяналт, хүний асаргаанд байдаг, бага насны 2 охиныг минь сургуульд зөөж харж хандах хүн байхгүй, би өөрийн буруутай үйлдлээс болж энд ирсэн боловч архины хэрэглээнээс татгалзаж, ар гэртээ илүү анхаарал тавина гэсэн үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
Гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй байна учир нь хүүхдүүд эх П.Нн асрамжид үлдсэн ба тэднийг эцэг Д.Бны зүгээс асарч, хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2024/00471 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА