| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0203/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/217 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-од холбогдох эрүүгийн 1938003750256 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.А.
Шүүгдэгч М.А- нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Б.Б-ыг хавсарч унаган зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А- нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Б.Б-ыг хавсарч унаган зодож “зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Гэрч П.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгж байгаад наашаа яваад М.А-ын гэрийн ард ирээд машинаас буусан Б.Б- Х-ын гэрээс гарч ирээд намайг толгой руу цохиж унагаад хоёр удаа хөл рүү нуруу руу өшиглөсөн. Тэгтэл би унаад эргээд хартал М.А- Б.Б-ын хажууд зогсож байсан. Б.Б- хөл хугарчихлаа гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг өнгөрч басйан байх Х- ахынд очих гээд явж байсан М.А-ын үүдэнд Б.Б- хөл хугарчихлаа гээд орилоод хэвтэж байсан хажууд нь М.А- зогсож байсан энэ миний хөлийг хугалчихлаа гээд М.А- руу заасан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 281 дугаартай: “1. Б.Б-ийн биед зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Б.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Б.Б- нь асуумжаар 2015 онд зүүн дунд чөмөгний хугарч байсан ба 2017 онд дахин хагалгаанд орж хадаасын авхуулсан гэнэ. Дээрх гэмтэл нь одоогын үеийн дунд чөмөгний хугаралын хэсгээр хугарсан байсан нь нөлөөлсөн байж болно. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ... Би хохирогч Б.Б-од эмчилгээнд гарсан зардал болох 700.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Одоо цаашид гарах зардлыг нь төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ болон шүүгдэгч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч М.А- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч М.А- нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Б.Б-ыг хавсарч унаган зодож “зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч М.А-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А-, хохирогч Б.Б- нар нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “хохирол барагдуулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 700.000 төгрөг, 70.000 төгрөгийн замын зардал, эм тарианы мөнгө, 2019 оны 7 дугаар сарын 01-нд 500.000 төгрөгийг хохирогчийн дансанд тус тус шилжүүлж өгсөн. Цаашид гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 119/-г байгуулсан байх тул шүүгдэгч М.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон
баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч М.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд
мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч М.А-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ