| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2024/00202/И |
| Дугаар | 202/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 202/МА2025/00002
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШШ2024/00449 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч: * нэхэмжлэлтэй,
хариуцагч: * холбогдох
гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Бн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...би 2012 оноос мөнгөлөг өнгийн *улсын бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн * дугаартай тоёота ланд круйзер 80 маркийн автомашин эзэмшиж байсан юм. Би 2014 оны намар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээр түр асаалттай нь тавьж орхиод хажууд нь байдаг банкны АТМ-ээс мөнгө авах гэж ороод гарч ирэхэд алга болсон. Машиныг эрэн сурвалжлуулах, хайх ажиллагааг хийсэн боловч сураг тасарч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар 2020 оны намар уг машины сураг гарч одоогийн эзэмшигчид байгааг мэдсэн. Би машины хойноос Даш гэдэг мессенжерээр нэг бус удаа харьцаж лавлаж байсан. Харин тэрээр уг машиныг хүнээс худалдаж авсан тухай ярьсан санаж байна. Энэ машин бол миний машин байгаа юм гэхэд нэг сайн ойлгохгүй байсан. Өөрийн бүтэн нэр, хаягаа ч хэлэхгүй байсан тул шүүхээр эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж Даш нэрийн цаана байгаа жинхэнэ Д.Цг олж тогтоосон байна. Иймд миний бие алдагдсан машинаа буцааж авах эсвэл түүнийг 20,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Д.Ц хариу тайлбартаа: ...миний бие 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Да хүрээ захаас С.О гэх хүнээс мөнгөлөг өнгөтэй * улсын дугаартай тоёота ланд круйзер-80 маркийн автомашин худалдан авсан юм. Уг машиныг авахдаа өөрийн унаж явсан Harrier маркийн автомашиныг оролцуулан үлдсэн мөнгийг бэлнээр төлсөн. Тоёота ланд круйзер-80 автомашиныг 19,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба өөрийн машинаа 12,000,000 төгрөгт бодож өгсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг бэлнээр өгч тооцоо дуусгасан. Тухайн өдрөө тооцоог дуусгаж тэр орчимд байх 221 дугаар тамга бүхий нотариатч дээр очиж Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж харилцан иргэний үнэмлэх болон гарын үсгээр баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэгч О.Б намайг хулгайн хэрэгт гүтгэж байна. Би энэ машиныг аль нэг газраас хулгайлж аваагүй бөгөөд ор үндэслэлгүй гүтгэлэг. Тэгээд ч өмч хөрөнгөө алдсан бол бүтэн 11 жил өнгөрч байхад чимээ сураггүй байх уу. Жил бүрийн авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор ч энэ машиныг олох бүрэн боломж байгаа. Тэгээд ч энэ машин нь хот, аймаг, сумаар ямар ч саад бэрхшээлгүй явж байсан. Аль ч газарт цагдаа зогсоож шалгаж байгаагүй, улсын дугаар нь солиогүй хэвээр байсан. Ингэж ор үндэслэлгүй гүтгэж байгаа нь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг. Иймд энэ худал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан О.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар О.Бс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэл өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа юм уу, гэм хорын хохирол шаардаад байгаа юм уу тодорхойгүй. Өмчлөгч тогтоолгох, хууль бус тогтоолгох байсан ч гэсэн Ц гэдэг хүний эзэмшилд энэ машин яаж хууль бусаар очсон юм гэдгийг заавал тогтоолгох шаардлага байсан. Нэхэмжлэгч талаас машинаа хулгайд алдаад цагдаагийн байгууллагаар шалгуулаад Ц гэдэг хүн энэ машиныг ямар байдлаар өөрийн эзэмшилд авсан талаар тогтоолгосны дараа гэм хор, эзэмшил, өмчлөлийн асуудлыг шаардах эрхтэй байсан. Цагдаагийн байгууллагад анх тайлбар өгөхдөө нэхэмжлэгч нь эргэлзээтэй тайлбар өгөөд байдаг. Нэг болохоор АТМ-ын гаднаас алдсан гээд, цагдаагийн байгууллагад зарлуулахдаа Өлзийсайхан гэдэг хүнд зарсан ч мөнгөө өгөхгүй байна, миний машиныг олж өгөөч гэдэг. ...Ц гэдэг хүн үүнийг ямар байдлаар олж авсан юм гэхээр нотариатын гэрээ байгуулж олж авсан. Энэ өмчийг Ц шударга бусаар олж авсан гэдгийг тогтоолгосны дараа энэ асуудлаа шийдвэрлэхгүй, Цн эзэмшилд байгаа машин миний алдсан машин учраас намайг өмчлөгч болохыг тогтоож өгөөч, эсхүл гэм хорын хохирол 20,000,000 төгрөг шаардаж байна гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Д.Цд холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Энэхүү шаардлагын үндэслэлээ ...миний бие 2012 оноос мөнгөлөг өнгийн * улсын бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн * дугаартай тоёота ланд круйзер 80 маркийн автомашин эзэмшиж байсан юм. Би 2014 оны намар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээр түр асаалттай нь тавьж орхиод хажууд нь байдаг банкны АТМ-ээс мөнгө авах гэж ороод гарч ирэхэд алга болсон. Машиныг эрэн сурвалжлуулах, хайх ажиллагааг хийсэн боловч сураг тасарч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар 2020 оны намар уг машины сураг гарч одоогийн эзэмшигчид байгааг мэдсэн, цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж Дашийн Цг олж тогтоосон. Иймд автомашины үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ ...миний бие 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Да хүрээ захаас С.О гэх хүнээс мөнгөлөг өнгөтэй * улсын дугаартай тоёота ланд круйзер 80 маркийн автомашин худалдан авсан юм. Уг машиныг авахдаа өөрийн унаж явсан Harrier маркийн автомашиныг оролцуулан үлдсэн мөнгийг бэлнээр төлсөн. Тоёота ланд круйзер-80 автомашиныг 19,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба өөрийн машинаа 12,000,000 төгрөгт бодож өгсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг бэлнээр өгч тооцоо дуусгасан. Тухайн өдрөө тооцоог дуусгаж тэр орчимд байх 221 дугаар тамга бүхий нотариатч дээр очиж Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж харилцан иргэний үнэмлэх болон гарын үсгээр баталгаажуулсан. Би энэ машиныг аль нэг газраас хулгайлж аваагүй бөгөөд ор үндэслэлгүй гүтгэлэг. Тэгээд ч өмч хөрөнгөө алдсан бол бүтэн 11 жил өнгөрч байхад чимээ сураггүй байх уу. Жил бүрийн авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор ч энэ машиныг олох бүрэн боломж байгаа. Тэгээд ч энэ машин нь хот, аймаг, сумаар ямар ч саад бэрхшээлгүй явж байсан. Аль ч газарт цагдаа зогсоож шалгаж байгаагүй, улсын дугаарыг солиогүй хэвээр байсан гэж тайлбарласан.
2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан, гомдолдоо ... нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хүчингүй болгосонд гомдолтой, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
3.Иргэний хуульд хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ба хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эд хөрөнгийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй, шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй, эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж хуульчилсан байна.
4.Хуулийн энэхүү шаардлага болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч О.Б * улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашины эзэмшигчээр 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байсан ба 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр О.Бн зүгээс С.От уг автомашиныг худалдах үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэл болон С.О, Д.Цд нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн, гэрээний дагуу зохих төлбөрийг төлж, автомашиныг хүлээн авсан болох нь хариуцагчийн тайлбар, Нотариатчидын танхимаас шүүхэд ирүүлсэн бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдон тогтоогджээ.
Хэдийгээр шинжээчээс нэхэмжлэгч О.Бн С.От өгсөн итгэмжлэлд зурсан гарын үсэг түүний гарын үсэгтэй тохирохгүй гэж дүгнэсэн байх боловч тухайн итгэмжлэл хуулийн дагуу олгогдсон эсэхийг зохих журмын дагуу хянах үүрэг нь нотариатчид хамааралтай. Энэ дагуу олгогдсон итгэмжлэлд үндэслэн автомашиныг худалдсан үйлдлийг нотариатч гэрчилсэн бөгөөд хариуцагч Д.Цн зүгээс С.Он үйлдлийг хууль бус болохыг нотариатчийн адил шалгах, гэрчлэх үүрэггүй, нэгэнт эрх бүхий этгээдийн дэргэд тээврийн хэрэгслийг худалдан авах үйлдлийг холбогдох баримтын хамт гэрчлүүлсэн учир өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгон, гэрээ байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч О.Б дээр дурдсан хугацаанаас хойш буюу 2014 оны намар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээрээс * улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг алдсан гэж тайлбар гаргасан байх хэдий ч уг тээврийн хэрэгслийг алга болсон талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Харин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс гаргаж өгсөн албан тоот болон холбогдох баримтаар нэхэмжлэгч О.Бнь мөн дүүргийн 29 дүгээр хороо, Н.Өд гэх хүнд *улсын дугаартай машиныг 18 сая төгрөгөөр зарсан гэвч мөнгийг нь өгөхгүй 3 жил болж байна, шалгаж өгнө үү гэж 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эрэн сурвалжлуулахаар хандсан нь тогтоогдож байх тул энэхүү тээврийн хэрэгслийг 2014 оны намар алдсан, машиныг эрэн сурвалжлуулах, хайх ажиллагааг хийсэн боловч сураг тасарч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар 2020 оны намар уг машины сураг гарч одоогийн эзэмшигчид байгааг мэдсэн, цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж Дн Цг олж тогтоосон. Иймд автомашины үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй байна.
5.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой, ойлгомжтой дүгнэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Мөн шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчөөгүй болно.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШШ2024/00449 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА