Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2025/00003

 

Б.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00486 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: *

хариуцагч: *

44,404,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун гомдолд үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Сн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...*бүтээн байгуулах 40 апартмент орон сууцны хотхонд 4 давхарт 402 тоот бүхий 50,28 мкв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр И ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар орон сууцыг барьж дуусах хугацааг 2022 оны 01 дүгээр улиралд багтаах байсан ба орон сууцны нийт төлбөр 60,336,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа төлбөр болох 19,134,400 төгрөгийг бэлнээр өгч сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 26-ны өдрийн дотор 5 жилийн хугацаанд төлж байхаар харилцан тохиролцсон болно. Гэтэл энэ хугацаанд И ХХК-ийн барилгын бүтээн байгуулалтын ажил огтхон ч хийгдээгүйгээр барахгүй хэдхэн суурин блок цутгаснаас өөр ямар ч ажил хийгдээгүй бүтэн 3 жил гаруй болж байгаа бөгөөд уг компани нь барилга бүтээн байгуулалтын энэхүү хариуцлагагүй цалгар назгай үйл ажиллагаагаараа иргэдийг хуурч мэхэлж гэрээгээр халхавчилсан бусармаг байдлыг гаргаж хэлсэн ярьсан амласан тохирсноороо ажлаа гүйцэтгэж чадахгүй дампуурлын байдалтай байгаа талаар зохих ёсны шаардлагыг захиалагч иргэдээс удаа дараа тавихад худал үнэн янз бүрийн тайлбарыг тавих цаг хугацаа хожих байдлаар төөрөгдүүлж эдүгээг хүртэл хохироож байна. Миний охин гэрээнд заасан үүргийнхээ дагуу орон сууцны төлбөр болох нийт 29,603,100 төгрөгийг төлсөн бөгөөд уг байрны бүтээн байгуулалтын ажил ямар ч найдваргүй захиалагч бидний итгэлийг алдаж одоог хүртэл огтхон ч ажил хийгдээгүй, хэдийд ашиглалтад орох нь тодорхойгүй, цаашдаа энэхүү барилгын ажил хийгдэж чадна гэхэд маш бүрхэг баталгаагүй байдалд орсон учраас байрны төлбөрт төлөгдсөн 29,603,100 төгрөгийг, тус компани нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас дээрх үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 14,801,550 төгрөг нийт 44,404,550 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч И ХХК хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, алдангийг зөвшөөрөхгүй байна. Орон сууц захиалагч нарын зүгээс төлбөр төлөх үүргээ гүйцэтгэснээрээ гүйцэтгэгч талаас орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Орон сууц ашиглалтад ороогүй нэг шалтгаан нь захиалагч тал нь төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, хоёрдугаарт нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 8 дугаартай орон сууц захиалгын бариулах гэрээ байгуулах үед дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал гарчихсан. Улаанбаатар хот болоод орон нутгаар улаан, улбар шар түвшнээр хязгаарлалт тогтоогоод Засаг даргын захирамж гараад явж байсан. Барилгын материалын үнэ нэмэгдэх талаар талуудын аль аль нь мэдээгүй байсан. Тиймээс 2021 онд батлагдсан төсвийн дагуу захиалагч нартай тухайн үеийн үнэ ханшаар тохиролцон гэрээ байгуулсан. Хил хаагдаад, нээгдээд бага багаар барилгын материал орж ирж байсан. Барилгын үнэ нэмэгдсэн нь өөрөө хүнд нөхцөл гэдэг тодорхойлолтод орж байсан. Тухайн үед 84 төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх талаар таамаггүй байсан учраас орон сууцуудыг 66,330,000 төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан. 2021 онд байсан бараа материалын үнэ 2023 онд ямар болж өссөн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Тухайн сэтгүүлд тавигдсан барилгын үнэтэй харьцуулж үзсэний улмаас 84 төрлийн бараа материал 1,5-2,5 дахин өсөж, бүтээн байгуулалт хүндэрсэн нь үнэн байна гэсэн тодорхойлолтыг Худалдаа аж үйлдвэрийн танхим руу барилагчдын холбооноос явуулсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл мөн байна гээд гэрчилгээ гаргаж өгсөн. Уг гэрчилгээ дээр нийт байр захиалагч нарын дундаас түүврээр сугалж М, У, М гэдэг гурван хүний нэрийг өгсөн. Ийм хүнд нөхцөл байдлын улмаас мөн захиалагч нар төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас тухайн орон сууц хугацаандаа ашиглалтад орж чадаагүй учраас захиалагчид учирсан хохирлыг барагдуулах боломжгүй. Тиймээс алдангийг хасаж үндсэн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 41,604,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,799,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,923 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж Б.Ст олгож, И ХХК-иас 365,973 төгрөгийг гаргуулж Б.Ст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..гомдлыг өмгөөлөгч танилцуулна. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун өмгөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч хүнд нөхцөл байдлын талаар нотлох баримтаа гаргасан боловч тухайн барилгын төсөв хэдэн төгрөг болох, хэдэн төгрөг болж нэмэгдсэн талаар нотлоогүй гэж үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Монголын барилгын материал үйлдвэрчний холбоонд энэ барилгыг 2021 онд барина гэж төсөв хөрөнгөө баталсан байдаг. Тухайн үеийн барилгын материалын зардал, ажилчдын зардал, бусад урсгал зардал гаргасан. Ковид-19 цар тахлын 2022 онд 1.5-аас 2.5 дахин үнэ нь нэмэгдсэн байгаа. Цар тахалтай байсан үед хүнд нөхцөл байдалд хамаарч байгаа. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо тухайн байрны төслийг нэмэгдсэн байна гэж барилгын материалын үнэ өссөн талаар судалгаа гаргах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу 2021 оны 81 төрлийн бараа нь 1.5-аас 2.5 дахин нэмэгдсэн болохыг тодорхойлсон тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд тус тодорхойлолтыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд явуулсан байдаг. Тус танхимаас тухайн тодорхойлолтын дагуу судалж үзээд хүнд нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл хоёрын хүнд нөхцөл байдалд хамруулж гэрчилгээ олгож өгсөн. Тус гэрчилгээг хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйл ажил гүйцэтгэх гэрээнд хамаарч байгаа. Онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил гүйцэтгэгч нь хэзээ ч гэрээг цуцлах эрхтэй, захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан байгаа. Гэтэл энэ заалтыг харгалзаж үзэхгүйгээр хариуцагч талыг илтэд хохироож, хүнд нөхцөл байдал бий болсныг анхаарч үзэхгүйгээр алданги гаргуулж шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. И компани үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан. Эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалж бий болсон нөхцөл байдлыг манай талаас юм уу, нэхэмжлэгч талаас шалтгаалж ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй байна. Тиймээс алданги гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож бусад төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шийдвэрийг өөрчилж өгөөч гэсэн гомдол гаргасан. гэв.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч тухайн цаг үеийн хүнд нөхцөл байдлыг шүүх харгалзан үзсэнгүй алданги тооцсон нь үндэслэлгүй гэж байна. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй гэсэн нөхцөл байдлыг хөндмөөр байна. Анхан шатны шүүхээс хорио цээрийн нөхцөл байдлыг дурдаад нэхэмжилсэн үнийн дүнгээс тодорхой хэмжээний алдангийг хасаж 2,799,900 төгрөгийг хасаад 41,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.С, хариуцагч И ХХК-нд холбогдуулан 29,603,100 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү шаардлагыг алданги 14,801,550 төгрөг, нийт 44,404,550 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн.

Энэ шаардлагын үндэслэлээ ... 40 апартмент орон сууцны хотхонд 4 давхарт 402 тоот бүхий 50,28 мкв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр И ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд орон сууцыг барьж дуусах хугацааг 2022 оны 01 дүгээр улиралд багтаах орон сууцны нийт төлбөр 60,336,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа төлбөр болох 19,134,400 төгрөгийг бэлнээр өгч сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 26-ны өдрийн дотор 5 жилийн хугацаанд төлж байхаар харилцан тохиролцсон. Гэтэл энэ хугацаанд И ХХК барилгын бүтээн байгуулалтын ажил огт хийгдээгүйгээр барахгүй хэдхэн суурин блок цутгаснаас өөр ямар ч ажил хийгдээгүй бүтэн 3 жил гаруй болж байгаа, гэрээнд заасан үүргийнхээ дагуу орон сууцны төлбөр болох нийт 29,603,100 төгрөгийг төлсөн цаашид энэхүү барилгын ажил хийгдэж чадна гэхэд баталгаагүй байдалд орсон учраас байрны төлбөрт төлөгдсөн 29,603,100 төгрөг, тус үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 14,801,550 төгрөг нийт 44,404,550 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 29,603,100 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, алдангийг зөвшөөрөхгүй гээд хариу тайлбарын үндэслэлийг ...орон сууц ашиглалтад ороогүй нэг шалтгаан нь захиалагч тал төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, хоёрт 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 8 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулах үед дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал гарчихсан. Барилгын материалын үнэ нэмэгдэх талаар талуудын аль аль нь мэдээгүй байсан. Хил хаагдаад, нээгдээд бага багаар барилгын материал орж ирж байсан. Барилгын үнэ нэмэгдсэн нь өөрөө хүнд нөхцөл гэдэг тодорхойлолтод орж байсан. 2021 онд байсан бараа материалын үнэ 2023 онд ямар болж өссөн талаарх нотлох баримт болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл мөн байна гээд гэрчилгээг гаргаж өгсөн учир орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул алдангийг хасаж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Анхан шатны шүүх ...И ХХК болон Б.С нар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 40 апартмент хотхоны 4 давхарт 402 тоот 50,28 мкв орон сууцыг И ХХК 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр, захиалагч Б.С орон сууцын үнэ 60,336,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 19,134,400 төгрөгийг, үлдэх төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 26-ны өдөр, нийт 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх ба захиалагч болон ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд 0,1 хувийн алданги төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон гэрээ байгуулснаас хойш сар бүр зохих төлбөрийг төлсөн байх буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 29,603,100 төгрөгийг төлсөн, ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2022 оны 1 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулаагүй үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэн хариуцагч И ХХК-иас 41,604,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,799,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан ба захиалагч орон сууцны үнэ 60,336,000 төгрөгөөс 19,134,400 төгрөгийг урьдчилан, үлдэх төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүр, 5 жилийн хугацаанд төлөхөөр, хариуцагч буюу гүйцэтгэгч И ХХК-ний зүгээс орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч Б.С урьдчилгаа 19,134,400 төгрөг болон гэрээ байгуулснаас хойш сар бүр буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 29,603,100 төгрөгийг төлсөн үйл баримт тогтогдсон талаар зохигч маргаагүй байна.

Эндээс үзвэл ажил гүйцэтгэгч И ХХК нь гэрээнд заасан барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч буюу Б.С тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэхээр амлаж, нөгөө тал болох захиалагч нь тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн гэрээ болох талаар тодорхой дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 болон бодит байдалд тус тус нийцжээ.

Өөрөөр хэлбэл И ХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1, 350 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн болох 50,208 м кв орон сууцыг захиалагчид 2022 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай харин нэхэмжлэгчийн зүгээс зохих төлбөрийг тогтоосон хугацаанд төлж үүргээ биелүүлсэн.

5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ...алданги 14,801,550 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гээд татгалзлаа ...ковид 19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

Энэ тайлбар бодит байдалд нийцэхгүй байх ба нэхэмжлэгч болон компанийн зүгээс Ковид 19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг мэдэж байсан ч өөрсдийн хүсэл зоригийг бодитой, тодорхой илэрхийлж, 2022 оны 1 дүгээр улиралд захилгын орон сууц барих барилгын ажлыг хийж, гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулан, түүнээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу хүлээн авч байсан байна.

Тиймээс хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ гүйцэтгээгүй гэж мөн ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон нөхцөлд захиалагчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй байх тул захиалагч буюу нэхэмжлэгч анз шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан алданги-н талаар үндэслэл бүхий дүгнэж, тайлбарласан байх ба алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага байна. Энэ утгаараа орон сууцыг тохирсон хугацаанд дуусгаж, хүлээлгэж өгөөгүй учир хугацаа хэтэрсэнд үүрэг гүйцэтгэгч буруутай, нэхэмжлэгч алданги шаардах үндэслэлтэй гэж үзнэ.

Тодруулбал гэрээний 5.10-т Гэрээний 2.1-т заасан хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө гэж заасан байх ба нэхэмжлэгч алдангийн хэмжээг 14,801,550 төгрөг гэж тодорхойлж, нэхэмжилсэн. Энэ дүнгээс 2,799,900 төгрөгийг хасаж, 12,001,550 төгрөгийг, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00486 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,350 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

 

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА