Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2025/00004

 

Т.Ун нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2024/00457 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *,

Хариуцагч: *,

52,096,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.У нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Миний бие Т.У хувиараа үйл ажиллагаа явуулах зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр И ХХК-тай гэрээ байгуулан 40 апартмент орон сууцны хотхонд үйлчилгээний талбайн давхарт 51,2 мкв талбайг захиалсан. Үйлчилгээний талбайн нийт төлбөр 56,320,000 төгрөгөөс урьдчилгаа болгож 50 хувийг төлөхөөр тохиролцож 28,160,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр 28,160,000 төгрөгийг уг барилга баригдаж дууссаны дараа үйлчилгээний талбайн хана, шилэн хаалтыг бартер солилцоогоор гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заагдсан хугацаа болох 2022 оны 1 дүгээр улиралд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд уг байр ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй байна. Бид хувийн оффистой болж ажиллахаар төлөвлөсөн бүх ажил маань энэ компаниас болж зогссон. Бидний амьдрал ахуйд маш их хохирол учирсан, байсан мөнгөө бүгдийг нь өгч захиалга хийсэн учраас дахиад өөр газар оффис авч чадахааргүй болсон. Орон сууц захиалан бариулах гэрээнд заасны дагуу байрыг 2022 оны 01 дүгээр улиралд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх хугацаатай байсан боловч өгөөгүй учир 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 850 хоногийн хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувиар тооцоход 23,936,000 төгрөг болж байна. Иймд И ХХК-иас үйлчилгээний талбайн урьдчилгаа 28,160,000 төгрөг, гэрээнд заагдсан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 23,936,000 төгрөг нийт 52,096,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мэдэгдэл хүргүүлж байсан, хүргүүлж байсан учраас алдангийг зөвшөөрөхгүй гэсэн асуудал ярьж байна. Гэрээний 5.10-т заасан байгаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө гээд гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн байгаа. Ковидын нөхцөл байдлын улмаас буюу Иргэний хуулийн 355.5-д заасан хүнд нөхцөл байдал манай байгууллагад бий болсон ковидын улмаас хөл хориотой байсан барилгын материал татан авах боломжгүй байсан гэсэн асуудал ярьж байна. Гэтэл энэ гэрээ маань 2021 оны 8 сарын 16-нд буюу улс даяараа улбар шар түвшиндээ шилжчихсэн аймгийн засаг даргын 9 сарын захирамжаар ачаа тээвэрлэлтийг барилгын үйл ажиллагаа татан авалтыг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгчихсөн. Ажил амьдрал хэвийн горимд шилжчихсэн энэ үед гэрээг байгуулсан байдаг. Хэрвээ үнэхээр ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор үнийн дүн өсөж байна гэсэн бол 2020 онд энэ ковидын нөхцөл байдлын улмаас хөл хориотой байсан. Хамгийн сүүлд 2021 оны 4 сард л манайх хөл хориотой байсан түүнээс хойш хөл хорио сулруулаад хүнсний бүтээгдэхүүн болон энэ барилгын үйл ажиллагаатай, бүтээн байгуулалттай холбоотой хилийн боомтын нэвтрэлтийг нэмэгдүүл гэсэн үүрэг чиглэлийг 9 сарын 18-ны засаг даргын захирамжаар өгсөн байдаг. Энэ захирамжийг хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр Ун хувьд хүнд нөхцөл байдал болчихсон байсан хүнд нөхцөлийн улмаас энэ ажил гүйцэтгэх гэрээг биелүүлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх нь боломжгүй гэж үзэж байна. Учир нь өөрсдөө 2021 оны 8 сард гэрээ байгуулчихаад байгаа 2020, 2019 онд байгуулаагүй. 2021 оны 8 сард улбар шар түвшинд шилжчихсэн хөдөлгөөн хэвийн болчихсон. Харин ч хил дээр овоорчихсон байгаа ачаа барааг нааш цааш нь хурдан нэвтрүүлэх арга хэмжээг аваад улс даяар ажиллаж байсан үе байгаа. Тэгэхээр ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бараа үйлчилгээ татаж авахгүйгээс болоод ажил зогссон гэж үзвэл боломжгүй. Харин компанийн хувийн зохион байгуулалттай холбоотойгоор бараа үйлчилгээ татан авах барилгын материал татаж авах энэ барилгаа барих асуудал байсан гэдгийг үгүйсгэхгүй энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Тэгэхээр худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан мэдэгдэл энэ тэрийг бид нар танилцсан гэхдээ энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 355.5-т заасан хүнд нөхцөл байдал үүссэн гэдэг үндэслэлээр алдангиас татгалзаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

2.Хариуцагч И ХХК хариу тайлбартаа: ...2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Утай гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 23,936,000 төгрөг гэдгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 1 дүгээрт тухайн орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж байх үед дэлхий нийтийг хамарсан цар тахал үүсээгүй байсан. Энэ цар тахал үүссэнтэй холбоотойгоор 2021 оны дунд үеэс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хөл хорио тавиад хил гааль хаагдаж эхэлсэн энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор хүнд нөхцөл байдал гэдэг зүйл манай И гэдэг компанид бий болсон. Хүнд нөхцөл байдал гэдэг нь юу вэ гэхээр улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас эдийн засаг санхүү төлбөрийн чадваргүй болох гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай ашиггүй байх зэргээс болоод гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байх нөхцөл байдал үүсэхийг хэлдэг. Хүнд нөхцөл байдлыг бид нар анх гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй байсан талуудын хяналтаас гадуур болсон нөхцөл байдал гэж үзэж байгаа. Үүнийг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзнэ. Үүнтэй холбоотойгоор худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлыг тодорхойлсон гэрчилгээг гаргаж өгсөн байгаа. Хүнд нөхцөл байдал үүссэн дээрээс нь ковидын нөхцөл байдалтайгаа холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учраас бид нар гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлууд байгаа. Орон сууц захиалгаар бариулах гэрээ маань өөрөө Иргэний хуулийн 343-т заасан ажил гүйцэтгэх гэрээндээ хамаарч байгааг нэхэмжлэгч талаас хэлсэн. Иргэний хуулийн 355.5-т өөрөө гэм буруугүй эсвэл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон гэж байгаа. Хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон гэдэг маань саяын хэлсэн хүнд нөхцөл байдлын гэрчилгээ болон ковидын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Дорноговь аймгийн засаг даргын захирамжаар тогтоогдоно. Дээрх нөхцөл байдал бий болоход ажил гүйцэтгэгч нь нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж байгаа юм. Тиймээс энэ юу гэдэг юм талуудаас шалтгаалсан нөхцөл байдлаас гэрээний дагуу үүрэг биелэгдээгүй ийм хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон учраас алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Дээрээс нь энэ нэхэмжлэлийн талаас алдангийн үнийн дүнг Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүй гэдэг нөхцөл байдлыг зөрчиж урьдчилгаанд өгсөн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний алдангийг нэхэмжилсэн байна энэ өөрөө хууль зөрчиж байна. гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 42,240,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,856,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ун улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,430 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И ХХК-иас 369,150 төгрөгийг гаргуулж Т.Уд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Байхгүй гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун өмгөөлөгч Г.С давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар гомдол гаргасан. Нотлох баримтыг үнэлгээгүй гэдэг дээр хариуцагч талаас орон сууц захиалах гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй учир шалтгаанаас болоод монголын худалдаа аж үйлдвэрийн газраас тухайн компанид хүнд нөхцөл байдал үүссэн талаар гэрчилгээг гаргаж өгсөн. Тус гэрчилгээг гаргуулахын тулд 2021 онд гаргуулсан төсөв, мөн цар тахлын улмаас хил гааль хаасны улмаас бараа материалын үнэ нэмэгдсэн талаарх баримт материалыг гаргаж өгч тухайн материалд судалгаа хийж гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Хүнд нөхцөл байдал гэж юуг хэлдэг гэхээр үүргээ гүйцэтгэж амжаагүй байдал нь нийгэм эдийн засаг хүчин зүйлээс шалтгаалан бий болсон гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Энэ нь гэрээ байгуулсан талуудын аль аль талын хүсэл зоригоос үл хамааран урьдчилан таамаглах боломжгүй, сэргээх арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүдэг. Энэ нь бүх л үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд тулгамддаг. Энэ нөхцөл байдлуудын улмаас барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй. Ийм шалтгааны улмаас барилгыг хугацаанд нь барьж чадаагүй гэдгийг нотлохын тулд худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн нотлох баримтуудыг нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэж шийдвэрлэхгүйгээр хариуцагчид илт хохиролтой байдлаар алданги гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг дээр хуульд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд өгсөн авснаа буцааж авна гэж байгаа. Энэ хохиролд алданги хамаарахгүй буюу эд хөрөнгийн алдагдал, зардал, гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүргээ гүйцэтгэгчид зайлшгүй оруулах орлого зэргийг хохиролд тооцно гэж заасан байдаг. Алданги нь энэ хохиролд хамаарахгүй учраас алдангийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Алданги гаргуулахаар тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн гомдол гаргасан. гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч гэсэн энэ асуудал байнга яригддаг. Урьдчилан сэргийлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн гэж хариуцагч талаас тайлбарладаг. Гэтэл энэ цар тахлын нөхцөл байдал нь 2019-2020 оны хооронд үүссэн байсан. 2021 оны 08 сарын 14-ний өдөр манай үйлчлүүлэгч гэрээ байгуулсан байдаг. Ковидын нөхцөл байдал буураад хариуцагч талын гаргаж өгсөн аймгийн засаг даргын захирамжаар Дорноговь аймгийн хэмжээнд улбар шар түвшинд хүрээд татан авагдсан бараа материалыг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, хийлийн боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх гэсэн чиглэл өгсөн байдаг. Тэгэхээр хүнд нөхцөл байдлыг улс орон даяар даван туулаад үүний дагуу дараагийн ажиллагаанд орсон хязгаарлалтыг багасгасан. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжийн 11 дүгээр заалтаар хилийн боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх гээд заасан байгаа. Хариуцагчийн тайлбараар хил дээр бүх бараагаа татаж авсан, хилээр орж ирж чадахгүй байснаас үүдэн барилгын үйл явц удааширсан гэдэг. Гэтэл миний үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулагдах үед нөхцөл байдал улбар шар түвшинд шилжсэн. Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн болсон үед миний үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулсан байдаг. Үнэхээр ковидын нөхцөл байдлаас хүнд нөхцөлд орсон гэж үзэж байгаа бол яах гэж энэ хүнтэй дахин гэрээ байгуулаад байгаа юм. 2019, 2020 онд ковидын нөхцөл байдал үүсэж хүнд нөхцөл байдал үүссэн, үүнийг мэдсээр байж гэрээ байгуулсан. Энэ хүнд нөхцөлд Уранхайчтай байгуулсан гэрээ хамаарахгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан хүнд нөхцөл байдлын гэрчилгээ энэ асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхгүй байгаа. Анхан шатны шүүхээс энийг үнэлээгүйг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон юм бол гэрээгээ байгуулсан үедээ гэрээгээ цуцлах боломжтой байсан. Гэрээ цуцалсан тохиолдолд хохирол мөнгөний асуудал яригдана. Гэтэл хариуцагч талаас гэрээгээ цуцлаагүй. Тиймээс манай үйлчлүүлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид нар хариуцагчтай байгуулсан гэрээний 5.10-т заасан алдангийг нэхэмжилж байгаа. Ун зүгээс хохирол нэхэмжлээгүй. У энэ байрандаа үйлчилгээний зориулалттай объект аваад сантехникийн эд зүйл худалдах зорилготойгоор сантехникийн эд зүйлээ цуглуулаад Улаанбаатар хотод компаниудтай гэрээ байгуулсан байсан. Тухайн эд зүйлээ авч чадаагүйгээс болоод тухайн компаниуддаа төлбөр төлөх болж байгаа. Үнэхээр хохирол гэж ярьсан бол энэ хохирлоо нэхэмжлэх ёстой байсан ч өнөөдөр зөвхөн алданги л нэхэмжилж байгаа. Үүнийг мөн шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Ун зүгээс төлбөрийн 50 хувийг төлөөд 50 хувийн барилга ашиглалтад орсны дараа барилгын үйлчилгээний талбайн шилэн хануудыг хийх зорилгоор гэрээ байгуулсан байдаг. Төлбөрийн график алдагдаж энэ барилга баригдахгүй байхад Уранхайчийн зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Су давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч тал гэрээг цуцалсантай холбоотой үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Т.У И ХХК-тай байгуулсан үйлчилгээний зориулалттай 51,2 мкв талбайг захиалан бариулах гэрээг цуцалж, ...гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 28,160,000 төгрөгийг буцааж авах, гэрээ биелэгдээгүйгээс хувийн оффистой болж ажиллахаар төлөвлөсөн бүх ажил маань зогссон, бидний амьдралд маш их хохирол учирсан гэж үзэж алдангид 23,936,000 төгрөгийг нэмж, бүгд 52,096,000 төгрөгийг гаргуулах гэсэн агуулга үндэслэлээр нэхэмжилсэн ба Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр төлсөн тухай баримт зэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хариуцагч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа ...2800,67 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 85%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 85%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны гэрэл зургийн үзүүлэлт, ковид-19 цар тахлын үеийн 2021 оны 6 дугаар сарын 20, 6 дугаар сарын 11, 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд гарсан Дорноговь аймгийн Засаг даргаас гаргасан захирамжууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас И ХХК-д цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал нь Хүнд нөхцөл байдал-д хамаарсан гэж үзэж олгосон гэрчилгээ, захиалагчаас И-д төлсөн банкны дэлгэрэнгүй хуулга, захиалагчийн төлбөр төлөх гэрээний хуваарь зэрэгт тус тус үндэслэсэн... гэж тайлбарласан.

3.Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 16-ний өдөр И ХХК-ийн Дорноговь аймгийн *багт баригдаж байгаа 40-Апартмент орон сууцны хотхонд 56,320,000 төгрөгийн үнэ бүхий 51,2 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг захиалан бариулах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Т.У гэрээний дагуу гэрээ байгуулагдахад урьдчилгаа төлбөрт 28,160,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг үйлчилгээний талбайн хана, шилэн хаалтыг бартер солилцоогоор гүйцэтгэхээр, хариуцагч И ХХК орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд дуусгах нөхцөлтэйгээр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.

Мөн гэрээний нэмэлт үүргийн талаар Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.9-д заасан ...гэнэтийн давагдашгүй хүчин хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ... хорио цээр, ... эдийн засгийн хямрал ... гэх мэт талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэрээний аль нэг тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон гэж үзнэ, мөн зүйлийн 5.4-д ... захиалагч төлбөр төлөлтөө гэрээний 2.7-д заасан 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцон нөхөн төлнө, 5.10-д зааснаар ...ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө гэж тохирсон байсан.

4.Мөн нэхэмжлэгч Т.У хариуцагч И ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 16-ний өдөр байгуулагдсан Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-г анхан шатны шүүх зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн хоёр талт буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ...ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хохирол учирсан, учирсан хохирлыг 23,936,000 төгрөгийн алдангиар[D1]  тооцон нэхэмжилсэнд зөв дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226, 355 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэх заалтуудыг үндэслэсэн боловч үр дагаврыг нь буруу шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Өөрөөр хэлбэл: Маргааны гол зүйл нь 40-Апартмент орон сууцны хотхонд 56,320,000 төгрөгийн үнэ бүхий 51,2 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, гэрээнд зааснаар захиалагч Т.У 56,320,000 төгрөг буюу талбайн үнийг төлөх, ажил гүйцэтгэгч И ХХК орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгснөөр захиалагчид үйлчилгээний зориулалт бүхий талбайг хүлээлгэн өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн боловч барилгын ажлын үйл явц зогссон учраас захиалагч Т.У 28,160,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг үйлчилгээний талбайн хана, шилэн хаалтыг бартер солилцоогоор гүйцэтгэх үүргээсээ татгалзаж, гэрээг цуцлаад учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж агуулгаараа ойлгогдож байна.

Гэрээний хугацаа дуусах 2022 оны 1 дүгээр улирал гэхэд захиалагч төлбөрийн 50%-ийг төлсөн, барилгын ажил зогссон нөхцөл байдал нь талуудын аль алины гэрээний үүрэг бүрэн байдлаар гүйцэтгэгдээгүй байсан нь зохигчдын нэхэмжлэл, тайлбарууд, талуудаас гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон тул гэрээний тавдугаар зүйлийн 5.4, 5.10 дугаар зүйлд зааснаар талууд биендээ[D2]  хариуцлага тооцож, алданги гаргуулах шаардлага бий болоогүй байсан гэж үзнэ.

Ийм[D3]  байхад анхан шатны шүүх захиалагч буюу нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрийн буюу үнийн дүнгийн 50%-д төлсөн 28,160,000 төгрөгийн 50%-иас алданги тооцож 14,080,000 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон буюу мөн шүүхийн алданги тооцсон үндэслэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.6-д заасан хууль болон гэрээнд заасан ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нөгөө талын гүйцэтгээгүй үүрэгт хамаатуулах байтал зохигчийн өөрийнх нь гүйцэтгэсэн үүрэгт нь тооцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. [D4] 

Иймд гэрээ болон хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжилсэн 23,936,000 төгрөгийн алданги гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг үндэслэлгүй байхад түүний зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 23,936,000 төгрөгийн анзыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

6.Анхан шатны шүүхийн ...хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний улмаас гэрээ цуцлах шаардлага гаргаж байх тул тэдний гэрээг цуцлах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт нь шүүхээс зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцалж байгаа шинжтэй болсон.

Тодруулбал: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан ... гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн нь гэрээний талуудын эрхэд хамааралтай.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...байр 2022 оны 04 сарын 01 гэхэд ашиглалтад орох ёстой байсан боловч одоог болтол ашиглалтад ороогүй, ... хэзээ орох нь тодорхойгүй байна гэсэн нь Иргэний хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн үүрэг биелэгдэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр захиалагч нэмэлт хугацаа шаардахгүйгээр гэрээнээс татгалзаж, гэрээг цуцласан байна гэж үзнэ.

Энэ нөхцөл нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасан ажил гүйцэтгэгч ажлын бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэсэнд нийцсэн.

7.Нэхэмжлэгч Т.У нь Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлүүдэд зааснаар гэрээнээс учирсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох үүрэг гүйцэтгэгч И-д холбогдуулан зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээлгэхээр шаардах эрхтэй.

Гэвч хохиролтой холбоотой үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хуваарилалтын дагуу нотлох ёстой боловч хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байна.

8.Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сус гаргасан ... үндэслэлгүйгээр алданги тооцсон гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2024/00457 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-аас үйлчилгээний зориулалттай талбайн үнэд төлсөн 28,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 23,936,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтад ...хариуцагчаас 298,700 төгрөгийг гаргуулж... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар И ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,974,80 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

 

ШҮҮГЧ А.САЙНТӨГС