Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/167

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Б хөтлүүлж

Улсын яллагч: С.Б 

Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Э А холбогдох 1912........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч:, Т овгийн Э А /РД:/  

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.А нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, ,,, ,,,, тоотод гэр бүлийн хамаарал бүхий салсан эхнэр П.Аг нүүр /тархи доргилт/ болон баруун, зүүн гуяа, зүүн шилбэ орчим нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

  Хохирогч П.Агийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 09-ны орой манай нөхөр А гэрээс гарч яваад гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь би 08 цагт би ажилдаа явах гээд хүүхдээ дагуулаад гэрээс гартал манай нөхөр хаанаас юм гарч ирээд чи хүүхэд авч явах гэлээ гэж уурлаад намайг гараараа миний нүүр рүү 2-3 удаа алгадаж үснээс зулгааж хөлөөрөө миний баруун зүүн хөл рүү ээлжлэн өшиглөж гар руу хүртэл цохиж зодсон. Тэгээд зодчихоод хүүхэд аваад гараад явсан. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд өөрөө ажилдаа явсан байсан. Намайг зодсон болохоор нь би цагдаад гомдол гаргасан. Урьд өмнө бол намайг цохиж зодож байгаагүй. Сая бол намайг аймаар их зодсон. Тухайн үед уурандаа л тийм өргөдөл бичиж өгсөн. Би шүүхээр орж нөхөр Аээс салсан. Одоо би өөрийн нутаг Хөвсгөл аймаг руугаа явна. Манай нөхөр Ирээдүй сургуульд жолооч ажилтай. Манай нөхөр Ирээдүй сургуульд жолооч ажилтай. Манай нөхөр А 2018 оны 12 дугаар сараас хойш ажлынхаа бүжгийн багш Ж гэх эмэгтэйтэй эр эмийн асуудал гаргаж явалддаг болсон. Би энэ талаар баттай сайн мэдсэн. Тэгээд энэ талаар нөхөр болон Ж нарт нь хэлсэн түүнээс болж уурлаж намайг манай нөхөр А зодох болсон. Манай нөхөр хонуутаар явдаг болсон хонуутаар явлаа гэж хэлэхээр уурладаг болсон сүүлдээ ингэж гар хүрч зодсон. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр А учруулсан. Тухайн үед өөр хүн байгаагүй хашааны гадаа таксины жолооч байсан, гэхдээ би тэр хүнийг танихгүй машины дугаарыг нь ч мэдэхгүй. Тэр жолооч хараагүй байх тухайн үед нөхөр бид хоёр л байсан. Надад гомдол санал гэх зүйл алга, би шүүхээр орж нөхөр Аээс салсан. Одоо надад Атэй яриад байх зүйл байхгүй. Би Хөвсгөл аймаг нутаг руу аав ээж дээрээ очихоор явж байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/ 

 

Э.Аийн яллагдагчаар өгсөн:… 2019 оны 05 дугаар сарын 10-ны өглөө гэртээ харьсан. Тэр үед манай эхнэр А хүүхдээ аваад гэрээс гараад ажил руугаа явах гэж байсан. Тэгэхээр нь би эхнэр Атай маргалдаад Аг дагуулж гэртээ орж ирээд хэрүүл маргаан хийсэн. Уурандаа хоёр гурван удаа алгадаж, баруун зүүн хөл рүү нь нэг нэг удаа өшиглөж зодсон. Тэгээд би хүүхдээ аваад гэрээс түрүүлж гарч яваад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд өөрөө ажил руугаа явсан. Би өмнөх шөнө нь гэртээ хоноогүй юм. Тэгээд манай эхнэр надад гэртээ ирж хоносонгүй гэж уурлаад хэрүүл маргаан болсон. Тэгээд уурандаа би эхнэртэй гар хүрчихсэн юм. Би хоёр гурван удаа гараараа хацар руу нь алгадсан, баруун зүүн хөл хүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Би Агийн биед уг гэмтлийг учруулсан. Урьд өмнө нь огт гар хүрч зодож байгаагүй. Би тухайн үед эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 215 дугаартай дүгнэлт:

1. П.Агийн биед гэмтэл учирсан байна. 

2. П.Агийн биед тархи доргилт, зүүн хацарт зүүн нүдний дээд зовхины дотор талаар, доод эрүүний доогуур зөөлөн эдэд няцралт, баруун гуяны гадна доод хэсэгт, зүүн гуяны урд доод хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтлүүд учирчээ.   

3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Шинж байдлаараа шинэ гэмтэл 

байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 

6. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 10 хуу/ 

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-

ийн 22 хуу/

Э.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 25 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 30-31 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 04-25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий салсан эхнэр П.Аг цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт зүүн нүдний дээд зовхины дотор талаар, доод эрүүний доогуур зөөлөн эдэд няцралт, баруун гуяны гадна доод хэсэгт, зүүн гуяны урд доод хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.А үйлдсэн болох нь хохирогч П.Агийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 09-ны орой манай нөхөр А гэрээс гарч яваад гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь би 08 цагт би ажилдаа явах гээд хүүхдээ дагуулаад гэрээс гартал манай нөхөр хаанаас юм гарч ирээд чи хүүхэд авч явах гэлээ гэж уурлаад намайг гараараа миний нүүр рүү 2-3 удаа алгадаж үснээс зулгааж хөлөөрөө миний баруун зүүн хөл рүү ээлжлэн өшиглөж гар руу хүртэл цохиж зодсон...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 215 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Э.А нь хохирогч П.Аг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн хацарт зүүн нүдний дээд зовхины дотор талаар, доод эрүүний доогуур зөөлөн эдэд няцралт, баруун гуяны гадна доод хэсэгт, зүүн гуяны урд доод хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 215 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. 

 

Иймд шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр П.Агийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. 

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 35 хуу, 26-27 хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Хохирогч П.А нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт /хх-ийн 27 дугаар хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 30 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т овгийн Эн А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар  торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Ад үүрэг болгосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь 

хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ