Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 09

 

                                                                                                   Б.Д, Ц.Мнарт

 холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Ц.М-йн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дугаар магадлалтай, Б.Д, Ц.Мнарт холбогдох 2225000000219 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил 8 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд оршин суух газраас явахыг хориглож, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн, Д.

 

2. Монгол Улсын иргэн, 2004 онд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, М.

 

Шүүгдэгч Б.Д, өсвөр насны Ц.М-ай бүлэглэж 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ... тоотод оршин суух Б.П-йн байшингийн цонхыг эвдэн орж “монел” загварын зурагт, бэлэн 20.000 төгрөгийн хамт хулгайлан авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

... тоот,  М.О-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 32 инчийн “ТСЛ” зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бугуйвч 1 ширхэг, 4 хос ээмэг бөгж, кулон, ногоон шигтгээтэй монетон бөгж, цулгуй монетон бөгж, “Хуайвей” загварын гар утас, цахилгаан хөрөө, хүүхдийн хонх, явуу зэргийг хулгайлан авч 3.452.460 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ... тоот, Д.Э-ын байшингийн цонхоор орж “Хайер” загварын 40 инчийн зурагтыг хулгайлан авч 559.930 төгрөгийн хохирол учруулсан,

... тоот, Д.Ө-ны Монгол гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн “Вишн” загварын зурагтыг хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ц.Мнь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вегас” баарны гадна Г.Э-тэй бүлэглэж А.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.Мнарыг бүлэглэн 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

өсвөр насны шүүгдэгч Ц.М-г бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-зааснаар Б.Дт 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М-д ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Б.Дт уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоож, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 129 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Доос 20.000 төгрөгийг гаргуулан хохирогч П, 15.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ө, 1.888.200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О, 127.650 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О, 134.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Ч, 143.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Д, өсвөр насны шүүгдэгч Ц.М-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-иас 15.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ө-д, 1.625.260 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О, 127.650 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О, 134.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Ч, 143.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 2 жил 11 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар” гэснийг “... 2 жил 11 сар 2 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар ...” гэж,

4 дэх заалтын “... 5 жил 11 сар 26 хоногийн ...” гэснийг “... 5 жил 11 сар 2 хоногийн ...” гэж,

5 дахь заалтыг “Өсвөр насны шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж дууссан үеэс эхэлж 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

9 дэх заалтын “... ирээгүй ...” гэсний дараа “... хохирогч А.Н  нь хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ...” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал бичсэн эсэргүүцэлдээ “... магадлалыг хүлээн авч танилцаад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Б.Дийн өмнөх 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлж, анхан шатны шүүхийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэсэн өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” буюу Монгол Улсын их хурлын 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 167 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолохоор заасан өөрчлөлтийг хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг буруу тооцож, анхан шатны шүүхээс зөрүүтэй тооцож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 89 дугаартай магадлалд шүүгдэгч Д.Д-т холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр өөрчлөлт оруулсан талаар зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Б.Д гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүх өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, дахиж гэмт хэрэг хийсэн гэж дүгнэсэн мөртлөө гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал санаатай болон санамсаргүй үйлдсэн, ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэн эсэхийг харгалзан үзсэнгүй. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсантай холбогдуулан 5 жил 11 сар 26 хоногийн биечлэн эдлэх ял оноож байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх уг ялыг надад тохирсон ял гэж үзэх боловч, эд хийж бүтээх цэл залуу насныхаа босгон дээр байгааг минь, мөн ард үлдэж байгаа хүний асаргаанд байдаг 2 гаргүй өвөө болон, хүнд өвчтэй ээж ар гэрийнхнийг минь болон хувийн байдлыг минь харгалзан үзсэнгүй. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө мөн цагдан хоригдох хүртлээ энэ хэрэгт холбогдохоосоо өмнө ажил хөдөлмөр эрхэлж, сургалтад хамрагдаж, гэр бүлдээ тус дэм болж явсан билээ. Одоогийн холбогдсон хэргийнхээ хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. Би өөрийн үйлдсэн энэ үйлдэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшин, ухаарч ойлгож байгаа билээ. Өвөө маань хоол цай идэж уух, бие засах, хувцсаа өмсөх гээд байнга миний асаргаа хэрэгтэй байдаг. Ээж маань нойр булчирхайн хүнд шатны хорт хавдартай, ээж болон өвөөгөө асран хамгаалах ганц хүн нь ийм байдалд орсондоо маш их харамсаж байна. Хэдий энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн дурдах нь зүйтэй хэдэн зүйл байна. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хэргүүд нь 2019 онд үйлдэгдсэн байдаг ба миний зүгээс бусдад төлж барагдуулсан хохирол төлбөрийг, цагдан хоригдсон хоногийг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 541 дугаартай шийтгэх тогтоолоор тэнсэн харгалзсан 1 жилийн ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх хуульд хамрагдсан ч нэмж нэгтгэн тооцсон нь буруу шийдвэр байна. Энэ талаар тухайн үед давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах ёстой байсан ч хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацааг хэтрүүлсэн. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс бугуйн цаг буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхлээд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бугуйн цагийг салган авч 05 сарын 02-ноос 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 4 сар 13 хоног зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн гэж зааж, энэ хугацаанд бугуйн цаг ашиглалтын зардал 174.870 төгрөгийг нэхэмжилдэг. Уг мөнгөнөөс “повер банк”-ны төлбөр 120.000 төгрөгийг ар гэрийнхэн маань төлсөн байдаг ба эдгээр нь бугуйн цаг зүүж байсан зорчих эрхийг хязгаарлаж байсан ялыг эдэлж байсан үндэслэл болно. 2225000000219 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба анхан шатны хурал хүртэлх хугацаанд бугуйн цагийн ял эдэлж байсан нь ял завших зүйл биш юм. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эцсийн шийдвэрийг шүүх тогтоодог. Анхан шатны гэм буруугийн хурал хүртэлх зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан 4 сар 13 хоногийн ялын хугацааг хасаж өгнө үү. Хэдий би бусдад хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн ч дахиж буруу зүйл хийж болохгүй юм гэдгийг, алдсан алдаанаасаа ухаарал олж, залуу хүний хувьд цаашдаа сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхэлж сайн сайхан амьдралын төлөө хичээх ёстой гэдгийг ойлгож өөртөө маш их дүгнэлт хийж бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж гомдолгүй болгож байгааг минь, мөн ар гэрийн гачигдал, хувийн байдал зэргийг минь харгалзан үзнэ үү. Хэргийг тал бүрээс нь нягталж, анхан болон давж заалдах шатны шүүхийн надад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 5 жил 11 сар 26 хоногийн ялыг хуульд заасан хамгийн доод хэмжээгээр багасгаж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон хэлсэн саналдаа “... хоёр үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд цагдан хоригдсон 129 хоногийг зөвхөн хорих ялаас хассан байдаг. Тэгэхээр Б.Д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдэлж байсан учир давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 5 жил 11 сар 2 хоног хорих ялаас цагдан хоригдсон 129 хоногийг хасах нь зүйтэй. Мөн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 389, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой хэргүүд нь нэгтгэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд ял шийтгэлийн байдлыг тодруулсан хэсэгт хэргийн дугаар нь зөрүүтэй байдаг ч хохирогчийн нэр таардаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгч 3 удаагийн бус 2 удаагийн ял шийтгэлтэй хүн юм. Б.Дт оногдуулсан 5 жил 11 сар хоногоос зорчих эрхийг хязгаарласан ялыг хасаж шийдвэрлэвэл түүний эрх зүйн байдал дээрдэх буюу 7 хоногийн ажлын 5 өдөрт эргэлт авах боломжтой болно” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Х.Оюунбат хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан буюу хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Ц.М-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Шүүгдэгч Б.Д, Ц.Мнар нь бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Ц.Мнь Г.Э-тэй бүлэглэж А.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Дт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн буюу зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж эхэлсэн хугацааг хоёр өөр байдлаар тайлбарласан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн өөрчилж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 11 сар 26 хоногоор тогтоосон нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол гарснаас хойш 29 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс зорчих ялыг эдэлж эхэлсэнд тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өөрчлөлтөөр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолохоор зохицуулсан. Шүүгдэгч Б.Дийн хувьд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс цахим бугуйвч зүүсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орохоос өмнөх хуулиар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс процессын хуульд өөрчлөлт орвол тухайн үед үйлчилж байсан хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэдэг агуулгаар тайлбарласан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буцаан хэрэглэх боломжгүй учир прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолын Ц.Д-т холбогдох хэсгийг, магадлалын Ц.М-д холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэснээс гадна хоёр шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

     Шүүгдэгч Д.Д нь насанд хүрээгүй эмэгтэй Ц.М-тай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн нэр бүхий иргэдийн эд зүйлийг хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Ц.Мнь хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

     Өсвөр насны шүүгдэгч Ц.Мхэргийг нь тусгаарлан шийдвэрлэсэн Г.Э-тэй бүлэглэж бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.   

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх өөр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндсэн ялын нэг болох зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн өсвөр насны хүнд оногдуулдаг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд нэгтгэн биечлэн эдлэх ялыг албадлагын арга хэмжээгээр тогтоож, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж, зорчих эрхийг хязгаарлах ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 

Шүүгдэгч Д.Д- нь насанд хүрээгүй байхдаа 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан боловч уг шийдвэрийн биелэлтийг хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаа заан хойшлуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах зэргээр хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй засарч хүмүүжих боломжийг олгож байсан ч насанд хүрсэн хойноо дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж 4 жил 8 сар 11 хоног хорих ял шийтгүүлжээ.

 

Гэвч шүүгдэгчид оногдуулсан дээр дурдсан хорих ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үндэслэлд хамаарах учир түүний эдлээгүй 3 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялтан Д.Д-гт  2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр цахим гав зүүж ялын хэрэгжилтэд эрх бүхий байгууллагаас хяналт тавьж эхэлсэн байна.

 

Ялтан Д.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн тул шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын дагуу түүний биечлэн эдлэх ялыг хорих ялаар тогтоохдоо эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял дээр нэмж нэгтгэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Иймд “... оногдуулсан хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр багасгаж надад ашигтай шийдвэрлэж өгнө үү”, “... хэргийг тал бүрээс нь нягталж Д гомдлыг хангаж, оногдуулсан 5 жил 11 сар 26 хоног хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэх ёсгүйн дээр хууль, түүнд нийцүүлж тогтоосон дүрэм, журмаар дамжин биелэгдэх, хэрэгжих боломжтой байх ёстой.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан магадлахдаа шүүгдэгч Д.Д-н зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн хугацааг “... шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дуусмагц буюу /шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш гардуулах 15 хоног, шийтгэх тогтоол гардан авснаас хойш давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах 14 хоног, нийт 29 хоног/ 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр болсон” гэж дүгнээд цагдан хоригдох хүртлээ 28 хоног зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэнд тооцсон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь учир дутагдалтай болно.

 

Учир нь шүүхийн шийдвэр хэдийд хуулийн хүчин төгөлдөр болох нь тухайн шийдвэрийг хэн, хэзээ, хэнд ямар байдлаар гардуулж өгсөн, эсхүл хүргүүлсэн гэдгийг нотолсон баримтад тулгуурлан эргэлзээгүй, нэг мөр тогтоогдсон байхыг шаарддаг хууль хэрэглээнд жишиг болон тогтсон туйлын тодорхой хууль зүйн ойлголт юм. 

 

2015 онд батлагдаж, 2017 оноос дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиар “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг шинээр хуульчилж, уг ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар зохицуулсан болно.

 

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөөр “Зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолно” гэж ямар нэг салаа утгагүйгээр хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр гэж өөрсдийн тооцоолж тогтоосон огноогоор ялтан Д.Д-н зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн хугацааг буруу тодорхойлсноос болж 20 хоног хорих ялыг завшиж болзошгүй нөхцлийг бүрдүүлсэн байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалын энэхүү өөрчлөлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалын шүүгдэгч Б.Дт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                        Б.ЦОГТ

 

                                                                        Д.ЭРДЭНБАЛСҮРЭН