Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2020/0423/З |
Дугаар | 001/ХТ2024/0077 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2024/0077
Ж.Н-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн
Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга болон
Газар зохион байгуулалтын алба, тус албаны дэргэдэх
газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл,
Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0139 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0242 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Л.О, Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэхэд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 05 дугаартай тэмдэглэл, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
1.2.Баянгол дүүргийн Засаг даргад хандан гаргасан газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг драгын 2020 оны 03 дугаар сарын 30-ны 12/1403 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,
1.3.Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийн иргэн Ж.Н-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах,
1.4.Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Ж.Н-ын газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.1.Иргэн Ж.Н-т Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 м.кв талбайд павильон барих зөвшөөрөл 4 жилийн хугацаатай өгч, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 256 дугаар захирамжаар гэрээг сунгаж, 2008, 2015 онуудад газрын төлбөр тодорхойлох актаар газрын төлбөрийг авч байжээ.
2.2.Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11, 12 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А/736 дугаар захирамжаар барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх эрхийг “Т” ХХК-д өгч, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тус газрыг ашиглаж ирсэн 22 жилийн хугацаанд газар ашиглах эрхийг урьд өмнө нь хугацааг сунгахаас татгалзсан үйлдлийг Баянгол дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба огт гаргаж байгаагүй. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэхэд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлтээр өргөдлийг минь эс зөвшөөрч шийдвэрлэсэн нь хууль бус.
3.1.Он удаан жил ашиглаж ирсэн газар дээр минь давхцуулан дахин төлөвлөлт нэрийдлээр “Т” ХХК-д газар эзэмших эрх олгосонд гомдолтой байна” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0139 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших ашиглах эрхийн хянан шийдвэрлэх дэд зөвлөлд холбогдуулан гаргасан “Ж.Н миний газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тус зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл болон дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох тухай”, Баянгол дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах”, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах”, нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж, нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0242 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг сунгаж, нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах” гэсний дараа Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/1403 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Нэхэмжлэгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
6.1.Шүүхэд маргаж байх явцад миний газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй, энэ талаар шийдвэр гараагүй, эсвэл бусдад эзэмшүүлсэн, эсвэл дахин төлөвлөлтөд орсон мэтээр төрөл бүрийн тайлбарыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гаргаж шүүхийг болон намайг төөрөгдүүлж ирсэн. Мөн энэ хэрэг дээр маш олон шүүгч солигдож 4 жил орчим хугацааны дараа хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Эцэс сүүлдээ Ж.Н миний 20 гаруй жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан газрыг маань ердийн контейнер шиг үзээд, анхнаасаа газар эзэмших эрх огт байгаагүй, гэрчилгээ байхгүй учраас газар эзэмших эрхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш гомдолтой байна.
6.2.Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Т” ХХК нь нэхэмжлэгчийн газартай давхцуулан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулсантай холбоотойгоор давхацсан хэсгээрээ хүчингүй болгуулахаар маргаж байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээс “Т” ХХК нь бодит байдал дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн байршилд гаргуулаагүй байсан. “Т” ХХК Баянгол дүүргийн олон газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа нь газрын байршлыг буруу ойлгоход хүргэсэн нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар захирамжаар “Т” ХХК-д олгосон 3522 мкв газар нь *** нэгж талбарын дугаартай бүртгэгдсэн Барс захын хойно байдаг орон сууцны газар юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Т” ХХК-ийг 100 дугаар захирамжаар тухайн байршилд газар эзэмшдэг болох нь тогтоогддог гэснийг хараад гайхаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шүүгч Д.Чанцалням нь миний өмгөөлөгчийг загнаж, ямар учраас буруу захирамжтай маргаж төөрөлдөөд байгаа юм бэ гэж хэлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.
6.3.Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс миний газрыг инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай учраас дүүргийн Засаг дарга танд анхнаасаа буруу газар эзэмшүүлсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан бол шинжээчийн дүгнэлтэд заасан өнгөөр ялгасан зургаас харахад ямар ч давхцал байхгүй байгаа талаараа өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо тусгасан ч энэ тал дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлтийг хийгээгүй байна.
6.4.Үнэхээр л “Т” ХХК-д 100 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон бол энэ газар нь шүүхээс түдгэлзсэн байхад хариуцагч болон гуравдагч этгээдүүд нийлж миний цайны газрын барилгыг дур мэдэн доторх эд хогшилтой нь цуг хүч түрэмгийлэн нураасанд миний бие асар их гомдолтой явдаг.
6.5.Хэрэв намайг газар эзэмших эрхгүй гэж үзэж байгаа бол 1999 оноос хойш гаргасан газар эзэмшихтэй холбоотой хүсэлтүүд маань яах болж байна вэ?, жил бүр очиж зурж газраа баталгаажуулдаг байсан гарын үсэг маань хаачих вэ? иргэн намайг газар эзэмших хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа шүүхийн шийдвэр, магадлалуудад асар их гомдолтой байна.
6.6.Үнэхээр би хууль бусаар газар эзэмших байсан юм бол учирсан хохирол, нөхөн төлбөрөө хэнээс гаргуулж авах талаар анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх аль аль нь хариулж чадаагүй, хэрэв би үнэхээр газар эзэмших эрхгүй байсан бол газрын мэдээллийн санд миний нэр дээрх газар ямар учраас үүсэх билээ, ямар учраас дүүргийн газрын албатай гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөх билээ, цайны газрын үйл ажиллагааг хэний зөвшөөрлөөр явуулах билээ, тог цахилгаан, хэрэглээний усаа хаанаас хангуулах билээ, хэн ч харсан ойлгомжтой энэ асуудлыг Монгол Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэж өгнө үү.
6.7.Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ерөнхий агуулгатай гарсан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/35 дугаар захирамж нь Ж.Н танд үйлчлэх ёстой учраас цайны газрын барилгыг чинь нураачихсан гэж тайлбарладаг атлаа миний барилгыг нураасан энэ захирамжийн хууль бус гэдгийг нь шүүхээр тогтоолгох гэхээр шүүх буруу маргасан гээд байдаг. Нэгэнт хэрэгжсэн энэ захирамжтай холбоотойгоор олон жилийн хугацаанд маргаж байгаа хэрэг дээрээ дахин дахин нэхэмжлэлээ өөрчлөх байдлаар хандах ёстой байдаг юм уу, миний барилгыг нураасан нь зөв, буруу талаар шүүх огтоосоо авч хэлэлцээгүй.
6.8.Миний цайны газар нь вокзал орчимд ажилладаг төмөр замын ажилчид, хот хоорондын таксины жолооч, зорчигч нар байнгын үйлчлүүлдэг, байнгын ашиг орлоготой байсан газрыг минь ямар ч газар эзэмших эрхгүй, дахин төлөвлөлт нэрийн доор өөр компанид олгож байгаад гайхширал төрж байгаа ба наанадаж энэ газраа бодитоор ашиглаж үйл ажиллагаа явуулдаг гэдгийг, энэ компани дахин төлөвлөлтөд шалгарахаас өмнө нь миний бие газар эзэмших хүсэлтүүдээ гаргаж байсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Нэхэмжлэгчийн хохирол, нөхөн олговрын асуудлаар хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
9.Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/43 дугаар “Газрын зөвшөөрөл олгох тухай” захирамжаар нэхэмжлэгч Ж.Н-т Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр “У” ХХК-ийн дэлгүүрийн зүүн талын 25 дугаар байрны баруун урд өнцөгт 24 м.кв бүхий талбайд павильон барих зөвшөөрөл олгож, газар эзэмших ашиглах гэрчилгээг дөрвөн жилийн хугацаатай олгож, газрын төлбөрийг дүүргийн газрын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.
10.Дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Н нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай /хуучин нэрээр/ 36м.кв газар ашиглах гэрээ байгуулан 2004 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл улирал тутам сунган ашиглаж байгаад Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 256 дугаар захирамжаар тус гэрээг хугацаа тодорхойгүй сунгасан байна.
11.Үүний дараа 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8010/5028 дугаар бүхий Газар эзэмшүүлэх гэрээг байгуулан тус гэрээг 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.
12.Нэхэмжлэгчээс 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албаны даргад хандан гэрээний хугацааг сунгуулах өргөдөл гаргаснаар жил бүр газрын төлбөр тогтоосон акт үйлдэн тооцоо нийлж, баталгаажуулж явсаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2020 оны газрын төлбөрийг бүхэлд нь төлж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газар ашиглах хугацааг тогтоосон байна.
13.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 01-01/05 дугаар ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны барилгуудын ашиглалтыг хориглож шийдвэрлэжээ.
14.Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлагыг шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх эрхийг “Т” ХХК-д олгож, нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар захирамжаар 3522 м.кв газрыг тус компанид эзэмшүүлсэн байна.
15.Нэхэмжлэгч Ж.Н-ын ашиглаж байсан гэх газар нь дээрх барилгажилтын төсөл хэрэгжүүлэх газартай давхцалтай болох нь тогтоогдсон.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээдийн бодитоор ашиглаж байсан газар нь дахин барилгажилтын төсөлд хамрагдсан тохиолдолд тухайн этгээд газраа үргэлжлүүлэн ашиглахаар шаардах эрхтэй эсэх,
-Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө нь дахин барилгажилтын төсөлд хамрагдсан тохиолдолд хохирол, нөхөн олговрыг хэрхэн шийдвэрлэх эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
16.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн урьдчилсан нөхцөл нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болохыг хуульд тодорхой тусгаж өгчээ.
17.Нэхэмжлэгч нь 1999 онд олгосон гэрчилгээний дагуу газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байх бөгөөд үүнээс хойш газар ашиглах гэрээ байгуулан жил бүр сунгуулсан, 2020 он хүртэл газрын төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон хэдий ч тэрээр 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дээрх шаардлагын дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрыг эзэмшүүлэх эрхтэй этгээд болох нийслэлийн Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр газрыг эзэмшээгүй байх тул газрын харилцааг хуульд нийцсэн гэж дүгнэх, түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хууль зүйн үндэслэлгүй.
18.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих”, мөн зүйлийн 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин барилгажилтын төслийг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэгчид газар эзэмших эрх олгох бүрэн эрхтэй байна.
19.Дээрх зохицуулалтын хүрээнд нийслэлийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” А/736 дугаар захирамжийн дагуу гуравдагч этгээд “Т” ХХК Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байх ба нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.
20.Түүнчлэн, Газрын тухай хуулийн (2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө) 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх бүрэн эрхийг “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо тухайн газар нь инженерийн шугам, сүлжээтэй давхцалгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог гэж тайлбарлаж байх боловч хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл инженерийн шугам, сүлжээ бүхий газар гэдэгт инженерийн шугам, сүлжээнд холбогдсон болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар хамаарахаар байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
21.Үүнээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн цайны газрын павильон барьж ашигласан газар нь дахин барилгажилтын төсөлд хамрагдаж уг төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар бусдад газар эзэмших эрх олгогдсон, мөн тухайн газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар байх тул газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах, давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
22.Энэ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
23.Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж захиргааны хууль ёсны үйл ажиллагаанаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд нөхөн олговор олгох ерөнхий шаардах эрхийг тусгаж өгсөн.
24.Нэхэмжлэгч нь анх газар эзэмшихдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр тухайн газрыг эзэмших болсон, 1999 оноос хойш павильон барьж бодитоор ашигласан, мөн захиргаа өөрөө нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээ байгуулан жил бүр сунгасан, газрын төлбөрийг төлүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх үед нэхэмжлэгчид зохих ёсоор газрыг эзэмшиж буй гэх тодорхой итгэл үнэмшил бий болсон байх бөгөөд энэ бүх хугацаанд нэхэмжлэгчийг хууль бусаар газрыг эзэмшиж байсан гэж дүгнэх нь зүйд нийцэхгүй.
25.Энэ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг баримтлан нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
26.Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамж, түүнийг хэрэгжүүлж газрыг албадан чөлөөлж павильоныг буулгасан нь уг харилцааг зохицуулсан хуульд нийцсэн эсэх, мөн өөрт учирсан хохирол, нөхөн олговрын асуудлаар шаардан маргах эрхтэй байна.
27.Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т “Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь эхлээд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар захиргаатай харилцан тохиролцох зохицуулалттай тул “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг барагдуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг оруулж, газрыг албадан чөлөөлсөн шийдвэр үйл ажиллагааг хянуулах эрхтэй болохыг дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0139 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0242 дугаар магадлалын ТОГТООХ хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ