Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2017/0011

Төв аймаг

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Хаан” ХХК-иас гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн “Хаан банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХААН банк”- ны Төв аймаг дах салбар нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын А/593 дугаартай захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Нефтийн задгайд 2000 м.кв газрыг банкны оффисын барилга барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/315 дугаартай захирамжаар өмнөх А/593 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын 1000 м.кв-ыг нь офиссын барилга барих, 1000 м.кв газрыг нь банкны ажилчидын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг хоёр хуваан гэрчилгээг Банк болон Төв салбарын бизнес хөгжил хариуцсан менежер Г.Эрдэнэцогтын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар “ХААН банк”-ны Төв салбарт газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.  Иймд Төв аймгийн Засаг даргын 2017 оны А/110 дугаартай захирамжийн “ХААН банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож банкны зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/01 эвлэрлийн гэрээндээ:

.... 1.4.1 Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамжаар нэхэмжлэгч “ХААН банк” ХХК, Г.Эрдэнэцогт нарын газар эзэмших эрхийн талаарх Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/315 тоот захирамжийг хүчингүй болгосон тул Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн А/593 тоот захирамжаар “ХААН банк” ХХК-д 2000 м.кв газар эзэмшүүлсэн газар эзэмших эрх эргэж сэргээгдсэнд тооцлоо.  Эвлэрийн гэрээ байгуулсан өдрөөс ажлын 3 өдрийн дотор хариудагч тал нь “ХААН Банк” ХХК /РД: 2693321/-ны нэр дээрх 2000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэн олгож, газар эзэмших эрхийн гэрээг байгуулах, нэхэмжлэгч тал буюу “ХААН банк” нь газрын суурь үнэ болох 16.000.000 /Арван зургаан сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн “Хаан банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/01 эвлэрлийн гэрээнд: ... Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамжаар нэхэмжлэгч “ХААН банк” ХХК, Г.Эрдэнэцогт нарын газар эзэмших эрхийн талаарх Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/315 тоот захирамжийг хүчингүй болгосон тул Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн А/593 тоот захирамжаар “ХААН банк” ХХК-д 2000 м.кв газар эзэмшүүлсэн газар эзэмших эрх эргэж сэргээгдсэнд тооцлоо. Эвлэрийн гэрээ байгуулсан өдрөөс ажлын 3 өдрийн дотор хариудагч тал нь “ХААН Банк” ХХК /РД: 2693321/-ны нэр дээрх 2000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэн олгож, газар эзэмших эрхийн гэрээг байгуулах, нэхэмжлэгч тал буюу “ХААН банк” нь газрын суурь үнэ болох 16.000.000 /Арван зургаан сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэж бичээд талууд гарын үсэг зуржээ.

Мөн иргэн Г.Эрдэнэцогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Төв аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хаан банк нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/01 тоот эвлэрлийн гэрээтэй танилцлаа. Эвлэрлийн нөхцөлийг батлаж, шүүхийн захирамж гарахад татгалзах зүйлгүй болно” гэж бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийн гэрээ байгуулж бичгээр шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь эвлэрлийн гэрээ, Г.Эрдэнэцогтын тайлбараар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/315 тоот захирамжийг хүчингүй болгосон тул Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн А/593 тоот захирамжаар “ХААН банк” ХХК-д 2000 м.кв газар эзэмшүүлсэн газар эзэмших эрх эргэж сэргээгдсэнд тооцож, эвлэрийн гэрээ байгуулсан өдрөөс ажлын 3 өдрийн дотор хариудагч тал нь “ХААН Банк” ХХК /РД: 2693321/-ны нэр дээрх 2000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэн олгож, газар эзэмших эрхийн гэрээг байгуулах, нэхэмжлэгч тал буюу “ХААН банк” нь газрын суурь үнэ болох 16.000.000 /Арван зургаан сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН