Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1622

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05180 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Зээлийн гэрээний биелэлтэд 38 437 778 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ХХХ нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “ХХХ” ХХК-тай 160018884 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1160018884-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 25 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 36 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаартай,ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХ тоот, 30.09 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. ХХХ нь барьцаат зээлийн 1160018884 дүгээр гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу cap бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Зээлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. ХХХ нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний 1.1-т заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч ХХХийн төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: Үндсэн төлбөр 25 000 000 төгрөг, хүү 12 088 271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 331 507 төгрөг, наториатын төлбөр 18 000 төгрөг, нийт 38 437 778 төгрөг байна.

Иймд 1160018884 дүгээр гэрээний зээлийн төлбөр болох нийт 38 437 778 төгрөгийг ХХХээс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэсэн нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан өөрийн 1 өрөө орон сууцаа барьцаалаж хүү /жилийн/ 36 хувиар тогтоон харилцан тохиролцсон нь үнэн билээ. Харин нэхэмжлэлд жилийн хугацаанд 365 хоногт хүүг 36 хувиар тооцож баталгаажуулсан бөгөөд энэхүү заалтаас авч, үзэхэд хүүд 8 000 000 төгрөгийг тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Нийт үндсэн зээл 25 000 000 төгрөг, 1 жилийн зээлийн хүү 8 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөгийг төлөх үүргийг би хүлээх ёстой. Гэрээний хугацаанд 6 удаа хүүг дансаар төлсөн бөгөөд нийт 3 200 000 төгрөгийг төлж хүүгээс 4 800 000 төгрөгийг төлөх ёстой нь үнэн. Үүнээс үзэхэд одоо миний бие үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 4 800 000 төгрөг, нийт 29 800 000 төгрөгийг төлөх нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Мөн нэмэгдүүлсэн хүүг 8 хувиар бодоход 3840 000 төгрөг нэмэгдэж, нийт үнийн дүн 30 182 000 төгрөгийг тооцох нь баримтуудаар нотлогдож байгаа тул энэ мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Эцэст нь хүсэхэд миний бие сүүлд амьдралын аргаггүй нөхцөл байдлаас болж зээлийг төлөх үнэхээр боломжгүй болсон. Амин хувийн гачигдал, зовлонгоо тэр бүр тооцоход маш хүндрэлтэй байгаа тул шүүх хуралдаан дээр ярихаас гадна нэхэмжлэгч байгууллагын тооцооллыг ойлгохыг гуйж байна. Иймд дээрх 30 100 000 төгрөгийг төлөх ямарч орлогын эх үүсгэвэр хөрөнгөгүй тул уг зээлийг авахад ипотекийн зээл болгож өөрийн 1 өрөө байрыг банкны үнэлгээ 50 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалагдсан байгаа тул хуулийн дагуу уг байрыг танай байгууллага өөрийн өмчлөлдөө авч худалдан борлуулж илүү гарсан мөнгийг надад олгохыг хүсье. Уучлаарай миний эцсийн ганц боломж энэ байна. Шүүгч болон нэхэмжлэгч миний амьдарлын аргаггүй байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэн өгөхийг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХХХээс 38 340 397 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97 381 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө орлогоос хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХХээс 349 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх иргэний хэргийг энэ мэтээр шийддэг бол хариуцлагын болон иргэний хэрэгт биечлэн оролцох эрхийг зөрчин хөсөрдүүлж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.12, манай зүгээс дээрхи заалтаас нэгийг ч зөрчөөгүй. Өмгөөлөгч миний бие 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүгчийн туслах ХХХХ-ийн өрөөнд орж хавтаст хэрэгтэй танилцаж байтал “...ажил тарлаа...” гэхээр нь би “...дараа ирж тухтай танилцъя, хурал хэзээ болох юм бэ...” гэхэд 2016 оны 7 дугаар сарын 19-ний 09 цаг 30 минут гэхэд нь тэмдэглэж аваад явсан.

Миний бие 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 20 минутад хэрэгтэй танилцахаар очиход танай хурал өглөө болоод өнгөрсөн та 7 хоногийн дараа ирж шийдвэрээ аваарай гэсэн. Би 3 удаа очиж шаардсан бөгөөд туслах нь шийдвэр гарахаар таньд хэлье гэснээр 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хавтаст хэрэгтэй танилцахад дараах ноцтой зөрчил илэрсэн.

Миний хэрэг танилцсан хуудаст 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хурал болох тухай тэмдэглэл шинээр хийсэн байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.3-т зааснаар хурлын тэмдэглэл, намайг хэрэгтэй танилцах хүртэл хийгээгүй байсан. Энэ тухай шүүгчийн туслах ХХХХ-д хэлсэн, хажууд нь суудаг охин ч сонссон, хуурамчаар хийсэн байх. Бид зөвхөн өмгөөлөгч, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг хийсвэр дүгнэлт хийж бидний эрхийг тодорхой үндэслэлгүйгээр хязгаарласанд туйлын гомдолтой байгаа
юм.

Бид зөвхөн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шүүх ноцтой зөрчсөн
тухай гомдол гаргаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар өөр төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр болох ёстой боловч, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөнийг анхаарна уу. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний биелэлтэд 38 437 778 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 30 182 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрч марган барьцаа хөрөнгийг борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

            Зээлдүүлэгч нь 25 000 000 төгрөгийг 12 сар буюу нэг жилийн хугацаатайгаар жилийн 36 хувийн хүүтэй зээлсэн,зээлдэгч мөнгийг хүлээн авч гэрээнд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон байх бөгөөд уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг талуудад үүссэн талаар анхан шатны шүүх зөв  дүгнэсэн байна.

            Үндсэн зээл 25 000 000 төгрөгийн жилийн 36 хувийн хүүд төлбөл зохих 8 000 000 төгрөг төлөх үүргээс 3 200 000 төгрөг төлсөн тул хүүгийн үлдэгдэл 4 800 000 төгрөгийг болон нэмэгдүүлсэн хүүгийн 384 000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж 30 182 000 төгрөгөөс төлнө, илүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул зээлийн гэрээ дууссан 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 6 дугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй.

Иймд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дууссанаас хойшхи 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг талуудын гэрээгээр тохирсон хувиар тооцсон нь зөв болно. Тодруулбал, гэрээний 1.1-д заасны дагуу хүүг тооцож үзвэл гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ныг хүртэл 620 хоногийн хүү нь 15 287 669 /24 657,53*620/ төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 3 200 000 төгрөгийг хасахад 12 087 669 төгрөгийн хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна.

Талууд гэрээний 4.1-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул хүүгийн 20 хувьтай тэнцэх 4 931 506 /24 657,53*20 хувь/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг  хоног тутам төлөх үүрэгтэй ба гэрээний хугацаа дууссан 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс хойш 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх 254 хоногоор тооцвол 1 252 728 /4 931 506*254/ төгрөгийн төлбөрийг 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч нь гэрээний үүрэгт 38 340 397 төгрөг төлөх үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангасан нь зөв байна.

Мөн шүүх 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээний 5.2 дахь заалтаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахаар харилцан тохиролцсоныг үндэслэн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

            2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9.30 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай болон хэргийн материалтай танилцсан тухай баримтад хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, хариуцагч ХХХ 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан ба хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах  үүрэгтэй. Иймд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд  нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг харгалзан хүрэлцэн ирээгүй хариуцагч талын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Шүүхээс зохигчдод хуралдааны товыг мэдэгдсэн болон хэргийн материалтай танилцуулсан тухай баримтыг тусад нь үйлдэж, уг 2 баримтын аль алинд хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ 2016 оны 6 дугаар 27-ны өдөр гэж бичиж, гарын үсгээр баталгаажуулсан байх тул “миний хэрэг танилцсан хуудсан дээр 2016-07-18-нд хурал болох тухай тэмдэглэл шинээр хийсэн байсан” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл нотлогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ