Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 010

 

  Х.Аманбект холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Аманбект холбогдох эрүүгийн 201604000126 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор М.Отгонжаргал, шүүгдэгч Х.Аманбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч С.Хавилхах, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек нарыг оролцов.

 

Шүүгдэгч Ители овогт Хавилхахын Аманбек, Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчин ажилтай, ам бүл 4, аав, эхнэр хүүхдийн хамт Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БА77120170.

 

Шүүгдэгч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна", 21.7-д заасан "Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 40-98 БӨА улсын дугаартай "Зил-130" маркийн ачааны автомашин жолоодож явж байгаад Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Нурсауле, Х.Хыргауыл, А.Лашын нарын амь нас хохирсон, Б.Рысбекийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

1. Шүүгдэгч Ители овогт Хабилхахын Аманбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироож, 1  хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 -р зүйлийн 551 .1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Аманбект оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Аманбек, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Х.Аманбек нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Аманбект холбогдох эрүүгийн 201604000126 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн дүгнэлтэд '..Жолооч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а-д зааснаар тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.б-д зааснаар тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна", Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мырзабекийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн 07 тоот дүгнэлтэд “...1.3амын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. 2. Жолооч Х.Аманбек нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9..2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.7-д заасан хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд\ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчиж ачаа нь дээр хүн суулгаж явсан, “3ил-130” маркийн 4098 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. “3ил-130” маркийн 4098 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн нөхцөлд тулгарсан үед машины бүрэн зогсоож ослоос зайлж болох байсан. Осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль нь гацсанаас болсон байна”, Баян-Өлгий аймгийн авто тээврийн Төвийн инженер Е.Жанатхан, техникч Т.Шидат нарын дүгнэлтэд “...3ил-431410 маркийн 4098 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол гарах үед бүтэн бүтэн байгаагүй байна. 2. Осол гарах үед 3ил-431410 маркийн 4098 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын улмаас эвдэрсэн байх тул асааж хий хураалгаж тоормосны аппаратыг шалгах, мөн тоормос нь бүрэн ажиллагаатай эсэхийг шалгах боломжгүй байв.

Автомашиныг асааж шалгах гэсэн боловч асаагүй болно. Жолооны механизмыг задалж шалгаж үзэхэд механизм хэвийн ажиллагаатай байв. Урд дугуйнуудыг домкратаар өргөж байгаад дугуйнуудыг мушгихад баруун зүүн тийш эргэхгүй гацсан байдалтай байсан тул жолооны хөндлөн чиглүүлэгчийг салгаад дугуйнуудыг мушгихад зүүн урд дугуй хэвийн эргэлттэй байсан ба баруун урд дугуй гацаж эргэхгүй байв. Шалтгаан нь баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд хадагдаж гацсан байсан болно. З.Баруун урд дугуй нь сапфны латунан шайбнууд хөдөлгөөний дунд эвдэрсэн байсан тул гацсан байна. 4.3ам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооны механик нь хэвийн ажиллагаатай байсан боловч баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хадагдсанаас болж осол гарсан байна" тус тус дүгнэлт гаргасан байна. Дээр дурдсан 3 өөр шинжээчийн дүгнэлтүүд хооронд утга агуулгын хувьд зөрүүтэй, нэг нэгний дүгнэлтийг үгүйсгэсэн, маргаан бүхий үйл баримтад бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй, эргэлзээтэй байна гэж үзэж байна. Ингэхээр анхан шатны шүүх шинжээч нарын эргэлзээтэй дүгнэлтүүдийг шүүгдэгч Х.Аманбекийг гэм буруутайд тооцох шийтгэх тогтоол гаргах нотлох баримт болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дугаар зүйлийн 284.1-т 'Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэснийг ноцтой зөрчиж байна. Шинжээч А.Мырзабекээс Б.Мэндбаярын дүгнэлт үндэслэлтэй гэсэн боловч Б.Мэндбаярын гаргасан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а-д зааснаар тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно. З. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.6-д зааснаар тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэсэн хэсгийг үгүйсгэсэн дүгнэлт гаргажээ.

Шинжээч А.Мырзабекийн дүгнэлтэнд ...“Зил-130” маркийн 4098 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. “3ил-130” маркийн 4098 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн нөхцөлд тулгарсан үед машины бүрэн зогсоож ослоос зайлж болох байсан. Осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль нь гассанаас болсон байна”, шинжээч Е.Жанатхан, X Шидат нарын дүгнэлтэд “...Баруун урд дугуй нь сапфны латунан шайбнууд хөдөлгөөний дунд эвдэрсэн байсан тул гацсан байна. 4. Зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооны механизм нь хэвийн ажиллагаатай байсан боловч баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хадагдсанаас болж осол гарсан байна” гэж тус тус дурдсан нь автомашин хөдөлгөөнд дунд явж байтал техникийн гэнэтийн эвдрэл тохиолдсон учраас энэ нь жолоочоос хамааралгүй авто осол гэж үзэж байна.

Шинжээчдийн дүгнэлтээр “Осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль нь гацсанаас болсон байна. Зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооны механик нь хэвийн ажиллагаатай байсан боловч баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хадагдсанаас болж осол гарсан байна” гэжээ. Тэгэхээр хөдөлгөөнд дунд автомашинд гарсан өмнө хэн ч төсөөлж байгаагүй гэнэтийн эвдрэлийг хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үе гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Тэгэхээр техникт гарсан гэнэтийн эвдрэлд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой гэж дүгнэж байгаа нь нэг талыг барьсан зөвхөн жолоочийг буруутгасан асуудал гэж үзэж байна.

Шинжээч А.Мырзабекийн дүгнэлтэд "...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.7-д заасан хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд\ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчиж ачаа нь дээр хүн суулгаж явсан” гэжээ. Тухайн ачааны автомашины тэвшинд хүн суулгаж явсан нь Захиргааны зөрчил болохоос биш, гэмт хэргийн шинжийг агуулаагүй юм. Учир нь автомашин хөдөлгөөн дунд урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн техникийн гэмтэл, эвдрэл хэзээ ч гарч болох юм.

Иймэрхүү тохиолдлоор үүссэн авто ослын үед автомашины дээр зорчигч сууж явсан ч, хүн байхгүй байсан ч осол гарна шүү дээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч Х.Аманбект холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгөх эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Х.Аманбекийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн байна.

 

Хавилхахын Аманбек нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг “Кен-сай” гэх газарт 40-98 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.7-т заасан “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг (тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө.” гэсэн заалтуудыг зөрчиж хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд   хүн суулгасан, мөн уг машины баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хөдөлгөөнд аюул тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гаргаж Т.Нурсауле, Х.Хыргауыл, А.Лашын нарын амь нас хохирсон,  Б.Рысбекийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

 

- Хохирогч С.Хавилхахын “...2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бид өглөө Өлгийгөөс 06 цагийн үед хүү Х.Аманбекийн өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн машинтай өөрсдийн хэдэн үхэр, гэр орон зэргээ ачиж гарсан. Кабинд миний бие, Х.Аманбекийн эхнэр Бахытберди, бага охин нар сууж явсан. Машины дээр миний охин Хыргауыл, А.Лашын, Т.Нурсауле, Б.Рысбек нар сууж явсан юм. Аймгаас гараад Буянт сум орж цаашаа  явж байгаад өглөөний 11 цагийн үед Алтай сумын хавцлын наад талын ам болох “Кен-сай” гэх газарт явж байгаад  өгсүүр  эргэлттэй газар ирээд гэнэт машины руль гацаж, миний хүү сандарч эхэлсэн ба тэр хооронд машин замаас гараад шууд замын зүүн тал руу хазайж байгаад унасан.” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч С.Бахытбердийн “...2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өглөө бид аймгийн төвөөс өөрсдийн машинд гэрийн ачаа бараа эд хогшил, үхэр мал, хэдэн хүүхдээ ачиж  Алтай сум руу зусланд гарахаар явж байгаад машин онхолдож миний 2 охин болон хамт явж байсан миний ахын охин Т.Нурсауле нар нас барсан” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Б.Рысбекийн “...Машин дээр би унтаж байсан ба машин нэг мэдэхэд хазайж байсан би машин унасан талын эсрэг тал руу унасан байсан.” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Х.Исагийн “...замын доод талд ачаатай ЗИЛ-130 маркийн машин онхолдсон байдалтай байсан. Тэнд Хавилхах гэх өвгөн болон үл таних нэг эрэгтэй, нэг эмэгтэй , 8-9 дүгээр ангийн эрэгтэй хүүхэд, 4 орчим насны жаахан хүүхэд байсан. Зил-130 маркийн машины дугуй нь дээшээ харж  замын зүүн талд унаж, машины зүүн талд толгой хэсгээс нь цус гарсан хажуу тийшээ хэвтсэн байдалтай эмэгтэй хүний цогцос мөн машины доор нь хоёр хүүхдийн хоёр хөл нь харагдаж байсан ба би тэр хоёр хүүхдийн амьд эсэхийг мэдэхээр ойртож очиход нас барсан байсан.” гэх мэдүүлэг,

 

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “...Жолооч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй, мөн дүрмийн 21.7-д заасан хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчиж, ачаа нь дээр хүн суулгаж явсан.” гэх  07 тоот  дүгнэлт,

 

- Техникийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар сарын 20-ны өдрийн “...Зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооны механизм нь хэвийн ажиллагаатай байсан боловч баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хадагдсанаас болж осол гарсан байна.” гэх 06 тоот дүгнэлт  болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн фото зураг, зам тээврийн ослын  үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, ослын шалтгааны акт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд  Х.Аманбект  холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгаж тогтоосон, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй  байна.

 

Ялтан Х.Аманбек, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан “...хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүд утга агуулгын хувьд зөрүүтэй, маргаан бүхий үйл баримтад бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй, эргэлзээтэй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн, уг осол нь хөдөлгөөний дунд техникийн гэнэтийн эвдрэл тохиолдсон учраас жолоочид хамааралгүй осол гэж үзэж байна. Гэнэтийн эвдрэлийг хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үе гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Тухайн ачааны автомашины тэвшинд хүн суулгаж явсан нь захиргааны зөрчил болохоос гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул Х.Аманбект холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх эсвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж өгнө үү.” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь: Шинжээч А.Мырзабекийн гаргасан дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон бол шинжээч Е.Жанатхан, Т.Шидат нарын дүгнэлт нь техникийн бүрэн бүтэн байдлын талаар гаргасан техникийн дүгнэлт бөгөөд энэ хоёр дүгнэлтийг хоорондоо зөрүүтэй гэж үзэх боломжгүй юм.  Харин Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн зохицуулагч Б.Мэндбаяр нь зам тээврийн ослын актыг үйлдсэн байх ба шинжээчээр томилогдож дүгнэлт гаргаагүй байна. Шинжээч А.Мырзабекийн дүгнэлт нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, ослын акт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байх тул түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлт нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсоноос гадна шинжээчийн дүгнэлт нь тодорхой, ойлгомжтой байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Х.Аманбек нь  тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний явцад  дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хадагдсан эвдрэлийн улмаас хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ авч чадаагүй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21.7-д заасныг зөрчиж ачаан дээр хүн суулгаж явсан  нь хэргийн газрын үзлэгийн “...замаас анх машин гарсан гэх А цэгээс онхолдсон машин хүртэл 23.40 метр хэмжээ бүхий газарт ямар нэгэн тоормосны ул мөр үгүй байв. Тухайн замын эргэлтийн хэсэг буюу Б цэгээс А цэг хүртэл зам дээр тоормосны ул мөр үгүй байв” гэх тэмдэглэл болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

 

Х.Аманбекийн  Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай , Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл нь бусдын амь нас эрүүл мэндийг хохироосон хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.Х.Аманбект холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах буюу түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул  ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дугаар заалтаар Х.Аманбект ял шийтгэл оногдуулахдаа түүний нэрийг орхигдуулсан, мөн нэмэгдэл ялыг хэзээ, хэрхэн эдлэх талаар дурдаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Х.Аманбекийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүгдэгч Х.Аманбект оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

                       ШҮҮГЧИД                                                        Д.ДАМБА

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ