Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2025/00005

 

П.Мн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2024/00458 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *,

Хариуцагч: *,

58,826,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.М нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...П.М миний бие 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр И ХХК-тай орон сууц захиалан бариулах 29 дугаартай гэрээг байгуулсан. Тухайн барилга нь Дорноговь аймгийн * талд баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд 40 аппартмент орон сууцны хотхонд 5 давхарт 507 тоот бүхий 52,2 м2 2 өрөө орон сууцыг захиалсан. Би захиалсан орон сууцны урьдчилгаанд 26,145,600 төгрөгийг өөрийнхөө данснаас гэрээ байгуулсан өдрөө төлж шилжүүлсэн. Мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр надад 13,072,000 төгрөг төлөхийг мэдэгдэхээр нь би өөрийн төрсөн охиныхоо дансаар уг мөнгийг шилжүүлэн төлж 39,217,600 төгрөгийг тус тус төлсөн.

Гэрээний 2 дахь хэсгийн 2.1-т Захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугцааа 2022 оны 01 дүгээр улирал дуустал байхаар заагдсан боловч барилга заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй. Би ч орон байраа хугацаандаа хүлээж авч чадахгүй болсон болохоор гэрээнд заагдсан мөнгийг нэмж төлмөөргүй гэрээгээ цуцламаар байсан боловч И ХХК-ийн зүгээс 2023 онд захиалагч нартай уулзаад мөнгөө нэмээд хийгээрэй барилгын ажил үргэлжлэн явагдана гэж мэдэгдэхээр би мэдэгдсэн дүнгээр нь мөнгөө нэмж хийсэн. Тухайн байрны захиалагчид ч мөнгөө нэмж хийсэн гэж дуулдаж байсан боловч түүнээс хойш ч барилгын ажил явагдаагүй. Тухайн компанийн барилгын ажил ч явагдахгүй байснаар би сүүлдээ байр ч үгүй мөнгө ч үгүй хохирч байгаа тул өндөр настай миний хувьд орон байргүй маш хүнд байна. Гэрээний 5 дахь хэсгийн 5.10-т заасны дагуу алданги нэмж нэхэмжилж байна. Алдангийг урьдчилгаа 26,145,600 төгрөгт 828 хоногт 21,648,060 төгрөг, 13,072,000 төгрөгт 493 хоногт 6,444,496 төгрөг болж байна. Нийт алданги 28,092,556 төгрөг болно. Миний байрны урьдчилгаанд төлсөн нийт дүн 39,217,400 төгрөг болж байна. Үүн дээр алданги болох 19,608,800 төгрөгийг нэмж бүгд 58,826,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

2.Хариуцагч И ХХК хариу тайлбартаа: ...ягмарсүрэн 2021 оны 7 сарын 27-ны өдөр гэрээ хийгээд гэрээ хийсэн өдрөө 26,145,600 төгрөг төлсөн. Гэрээнийхээ эрх үүргийг биелүүлээгүй сар болгон төлөлт байхгүй. Хөдөө байдаг гээд утас нь холбогддоггүй ярихаар ирэх боломжгүй гэсэн тайлбаруудыг өгдөг байсан. П.М нь сар болгон төлөлт хийх ёстой байтал 2021 оны 7 сард хийгээд тэрнээс хойш огт төлөлт байхгүй байж байгаад 2023 онд 13 сая төгрөг хийсэн. Гэрээний нийт төлбөр 65,364,000 төгрөг байна. Гэтэл захиалагч маань 2021 оны 7 сарын 27-ны өдөр 26,145,000 төгрөг төлсөн үүнээс хойш төлбөрийг гэрээний 2.4-т заасны дагуу төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 10-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Энэ үүрэг нь Иргэний хуулийн 351.1-т захиалагчид гэрээгээр гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлсөө төлүүлэх үүрэгтэй байсан. Захиалагч гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй нь барилгын ажил зогссон шалтгааны нэг юм. Дараагийн шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын байдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал улс орон даяар зарласан байсан. Энэ нь Дорноговь аймгийн засаг даргын захирамжаар нотлогдоно. Мөн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан ч гэсэндээ барилгын материалын үнэ бол өснө гэсэн таамаглал талуудад байгаагүй учраас гэрээний үнийг 65,364,000 төгрөг гэж байгуулсан байдаг. Дээрх нөхцөл шалтгааны улмаас барилга хугацаандаа ашиглалтад ороогүй. И компанийн зүгээс төлсөн үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа харин алдангийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ зөвхөн гүйцэтгэгч байгууллага талаас шалтгаалсан асуудлаар барилга хугацаанд ороогүй учраас гэрээ цуцалсантай холбоотойгоор үүссэн хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 52,290,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,536,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Мн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И ХХК-иас 419,402 төгрөгийг гаргуулж П.Мд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун өмгөөлөгч Г.С давж заалдсан гомдолдоо:... Тухайн гэрээ байгуулагдах үед дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан байсан боловч барилгын материалын үнэ нэмэгдэх талаар урьдчилан мэдэлгүйгээр талууд гэрээ байгуулсан байдаг. Барилгын материалын үнэ нэмэгдсэнээс үүдэн барилгыг гэрээнд заасан хугацаанд заасны дагуу ашиглалтад оруулах боломжгүй болсон. Хүнд нөхцөл байдал үүссэн, барилгын үнэ нэмэгдсэн талаар холбогдох баримтуудыг бүрдүүлэн мэргэжлийн байгууллагаас тодорхойлолт гаргуулан баримтуудыг бүрдүүлж өгсөн. Цар тахлын улмаас 84 нэр төрлийн барилгын материалын үнэ нэмэгдсэнээр барилгыг хугацаанд нь гүйцэтгэхэд хүндрэл үүссэн. Энэ талаар мэргэжлийн байгууллагаас гэрчилгээ гаргуулан хэрэгт хавсарган өгсөн. Хүнд нөхцөл байдал гэдэг нь нийгэм эдийн засгийн шинжтэй үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй байдлыг хэлнэ гэж тодорхойлон явуулсан. Гэхдээ манай компанийн зүгээс хүнд нөхцөл байдал бий болсон. Мөн орон сууц захиалагч нарын зүгээс төлбөрөө графикийн дагуу төлөөгүй нөхцөл байдал байсан ч гэсэн барилгыг 85 хувийн гүйцэтгэлтэйгээр барьсан. Гэхдээ 100 хувь ашиглалтад оруулж чадаагүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа, гэрээнээс татгалзсантай холбоотой талууд өгсөн авснаа харилцан буцаана гэж байдаг. Түүнээс бий болсон ашиг орлого ч гэдэг юм уу, үүрэг гүйцэтгээгүйгээс үүссэн зардал, эд хөрөнгийн гэмтэл зэрэг хохирлууд үүсээгүй учраас энэ хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байгаа. Тиймээс алдангийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Су давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын өмгөөлөгчөөс нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй гэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Яагаад гэхээр анхан шатны шүүхээс тухайн барилгын материалын төсвийн гүйцэтгэлийн үнэлгээ болон ямар төсөв өртөгтэйгөөр тухайн барилгыг барих байсан юм, энэ бараа материалын үнэ хэзээ ямар байдлаар өссөн юм гэдэг төсөв тооцоолол хийгдэж байж үнэ өссөн гэдгийг мэдэхээс биш. Зөвхөн худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан энэ баримтаар тухайн барилгын үнэ ханш нэмэгдсэн талаар мэдэх боломжгүй. Мөн орон нутгийн зах зээлийн үнэ ханш, худалдаа аж үйлдвэрийг газраас ирүүлсэн ханш хоорондоо асар зөрүүтэй байгаа. Тухайн барилга Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаагаас гадна орон нутгийн засаг захиргааны нэгжээс барилга барих зөвшөөрөл авсан. Уг зөвшөөрлөөс барилга хэзээ дуусгавар болох болон энэ компанийн бүх тооцоолол төлөвлөгөө харагдахаар байгаа. Гэтэл эдгээр тооцооллыг хэрэгт хавсаргаагүй байж зөвхөн худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан баримтаар энийг үнэлэхгүй байна гэж үзээд байна. Шүүх өрөөсгөл баримтыг үнэлэхгүй байх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Мөн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байхад нэхэмжлэгчийг гэрээнээсээ татгалзахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байна. Барилга байгууламж 85 хувийн гүйцэтгэлтэй байсан, байгаагүй талаар эрүүгийн журмаар шалгуулаагүй, шалгуулсан бол өөр л хувь гарах байсан. Өнөөдөр барилгад дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудал орж ирээгүй. Дулаан, цахилгаан явагдаж байж 70 хувьтай гэж үзнэ. Ямар учраас 85 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ авсныг нь хэлж мэдэхгүй байна. Үйлчлүүлэгч нарын маань зүгээс эрүүгийн журмаар шалгуулж байснаас мөнгөө аваад өөр байр авах үндэслэлээр иргэний журмаар хандсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй байснаас алдангийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж байна. гэрээний үүрэг хэнээс болж биелэгдээгүй дээр анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлэх юм бол хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Сүүлдээ барилга баригдахгүй зогссоны улмаас нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлуулахаар шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдах хэмжээнд хүрсэн. Гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй анхан шатны шүүхээс алдангийн хэмжээг шийдвэрлэн гаргасан нь үндэслэлтэй. Тиймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сун давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч тал гэрээг цуцалсантай холбоотой үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч П.М И ХХК-тай байгуулсан 50,28 мкв 2 өрөө орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, ...гэрээний дагуу төлбөрт төлсөн 39,217,600 төгрөгийг буцааж авах, гэрээ биелэгдээгүйгээс өндөр настай миний бие байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирч байгаа тул алдангид 19,608,800 төгрөгийг нэмж, бүгд 58,826,400 төгрөгийг гаргуулах гэсэн агуулга үндэслэлээр нэхэмжилсэн ба Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр төлсөн тухай баримт зэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хариуцагч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа ...2800,67 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 85%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 85%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны гэрэл зургийн үзүүлэлт, ковид-19 цар тахлын үеийн 2021 оны 6 дугаар сарын 20, 6 дугаар сарын 11, 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд гарсан Дорноговь аймгийн Засаг даргаас гаргасан захирамжууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас И ХХК-д цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал нь Хүнд нөхцөл байдал-д хамаарсан гэж үзэж олгосон гэрчилгээ, захиалагчаас И ХХК-д төлсөн банкны дэлгэрэнгүй хуулга, захиалагчийн төлбөр төлөх гэрээний хуваарь зэрэгт тус тус үндэслэсэн... гэж тайлбарласан.

3.Зохигчид 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдөр И ХХК-ийн Дорноговь аймгийн *багт баригдаж байгаа 40-Апартмент орон сууцны хотхоны 5 давхарт 507 тоот 50,28 м.кв 2 өрөө 65,364,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч П.М гэрээний дагуу гэрээ байгуулагдахад урьдчилгаа төлбөрт 26,145,600 төгрөг төлж, үлдэх төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 10-ны өдрүүдэд 60 сарын буюу 5 жилийн хугацаанд төлж байх, хариуцагч И ХХК орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд дуусгах нөхцөлтэйгөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.

Мөн гэрээний нэмэлт үүргийн талаар Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ... орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2022 оны 1 дүгээр улирал, 2.4-д ...захиалагч ... урьдчилгаа төлбөр болох 26,145,600 төгрөгийг бэлнээр төлөн, сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 10-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлөх, 5 дугаар зүйлийн 5.9-д заасан ...гэнэтийн давагдашгүй хүчин хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ... хорио цээр, ... эдийн засгийн хямрал ... гэх мэт талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэрээний аль нэг тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон гэж үзнэ, мөн зүйлийн 5.4-д ... захиалагч төлбөр төлөлтөө гэрээний 2.7-д заасан 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцон нөхөн төлнө, 5.10-д зааснаар ...ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө гэж тохирсон байсан.

4.Мөн нэхэмжлэгч П.М хариуцагч И ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г анхан шатны шүүх зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн хоёр талт буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ...ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хохирол учирсан, учирсан хохирлыг 19,608,800 төгрөгийн алдангиар тооцон нэхэмжилсэнд зөв дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226, 355 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэх заалтуудыг үндэслэсэн боловч үр дагаврыг нь буруу шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Өөрөөр хэлбэл: Маргааны гол зүйл нь 40-Апартмент орон сууцны хотхонд 50,28 м.кв 2 өрөө 65,364,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гэрээнд зааснаар захиалагч П.М орон сууцны үнийг төлөх, ажил гүйцэтгэгч И ХХК орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн боловч барилгын ажлын үйл явц зогссон учраас захиалагч П.М 26,146,400 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээсээ татгалзаж, гэрээг цуцлаад учирсан хохиролд 19,608,800 төгрөгийн алдангийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж агуулгаараа ойлгогдож байна.

Гэрээний хугацаа дуусах 2022 оны 1 дүгээр улирал гэхэд захиалагч төлбөрт 26,145,600 төгрөгийг төлсөн, 2022 онд огт төлөлт хийгээгүй, 2023 оны 03 сард 13,072,000 төгрөг, бүгд 39,217,600 төгрөгийг төлсөн, барилгын ажил зогссон нөхцөл байдал нь талуудын аль алины гэрээний үүрэг бүрэн байдлаар гүйцэтгэгдээгүй байсан нь зохигчдын нэхэмжлэл, тайлбарууд, талуудаас гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон тул гэрээний тавдугаар зүйлийн 5.4, 5.10 дугаар зүйлд зааснаар талууд биендээ хариуцлага тооцож, алданги гаргуулах шаардлага бий болоогүй байсан гэж үзнэ.

Ийм байхад анхан шатны шүүх захиалагч буюу нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрийн 50%-иас алданги тооцож 13,072,800 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон буюу мөн шүүхийн алданги тооцсон үндэслэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.6-д заасан хууль болон гэрээнд заасан ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн хуулийн үндэслэл, шаардлагад нийцээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нөгөө талын гүйцэтгээгүй үүрэгт хамаатуулах байтал зохигчийн өөрийнх нь гүйцэтгэсэн үүрэгт нь тооцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд гэрээ болон хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжилсэн 19,608,800 төгрөгийн алданги гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг үндэслэлгүй байхад түүний зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 19,608,800 төгрөгийн анзыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

6.Анхан шатны шүүхийн ...хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний улмаас гэрээ цуцлах шаардлага гаргаж байх тул тэдний гэрээг цуцлах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт нь шүүхээс зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцалж байна гэж ойлгогдож байна.

Гэтэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д ... гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан нь гэрээний талуудын эрхэд хамааралтай байгааг анхаараагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...байр 2022 оны 04 сарын 01 гэхэд ашиглалтад орох ёстой байсан боловч одоог болтол ашиглалтад ороогүй тул гэрээгээ цуцалмаар байсан ч компанийн зүгээс төлбөрөө хийхийг шаардсан, бусад хүмүүс ч хийсэн гэхээр нь мөнгөө нэмж хийсэн боловч байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон тул алдангийг нэмж нэхэмжилж байна гэсэн нь Иргэний хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд зааснаар ажил гүйцэтгэгчийн үүрэг биелэгдэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр захиалагч нэмэлт хугацаа шаардахгүйгээр гэрээнээс татгалзаж, гэрээг цуцласан гэж үзнэ.

Энэ нөхцөл нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасан ажил гүйцэтгэгч ажлын бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэсэнд нийцсэн.

7.Нэхэмжлэгч П.М нь Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлүүдэд зааснаар гэрээнээс учирсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох ажил гүйцэтгэгч И ХХК-д холбогдуулан зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээлгэхээр шаардах эрхтэй.

Гэвч хохиролтой холбоотой үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хуваарилалтын дагуу нотлох ёстой боловч хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байна.

8.Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сус гаргасан ...захиалагч өөрөө төлбөрөө сар бүр хийх үүргээ биелүүлээгүй байхад үндэслэлгүйгээр алданги тооцсон гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т хамаарч байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2024/00458 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-аас орон сууцны үнэд төлсөн 39,217,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 19,608,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтад ...хариуцагчаас ... төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар И ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,314 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

 

ШҮҮГЧ А.САЙНТӨГС