| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 184/2023/05179/И |
| Дугаар | 210/МА2025/00111 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00111
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/05424 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******а нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,511,551.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн,
Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******а, хариуцагч нарын өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******, *******а, ******* нар нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-RCC2014062524-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн БГ-RCC2014062524-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг тус тус байгуулж, 55,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлсэн.
1.2. Зээлдэгч нар нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/12368, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 6/3805 дугаартай мэдэгдлүүдээр нэмэлт хугацаа олгосон боловч ариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээлд 45,471,563.62 төгрөг, хүү 4,982,573.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,414.20 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн зардалд 29,000 төгрөг нийт 50,511,551.60 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
1.3. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний дагуу барьцаалсан *******агийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, *******хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2.1. ******* нь *******-д ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс 2 өрөө орон сууцаар шагнаж, тус орон сууцыг 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсны дараа байранд амьдарч эхэлсэн.
2.2. *******-ийн захирал болон *******-ийн ажилтнууд хамтран дараах саналыг гаргасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RСС2014062524-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн БГ-RСС2014062524-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан.
******* болон ******* нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/313 тоот, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/33 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг зөрчигдөж байгаа учраас компаниас шагнуулсан маргаан бүхий орон сууцыг дүр үзүүлэн худалдах худалдан авах гэрээ байгуулан, тус гэрээг үндэслээд *******-иас ипотекийн зээл авах, тус зээлийн мөнгийг *******-ийн *******-д төлөх зээлийн төлбөрийг төлүүлэхэд ашиглахаар санал тавьсан.
*******-ийн ажилтан нь энэхүү зээл болон барьцааны гэрээг байгуулснаар үүсэх эрсдэл байхгүй, зээлийг ******* төлөх учир зээл төлөхийг шаардахгүй, мөн *******-тай батлан даалтын гэрээ байгуулж, эрсдэлийг хамгаалах баталгааг гаргаж өгөх бөгөөд тус батлан даалтын гэрээгээр зээлийн төлбөрийг *******-ийн хөрөнгөөр барагдуулах болно гэж итгүүлсний улмаас миний бие дээрх гэрээнүүдийг байгуулсан.
2.3. Ингээд ******* нь зээлийг төлж байгаад 2020 оноос хойш төлбөрийг төлөөгүй, энэ үеийн дансны хуулганаас харвал *******агийн данснаас гарсан үнийн дүнтэй ижил хэмжээний мөнгө сар бүр ХХК-иас орж ирсэн нь харагддаг, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг ХХК-иас төлсөн байдаг. Ийм учраас энэ гэрээнүүд дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.
3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******, *******а. ******* нар нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RСС2014062524-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн БГ-RСС2014062524-1-1 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан 55,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Барьцааны гэрээгээр *******агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэгдсэн ******* хаягт байрлах 54 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан, мөн зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, ******* нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан.
3.2. Зээл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу банк ХК-иас *******агийн тоот зээлийн дансанд зээлийг олгосон нь мемориалын ордер, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, тоот зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн төлөөлөгч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
4.1. *******а нь 2007 оноос хойш компанид ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед би захирлаар ажилладаг байсан. 2011 онд гадаадад түр амьдрах болсон тул тухайн үеийн үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Компанийг дүү ад шилжүүлж өгсөн. Зээлийн эргэн төлөлт хойшилсон шалтгаан нь манай дүү нас бараад мөн эдийн засгийн хямралтай байсан бөгөөд *******-иас манай компани руу дайрч ороод барьцаа хөрөнгө, мөнгө зэргийг хурааж авсан. Үүнээс хойш маргалдаад одоог хүртэл компанийн үйл ажиллагаа зогссон байгаа.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******а, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,511,551.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* болон хариуцагч *******, *******а, ******* нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ-RCC2014062524-1 тоот орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ-RCC2014062524-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн өдрийн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгө болох *******агийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* хаягт байрлах 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг нэхэмжлэгч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,707 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-иас 432,950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, *******а, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр *******а, ******* нараас орон сууцыг худалдан авах зориулалтаар орон сууцны зээл авах тухай хүсэлт ирүүлж, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан.
*******-иас *******агийн тоот зээлийн дансанд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийг олгосон нь мемориалын ордер, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, тоот зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно.
Үүнээс үзэхэд *******-иас *******, *******а, ******* нарт зээл олгох ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд нийцсэн байна.
6.2. ******* нь өөрийн өмчлөлийн ******* хаягт байршилтай орон сууцыг худалдах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ад олгосон. Энэхүү итгэмжлэлийн дагуу 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр *******а болон нарын хооронд орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. /1хх-ийн 131, 133/
Орон сууцны зээлийн гэрээний 3.2-т Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г санхүүжүүлэхэд ашиглана гэж зааснаар 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр *******агийн тоот зээлийн дансанд олгогдсон 55,000,000 төгрөг нь мөн өдөртөө орон сууц худалдагч *******ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжин орсон. /1хх-ийн 241/
Үүнээс үзвэл, ******* нь зээлдэгч нартаа орон сууцны зээлийн гэрээний 3.2-т заасан зориулалтын дагуу зээлийг ашиглах боломж олгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
*******, *******а, ******* нар нь *******-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RCC2014062524-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүсэж, зээлдүүлэгчээс зээл олгох ажиллагаа нь хуульд нийцсэн, үндэслэсэн, олгосон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашигласан, зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч *******а төлсөн.
Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч талын зээлийг бодитой олгоогүй, гуравдагч этгээдийн зээлийн төлбөрт суутгагдсан, зээлийн төлбөрийг гуравдагч этгээд төлдөг байсан гэх татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйг харуулж байна.
6.3. Хариуцагч зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан.
Гэвч шүүхээс дээрх гэрээнүүдийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хамгийн урт буюу ерөнхий хугацаа 10 жилийн хугацааг тооцож үзэхэд ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна.
6.4. Мөн зээлдэгч *******а нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч 2023 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар 36,908,835.26 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан ЗГ-RCC2014062524-1 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно.
Иймд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/05424 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зээлийн гэрээний үүрэг болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд 50,511,551.60 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгчийн зүгээс *******, *******, *******а нар нь *******-иас орон сууцны зээлийг санхүүжүүлэх зорилгоор 55,000,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарладаг боловч ******* нь хариуцагч нартай тохиролцсон зүйл байхгүй.
*******, *******-иуд харилцан тохиролцож, *******-ийн зээлийн барьцаанд байсан орон сууцыг суллаж, тухайн байгууллагад ажиллаж байсан *******агийн нэр дээр орон сууцны зээл авсан. Уг зээлийг авснаар орон сууцны зээлийг санхүүжүүлэх биш, *******-ийн *******-д төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг төлөх зорилготой байсан нь нотлогддог.
Уг орон сууцны урьдчилгаа төлбөр 26,000,000 төгрөгийг *******-иас *******агийн данс руу шилжүүлсэн.
7.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ *******-ийн зүгээс 55,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр *******агийн данс руу шилжүүлж, *******агийн данснаас ын данс руу шилжүүлж, ын данснаас *******-ийн зээлийн төлбөрийг татан авч, уг 3 гүйлгээг харилцагч нарын зөвшөөрөлгүйгээр банк өөрөө хийсэн болох нь тогтоогддог.
7.3. *******-ийн зүгээс тухайн 55,000,000 төгрөгийг *******агийн данс руу шилжүүлсэн боловч ын данс руу шилжүүлсэн зарлагын баримт байгаа эсэх, уг зарлагын баримтад *******а өөрөө гарын үсэг зурсан эсэх нотлох баримтыг гаргуулах шүүгчийн захирамжийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, *******-д уг нөхцөл байдлыг нотлох баримт байхгүй гэдгийг тогтоосон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 50,511,551.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* болон *******а, *******, ******* нар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-RCC2014062524-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 55,000,000 төгрөгийг сарын 0,666 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэх, *******а, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 1-17, 151-154 дүгээр тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан БГ-RCC2014062524-1-1 дугаартай барьцааны гэрээгээр *******агийн өмчлөлийн ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /1хх-ийн 155-161 дүгээр тал/
3.3. Түүнчлэн, *******, ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-RCC2014062524-1-1 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* нь *******а, *******, ******* нарын *******-тай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-RCC2014062524-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу авсан 55,000,000 төгрөгийн зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн хариуцахаар батлан даалт гаргажээ. /1хх-ийн 66 дугаар тал/
3.4. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан асуудлаар маргаагүй, хариуцагч нарт зээл авах хүсэл зориг байсан эсэх, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл хамаарна. Өөрөөр хэлбэл дүр үзүүлэн хийсэн гэрээний талуудын хэн аль нь уг гэрээнээс үр дагавар үүсэхгүй гэдгийг мэдсэн байх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Хариуцагч нар орон сууц худалдан авах зориулалтаар зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байгаагүй, зээлийг ХХК-ийн өрийг төлөхөд ашиглах, уг зээлийг тус компани төлнө гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан, энэ нь тэдний хувьд дүр үзүүлсэн илэрхийлэл гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нар зээл авах хүсэлт гаргасан, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нар зээл авах хүсэл зориг илэрхийлсэн, уг хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч, бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт нийцнэ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нар зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй, бусдад зээл авч өгөх зорилготой байсан нь зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн буюу байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүссэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зээл авах хүсэл зориг илэрхийлсэн баримтад хариуцагч нар гарын үсэг зурснаар хууль болон гэрээнд заасан эрх, үүрэг үүсэх ба энэхүү үйлдлийнхээ учир холбогдол, үр дагаврыг өөрсдөө биечлэн хариуцна.
Дээрх үндэслэлээр талуудын хүсэл зоригийг дүр үзүүлсэн гэж дүгнэхгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.
4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг банк зээлдэгчид шилжүүлснээр зээлийг зориулалтын дагуу ашиглах болон захиран зарцуулах боломж олгох явдал бөгөөд бодитой шилжүүлэн өгснөөр зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрх үүснэ.
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч *******агийн ******* дахь дугаартай зээлийн дансанд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 55,000,000 төгрөгийг олгосон боловч мөн өдрөө ХХК-ийн захирал ын ******* дахь дугаартай дансанд дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлжээ.
Ийнхүү шилжүүлэхдээ мемориалын ордер гэх баримтыг /2хх-ийн 13/ үйлдсэн байх ба уг баримтад харилцагчийн гарын үсэг зурагдаагүй байна. Уг зарлагын гүйлгээтэй холбоотой өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн зарлагыг *******агийн зөвшөөрөлтэй хийсэн болохоо нэхэмжлэгчийг баримтаар нотолж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч байгууллагын дээрх үйлдэл нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт заасан харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх шаардлагыг зөрчсөн тул зээлдэгч нарт олгосон зээлээ буцаан авсан гэж үзнэ.
Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийг олгосонд тооцохгүй.
Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч байгууллагаас *******агийн зөвшөөрөлгүйгээр ын дансанд шилжүүлсэн 55,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,872 төгрөгөөр тооцож, ам долларт шилжүүлэн ХХК-ийн бизнесийн зээлийн хүү төлөгдсөн болох нь тогтоогдсон, улмаар ХХК болон нараас цалин утгаар сар бүр *******агийн дансанд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бэлэн бусаар *******агийн зээлийн дансанд татаж, зээл төлөгдөж байжээ. /2хх-ийн 27-36 дугаар тал/
Энэ тохиолдолд зээлдэгч *******агаагийн данснаас зээл төлөгдөж байгаа боловч уг үйлдлийг тухайн зээлдэгчийн зөвшөөрөлтэй, түүний идэвхитэй үйлдлээр хийгдсэн болохыг нэхэмжлэгч тал үндэслэл бүхий баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагч нар зээлийг төлж байсан, зээл авснаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.
5. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмаар барьцааны эрх дуусгавар болно.
Талуудын тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд зээл, түүний хүүг буцаан төлөхийг шаардах эрхгүй үүсээгүй тул уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний үүргийг мөн шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болсон.
Ийнхүү барьцааны эрх дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй, энэ хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдана.
Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөх шаардлагын үндэслэл болох бөгөөд шүүх бие даасан шаардлага гэж тодорхойлсныг буруу гэж үзнэ.
6. Дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу хэрэгжээгүй гэрээний үүргийг шаардах эрхгүй тул зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Түүнчлэн, талуудын байгуулсан барьцааны гэрээний зүйл болох орон сууц нь *******а болон ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу өмчлөх эрхийг шилжүүлж, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *******агийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Уг гэрээний худалдагч тал болох *******ыг төлөөлж, гэрээг байгуулсан байх ба 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *******аас түүнд олгосон итгэмжлэлийг үндэслэсэн байна.
Ийнхүү барьцааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх *******агийн нэр дээр бүртгэгдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчим үйлчлэх бөгөөд өмчлөх эрхийг хэрхэн олж авсныг нэхэмжлэгч шалгах үүрэггүй. Өөрөөр хэлбэл, *******а болон ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн эсэх нь зохигчийн байгуулсан барьцааны гэрээнд хамааралгүй. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хэлцэлд хамаарах агуулга бүхий хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2034 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дуусах ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс шаардах эрх үүсэх тул сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/05424 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******а, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,511,551 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгө болох *******агийн өмчлөлийн ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг *******-д даалгасугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,707 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА