| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0151/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/158 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ч.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Чн Өт холбогдох 1912..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Ч Ө /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын ,,, гэх газраас хохирогч Ч.С3 тооны адууг хулгайлж, 1.850.000 төгрөгийн, хохирогч Х.Б 1 тооны адууг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Сөгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын,,, гэх газарт манай хундан зүсмийн азаргатай 33 тооны адууг хашиж хар дэл, сүүлтэй цагаан халиун морь, цавьдар халзан зүсмийн гүү, Улаан шарга зүсмийн гүүг хулгайлж авч явсан байсан. Мөн манай саахалт нутаглаж байсан нутгийн айл Бгийн 22 тооны буурал азаргатай адуунаас хүрэн буурал зүсмийн гүүг хулгайлсан байсан. Нэг шөнө нэг нутгаас 4 тооны адуу хулгайд алдаад хайж байгаад нутгийн иргэн Ө гэгчийг хулгайлсан болохыг олж мэдсэн. Өөрсдөө уулзаад хулгайлсан талаараа хэлсэн. Ө хулгайлсан хэргээ хүлээсэн. Өын гэрээс 3 тооны адууныхаа толгойг, мөн Бгийн хүрэн буурал зүсмийн гүүний толгойг олсон. Малын махыг Улаанбаатар хот руу ачиж явсан байсан. Миний алдсан адуунууд хар дэл сүүлтэй цагаан халиун морь, цавьдар халзан зүсмийн гүү байсан бөгөөд тамгагүй, бүгд зөв талын чих буруу талаасаа босоо сүйх, буруу талын чих дээрээсээ босоо сүйх имтэй, тарган, нас гүйцсэн адуунууд байсан. Би алдсан цагаан халиун морио 2.000.000 төгрөгөөр, хоёр гүүгээ тус бүрийг нь ижил үнээр 1.000.000 төгрөгөөр нийтэд нь 4.000.000 төгрөгөөр үнэлнэ. Манай адууны хохирлыг төлсөн, одоо гомдол санал байхгүй...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу, 8 хуу/
Гэрч С.Бн өгсөн... 2017 оны 12 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө Хотонт сумын ,,, гэх газраас бэлчээрт байсан хундан зүсмийн азаргатай адуунаас цагаан халиун морь, цавьдар халзан зүсмийн гүү, улаан шаргал зүсмийн гүү хулгайд алдсан. Манайхыг адуугаа алдсан шөнө манай саахалт нутагладаг Бгийн 1 тооны гүү мөн алга болсон байсан. Бидний адууг Ө хулгайлсан байсныг олж мэдээд хохирлоо авсан. Өын гэрээс адууны толгой шийр нь олдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/
Гэрч Н.Ан өгсөн: ...Ө ганцаараа адуу нядалдаг байж магадгүй. Эхнэр нь нас бараад олон жил хоёр охинтойгоо амьдарч байгаа. Ө нь ганц гэрээрээ гэртээ ганцаараа байдаг. Айл саахалт гэвэл манайх байгаа, өөр айл байхгүй. Манайх гэхдээ уулын наана цаана ил харагдахгүй шахуу газарт байдаг. Хоорондоо 2 км зайтай. Өыг мал хулгайлсан хэрэг хийсэн талаар мэдэхгүй. Нутгийн хүмүүс гэдгээр нь адууны эзэд нь энэ хавиараа учраа олчихьё гээд хохирлыг төлөөд, гомдолгүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Ч.Өын гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой өөрийнхөө зээрд морьтой гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд тэмээн хүзүүний эхэд С гэж нутгийн ахын адууг хашиж хулгайлж барьж 1 тооны морь, 2 тооны гүүг барьж гэрийнхээ гадаа аваачиж нядалсан. Би ганцаараа нядалсан. Тухайн үед гэртээ би ганцаараа байсан. Махыг нь зарсан. Тэгтэл С ах намайг адуу хулгайлсан талаар мэдээд манайд ирээд уулзаж асуусан. Тэгэхээр нь үнэнээ хэлээд хохирлыг нь төлсөн. Хохирол нь 4.000.000 төгрөг бэлнээр нь өгсөн. Мөнгөтэй болох гэж хулгай хийсэн. Миний хулгайлсан адуунууд халиун морь байсан, хоёр тооны гүүнийх нь зүсийг одоо сайн санахгүй байна. Сувай гүү байсан. Хулгай хийхдээ ашигласан морь бол миний өөрийн эзэмшлийн морь байгаа юм. Одоо байхгүй нядлаад зарж хулгайлсан адууныхаа хохирол өгсөн. Хулгай хийсэн адуугаа нядалхад би гэртээ ганцаараа байсан, өөр хүн байгаагүй. Би ганцаараа нядалсан. Би өөрөө багаасаа мал маллаж нядалгаа хийж сурсан болохоор нядлаад гэдэс, цус зэргийг нь хаясан. Зөвхөн махыг нь авсан. Малын махыг өөрийнхөө цагаан өнгийн бонго машинаар ачиж Хар хорин сумын төвд зарсан. Хохирогч Сын адууны толгой манайд байсан, тэгээд үзээд явсан. Намайг адуу нядалсан талаар манай хамаатан, дүү нар мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Ч.Өын яллагдагчаар өгсөн:...би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би хохирогч нарыг гомдол саналгүй болгож, хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Хохирогч Х.Б өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Өндөрдэнж гэх газарт манай 22 тооны буурал азаргатай адуунаас хүрэн буурал зүсмийн гүүг хулгайлсан байсан. Адуу байсан газраа очиход адууг хөөж туугаад Өндөрдэнжийн эзэнгүй хашаанд хашиж барьж авсан байсан. Манайх адуугаа хайж байгаад нутгийн иргэн Ө гэгчийг хулгайлсныг олж мэдээд өөрсдөө уулзаад гэрээс гүүнийхээ толгойг олсон. Махыг нь Улаанбаатар хот руу Сын хулгайд алдсан 3 тооны адууны махтай хамт ачаад явсан байсан. Хүрэн буурал зүсмийн гүү, хоёр чих урдаасаа ухам имтэй, сар дээр арвай тамгатай гүү байсан. Нас гүйцсэн, тарган сувай гүү байсан. Алдсан гүүнийхээ оронд Өаас унагатай гүү авсан. Хохирол төлбөрөө авсан. Одоо гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/
Гэрч Д.Х өгсөн:...Ө нь гэртээ ганцаараа, хоёр охин нь сумын төвд сургуульд сурдаг. 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө манай Хотонт сум Улаанчулуу багийн Өндөрдэнж гэх газраас бэлчээрт байсан адуунаасаа хүрэн буурал зүсмийн гүү хулгайд алдсан. Уг гүү нь нас гүйцсэн, сувай гүү байсан. Хоёр чих урдаасаа ухам имтэй зөв талынхаа гуяанд саран дээр арвай тамгатай байсан. Манай нөхөр гүүгээ хайж байгаад Ө хулгайлсныг олж мэдээд хохирлоо авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Гэрч Ц.Ч өгсөн: ...2017 оны 12 дугаар сард айлын адуу хулгайлсан гэсэн. Тэр үед Улаанбаатар хотод байж байгаад ирсэн чинь Б, С хоёрын адууг хулгайлсан гээд хохирол төлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/
Ч.Өын гэрчээр өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 27-ны орой гэрээсээ гараад морь унаад хулгай хийхээр явсан. Тэгээд гэрийнхээ баруун талд Тэмээн хүзүүний амнаас Бгийн адуунаас нэг тооны гүүг хулгайлж гэрийнхээ гадаа нядалсан. Нядлахдаа ганцаараа нядлаад махыг нь Хар хорин сумын төвд оруулж танихгүй мах авч байсан хүмүүст зарсан. Тэгээд удалгүй эзэнд нь баригдаад Б ахад нэг тооны унагатай гүү өгч хохирлыг нь барагдуулсан. Мөнгөний хэрэг их байсан болохоор хулгай хийсэн. Хулгайлсан гүүний содон шинж тэмдэг нь хүрэн буурал зүсмийн гүү байсан. Мах зарахдаа багийн даргын бичиг аваагүй. Одоо хэнд зарсан талаараа мэдэхгүй байна. Мах худалдаж авсан хүнээ танихгүй. Хулгай хийхдээ унаж ашигласан морь миний өөрийн эзэмшлийн зээрд морь байгаа юм. Зээрд зүсмийн жирийн унааны морь байсан. Одоо энэ морь байхгүй, тухайн үедээ хүний хохирол төлөх санаатай нядлаад зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38-39 хуу/
Ч.Өын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 40 хуу/
Ч.Өын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 46-47 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуу/
2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88-90 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Өндөр дэнж гэх газраас хохирогч Ч.С нь 3 тооны адуу хулгайд алдагдсан, мөн хохирогч Х.Б нэг тооны адуу хулгайд алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Ө нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Сөгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Өндөрдэнж гэх газарт манай хундан зүсмийн азаргатай 33 тооны адууг хашиж хар дэл, сүүлтэй цагаан халиун морь, цавьдар халзан зүсмийн гүү, Улаан шарга зүсмийн гүүг хулгайлж авч явсан. Мөн манай саахалт нутаглаж байсан нутгийн айл Бгийн 22 тооны буурал азаргатай адуунаас хүрэн буурал зүсмийн гүүг хулгайлсан байсан. Нэг шөнө нэг нутгаас ингэж 4 тооны адуу хулгайд алдаад хайж байгаад нутгийн иргэн Ө гэгчийг хулгайлсан болохыг олж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу, 8 хуу/
Гэрч С.Бн өгсөн...2017 оны 12 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Өндөрдэнж гэх газраас бэлчээрт байсан хундан зүсмийн азаргатай адуунаас цагаан халиун морь, цавьдар халзан зүсмийн гүү, улаан шаргал зүсмийн гүү хулгайд алдсан. Манайхыг адуугаа алдсан шөнө манай саахалт нутагладаг Бгийн 1 тооны гүү мөн алга болсон байсан. Бидний адууг Ө хулгайлсан байсныг олж мэдээд хохирлоо авсан. Өын гэрээс толгой шийр нь олдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/
Гэрч Н.Ан өгсөн: ...нутгийн хүмүүс гэдгээр нь адууны эзэд нь энэ хавиараа учраа олчихьё гээд хохирлыг төлөөд, гомдолгүй болсон гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Хохирогч Х.Б өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Өндөрдэнж гэх газарт манай 22 тооны буурал азаргатай адуунаас хүрэн буурал зүсмийн гүүг хулгайлсан байсан. Адуу байсан газраа очиход адууг хөөж туугаад Өндөрдэнжийн эзэнгүй хашаанд хашиж барьж авсан байсан. Манайх адуугаа хайж байгаад нутгийн иргэн Ө гэгчийг хулгайлсныг олж мэдээд өөрсдөө уулзаад гэрээс гүүнийхээ толгойг олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/
Гэрч Д.Хн өгсөн:...манай нөхөр гүүгээ хайж байгаад Ө хулгайлсныг олж мэдээд хохирлоо авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Гэрч Ц.Чн өгсөн: ...2017 оны 12 дугаар сард айлын адуу хулгайлсан гэсэн. Тэр үед Улаанбаатар хотод байж байгаад ирсэн чинь Б, С хоёрын адууг хулгайлсан гээд хохирол төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Өын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ч.Өыг 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Өндөр дэнж гэх газраас хохирогч Ч.С нь 3 тооны адууг, хохирогч Х.Б нэг тооны адууг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Сд 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан, хохирогч Х.Бд 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь /хх-ийн 17 хуу, 72 хуу/ шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Ө нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Ч.С, хохирогч Х.Б нар нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн / хх-ийн 88 хуу, 90 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Өын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан хүрэн зүсмийн морины үнэ болох 800.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Өаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч Өыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд Ч.Өт хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Өын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан хүрэн зүсмийн морины үнэ болох 800.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Өаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ