Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00442

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ** дугаар багт оршин суух, **** регистрийн дугаартай, И овогт Шы Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.А, гэрч Ш.Е, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 30, 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ш овогтой А тус аймгийн Улаанхус сумын сургуулиас 8-р ангийг төгсөөд илгээлтээр тус сумын Алтай хөгжил нэгдэлд малчин болсон юм. Би тус нэгдэлд 1977 оны 6-р сараас 1979 оны 06-р сар хүртэл малчнаар ажиллаж нас бие тэнцэн эр цэргийн албанд татагдаж 1982 оны 06-р сар хүртэл цэргийн албаа хаасан юм. Цэргийн албыг хааж 1982 оны 6-р сард халагдаж ирээд 1982 оны 7-р сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл тус сумын Алтай хөгжил нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн ажиллаж тасралтгүй 12 жил 5 сар ажилласан билээ. Би тэтгэвэр тогтоолгоход материалаа бүрдүүлж эхэлж байгаа юм. Миний Улаанхус сумын А нэгдэлд малчнаар ажил орсон, гарсан тушаалууд олдохгүй байгаа ба хөдөлмөрийн дэвтэрт 1977 оны хөдөлмөрийн огт бичигдээгүй юм байна. Архиваас материалууд хагас дутуу гараад байна лээ. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн миний аймгийн тус сумын А нэгдэлд малчнаар 1977 оны 06-р сараас 1979 оны 06-р сар хүртэл 2жил, 1982 оны 07-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 01-ний хүртэл тасралтгүй 10 жил 5 сар бүгд 12 жил 5 сар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ш.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие нийт 12 жил хөдөлмөрлөсөн байна. Архиваас ажилласан жилийн нотлогдох байдлыг шүүж үзэхэд зарим жилүүд бүтэн гарсан, зарим нь 1,2,3 сараар дутаа гарсан. Нийт гарсан жилийг үзэхэд нийттэй 5,6 жилийн мэдээлэл гарсан. Үлдсэн хугацааг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хүсэлт гаргасан. 1977 онд 8 дугаар ангиа төгссөний дараа илгээлтийн эзэн гэдэг нэрээр мал маллахаар мал аж ахуйд гарсан. Тэгээд 2 жил нэгдэлд мал маллаж байсан. 1979 онд цэргийн алба хаахаар цэрэгт явсан. 1982 оны 6 дугаар сараас цэргийн албанаас халагдаж ирээд мал аж ахуйн салбарт ажилласан. Мал маллаж байгаад нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тэгээд мал хувьчлагдаж нэгдэл тарсан юм. 1993 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан жилийг тогтоож өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 30, 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Хүсэлт гаргагч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 6 дугаар сарын 30, 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

-1979 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон бор өнгийн 1970 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэл, овог Ш, нэр А, 1961 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой гэсэн ба уг дэвтрийн 21-22 дугаар хуудсанд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийж тамга болон тэмдэг дарж баталгаажуулсан байдал,

-1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр БНМАУ-ын Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбоо-гоос олгосон №94 дугаартай Ш.Агийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх,

-1980 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хилийн ба Дотоодын цэргийн анги, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо зэргээс олгосон №224929 дугаартай Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэх 1981 оноос 1989 оны 02 дугаар сар хүртэл хийгдсэн бичилт,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 353 дугаар архивын лавлагаанд: Улаанхус сумын А нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Ш.Ан 1978,1985-1991 он хүртэл ажилласан хөлсийг маягтад тодорхойлж өгөв гэсэн байна.

- Улаанхус сумын А нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны /Х  бригад/ түүвэрт: Ш.А нь 1978 оноос 1990 он хүртэл ажилласан хоног, хөлсний талаар бичилтийг маягтаар тодорхойлж өгсөн ба 1991 онд түрээсээр 4 дүгээр сараас 12 сар хүртэл ажиллаж 1727 төгрөгийг цалин хөлс авсан байдал,

-1983 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон сар саарал өнгийн 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймаг Улаанхус сумын А нэгдэл, овог Ш, нэр А, 1961 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, зураг дарж, нэгдлийн тамга дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 7-17 дугаар хуудас хүртэл 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 10 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдсэн ба зарим сарын ажилласан хоног, авсан хөлсний талаар нөхөж бичилт хийгдсэн хэдий боловч тухайн сард ажилласан болох нь аймгийн архивын газраас олгосон Ш.Ан Улаанхус сумын А нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны /Х бригад/ түүвэрт тохирч байсан байдал

- 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сар хүртэл жилийн хугацаанд тохиролцож түрээсийн гэрээ байгуулав гэсэн ба тохиролцсон гэрээлэгчид нэгдлийн даргын гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулж, түрээслэгч гэдэг хэсэг дээр А гэж гарын үсэг зурсан байна. Уг түрээсийн гэрээний хамгийн сүүлийн хуудсанд ХАА-н нэгдэл, нэгдэл дундын үйлдвэр, хоршооллын байгууллагын хөрөнгө эзэмшсэн хөрөнгө Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэл Х бригад, нэр А, бага хувьчлалаар өгөгдсөн хөрөнгийн хэмжээ үүнээс үндсэн хөрөнгө (төгрөгөөр), мал (толгойгоор) зэрэг бичилт хийж нэгдлийн дарга баталж гарын үсэг зурсан байдал,

-Хамт ажилласан гэх ********* регистрийн дугаартай Э.К , ******регистрийн дугаартай Ш.Е нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Манай Улаанхус сумын 3 дугаар багийн иргэн Ш.А 1977 оны 8 дугаар анги төгсөөд Улаанхус сумын 3-р нэгдэлд мал малласан. 1979 оны 6 дугаар сард цэрэгт явж 3 жил цэргийн алба хааж ирээд 1982 оноос нэгдэл тарах хүртэл А нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна. Тухайн үед тус нэгдэлд хамт малчнаар ажилласан гэх тодорхойлолт,

-Хамт ажилласан гэх *******регистрийн дугаартай К.Тий нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Манай Улаанхус сумын 3 дугаар багийн иргэн Ш.А нь 1977 оны 6 дугаар сард Улаанхус сумын дунд сургуулиас 8 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болсон юм.1977 оноос 1979 оны 6 дугаар сар хүртэл мал маллаж байгаад 1979 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж цэргийн албыг 3 жил хааж ирээд 1982 оноос 1992 оны 12 дугаар сар хүртэл А нэгдэлд малчнаар ажилласан болохыг тодорхойлов. Нэгдэл 1992 оны 12 дугаар сард тарсан болно. Тухайн үед би нэгдлийн 3-р бригадад нярав, тоо бүртгэгч, даргаар ажиллаж байсан. 1992 оноос 2000 он хүртэл багийн Засаг дарга хийж байсан гэх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

2.Харин хүсэлт гаргагч Ш.А нь 1977 онд Улаанхус сумын сургуулиас 8 дугаар анги төгсөж илгээлтээр тус сумын А нэгдэлд малчнаар 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан гэх боловч түүний 1979 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 20 дугаар хуудсанд 1977 оны ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдээгүй хоосон ба тухайн үед тус нэгдэлд илгээлтээр томилсон талаар нотлох баримт байхгүй ба хамт ажилласан гэх Э.К , Ш.Е, К.Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ... Ш.А нь 1977 оны 6 дугаар сард Улаанхус сумын дунд сургуулиас 8 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болсон ... гэх боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл малчнаар ажиллаж байсан хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Ш.Агийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 6 дугаар сарын 30, 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** регистрийн дугаартай, И овогт Шы А нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын А нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 6 дугаар сарын 30, 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ