Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00443

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын **дүгээр багт оршин суух, ******** регистрийн дугаартай, М овогт Хын Хын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гэрч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэх ангид 1982 оноос 1985 оны хооронд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Дэлүүн сумын 9 дүгээр багт амьдардаг. Дэлүүн сумын Худалдаа бэлтгэл ангид цэвэрлэгчээр 1982 оноос 1985 оны хооронд 2 жил 9 сар ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байхгүй, төв архиваас гаргахгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний тус сумын Худалдаа бэлтгэх ангид 1982 оноос 1985 оны хооронд 2 жил 9 сар цэвэрлэгчээр ажилласан жилийг маань хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагч Х.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хадам ээж болох Х.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хадам ээж маань 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус сумын Худалдаа бэлтгэх ангид цэвэрлэгчээр ажиллаж байсан байна. Тухайн үед нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт энэхүү ажилласан талаар бичилт хийгдээгүй байна. Үүнээс болж өнөөдөр миний хадам ээжийн улсад хөдөлмөр эрхэлсэн жил нь ажилласан жилд тооцогдохгүй хохироод байна. Аймгийн архиваас ажилд орсон болон гарсан тушаал нь гарахгүй байна. Тухайн үед нэгдэлд туслах ажилтан, Худалдаа бэлтгэх анги гэж салбар болж хуваагддаг юм байна. Хадам ээж болох Х.Х нь тус сумын Худалдаа бэлтгэх ангид цэвэрлэгчээр, О нэгдэлд малчнаар ажилласан байна. Аймгийн архиваас манай хадам ээжийн 1978-1992 он хүртэлх ажилласан жилийн талаар цалин хөлсийг гаргаж өгсөн. Тухайн үед хамт ажилласан улсууд нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж Х.Хын улсад ажилласан жилийг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэх ангид 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Хүсэлт гаргагч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэх ангид 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 346 дугаарархивын лавлагаанд: Дэлүүн сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн А.Хын 1978-1992 онуудад ажилласан хөлсийг маягтад тодорхойлж өгөв гэсэн байна.

-Дэлүүн сумын О нэгдлийн ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны Х овогтой Х /Ямат бригад/ түүвэрт: Х.Х нь 1978 оноос 1991 он хүртэл ажилласан хоног, хөлсний талаар бичилтийг маягтаар тодорхойлж өгсөн байдал,

-1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний хороо, тус сумын Худалдаа бэлтгэх ангиас олгосон Сайшаалын үнэмлэхэд: 1982 оны Социалист уралдаанд зарласан ба болзолд тэргүүн байр эзэлсэн явдлыг сайшаан цаашдын амьдралаас амжилт хүсэж үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнав гэсэн байна.

- О.Жы шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Х.Х нь тус сумын Худалдаа бэлтгэх ангид цэвэрлэгчээр ажилласан үнэн. Тухайн үед тус сумын О нэгдэл дотор 5 хэсэг байдаг байсан. Туслах ажилтан, фермийн ажилтан, Худалдаа бэлтгэх анги гэх мэт. Х.Х нь Худалдаа бэлтгэх ангид цэвэрлэгчээр ажиллаж байгаад дараа нь тус О нэгдэлд малчнаар нөхөртэй хамт ажилласан. Миний бие тус Худалдаа бэлтгэх ангид агентаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Хамт ажилласан гэх *********** регистрийн дугаартай К.С, *******регистрийн дугаартай О.Ж, ****** регистрийн дугаартай А.Д нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Дэлүүн сумын 3 дугаар багийн иргэн Х овогтой Х нь 1982 оноос 1985 оны хооронд Дэлүүн сумын Худалдаа бэлтгэх ангид цэвэрлэгчээр ажиллаж байсан үнэн. А.Д би тус ангид тракторчнаар, К.С би нярваар, О.Ж би агентаар тус тус ажиллаж байсан гэх бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Х.Хын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэх ангид 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** регистрийн дугаартай, М овогт Хын Х нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Худалдаа бэлтгэх ангид 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ