| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2024/04065/И |
| Дугаар | 210/МА2025/00185 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00185
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/04815 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
*******ийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******ийн *******ийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туршилтын хугацааг тогтоож, цаашид хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар тохиролцон ажлаа хүлээн авсан.
1.2. Тус төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар ажлаа шалтгаангүйгээр тасалсан, автомат цаг бүртгэгчид бүртгүүлээгүй, тус эрүүл мэндийн төвийн стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга *******ийг ажлын бус цагаар дуудахад нь очих боломжгүй талаараа мэдэгдсэн тохиолдлыг захирах, захирагдах зарчмыг баримталж ажиллаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж, мөн ******* *******ыг ажиллагсадтайгаа хуульд заасны дагуу зүй зохистой харилцах, мөн шинээр ажилд авч буй ажиллагсадыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж мэргэшлийн хүн авах, поликлиникийн ажилчдын дотоод журамд оруулах өөрчлөлтийн талаарх ажилчдын санал, хүсэлтийг *******д илэрхийлсэн, уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүйгээс Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэл болон Эрүүл мэндийн сайдад хандан зохих шаардлагыг хүргүүлсэн зэрэг байдлыг зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Автомат цаг бүртгэл нь надаас шалтгаалахгүйгээр уншихгүй, зохих ёсоор ажиллахгүй байсан учраас миний ажилдаа ирсэн, явсан цаг автомат цаг бүртгэгчид бүртгэгдээгүй боловч ажлын цагаар өөрийн ажлын байрандаа байнга байж, үүрэгт ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Тухайн шаардлагад эрүүл мэндийн ажилчдыг ятгах, дарамтлах, хууран мэхлэх замаар гарын үсэг зуруулаагүй учир ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрх тушаалыг гаргахад миний бие эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан байсан, уг тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэтээр нөхөж үйлдсэн.
1.3. Иймд *******ийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,500,000 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тай 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр *******ийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан. ******* нь ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн, тарсан цагаа бүртгүүлээгүй ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй болох нь цагийн бүртгэлээс харагдаж байна.
******* нь цалин урамшуулал, нэмэгдэлтэй холбоотой гомдлоо Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хороонд гаргаж байгаа гэж 18 албан хаагчаар ид ажлын үзлэгийн үед орж танилцуулж, гарын үсэг зуруулан хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалтай үйл ажиллагаа явуулсан, бусдыг буюу ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
Мөн *******т удаа дараа ажлын үүргийн талаар холбогдох шаардлагыг тавихад биелүүлдэггүй байсан учир 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр *******тай ажил үүрэгтэй нь холбоотойгоор сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаагаар зөрчил гаргасан нь тогтоогддог.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 дахь заалт, Төвийн даргын 2024 оны А/01 тоот тушаалаар батлагдсан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.6.2 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар заалт, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 3.2.6, 3.2.9 дэх заалтыг үндэслэн Поликлиникийн эрхлэгч ажилтай байсан *******ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн болон ажил тарсан цагаа бүртгүүлээгүй ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, бусдыг буюу ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөө турхирсан нь тогтоогдсон, захирах, захирагдах зарчмыг баримталж, ажиллаагүйн улмаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан тул 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******д холбогдуулан *******ийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Поликлиникийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,500,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5-д заасныг үндэслэн *******ийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах хууль зүйн харилцааг зохицуулсан байна. ******* нь хэдийгээр туршилтын хугацаанд ажиллаж байсан ажилтан боловч *******өөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан зохицуулалтыг баримтлах ёстой байсан.
Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл тодорхой бус, хууль зүйн үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан байхад шүүхээс тухайн үйл баримтыг үнэлж, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.
4.2. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг харилцан тохиролцож нэрлэн зааж оруулах ёстой байсан боловч талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой сахилгын зөрчлүүдийг нарийвчлан зааж оруулаагүй, *******т ямар сахилгын зөрчил ноцтойд тооцогдохыг танилцуулаагүй байж түүнийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчоос байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн актуудын эрэмбийг алдагдуулсан хууль бус үйлдэл байхад шүүхээс түүнийг зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
4.3. ******* нь анх ажилд орсноосоо хойш байгууллагын автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн, явсан цагийг тогтмол бүртгүүлж ирсэн боловч тухайн байгууллагын автомат цаг бүртгэгчийн алдаанаас хамаарч түүний цагийн бүртгэл хийгдээгүй байсан бөгөөд тухайн цаг бүртгэл хийгдэхгүй байгааг ******* мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, мөн байгууллагаас түүний цаг бүртгэл хийгдэхгүй байгааг мэдэгдээгүй.
*******ийн ажилдаа ирсэн, явсан цагийн бүртгэл байгууллагын автомат цаг бүртгэгчид бүртгэгдээгүй боловч түүний үүрэгт ажилдаа өдөр тутам ирж, ажил үүргээ гүйцэтгэж байсан нь *******ийн поликлиникийн төвийн ахлах сувилагчийн гараар бүртгэж байсан 2024 оны 2, 3, 4 саруудын цагийн бүртгэл болон *******ийн цалингийн картын мэдээлэл, мөн *******ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 13 дугаартай тэмдэглэлд хүний нөөц, хяналт шинжилгээний албаны дарга *******ийн ******* эрхлэгч бол ажлын цаг тасалсан явдал байгаагүй гэж дурдсан зэрэг хэрэгт цугласан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог ба түүний цалин хөлсийг бүрэн бүтэн олгож байсан нь *******өөс түүнийг ажилдаа өдөр бүр хүрэлцэн ирж, үүрэгт ажлаа хийж гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байна.
Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд автомат цаг бүртгэгчид бүртгүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх заалт байхгүй байхад *******ийг автомат цаг бүртгэгчид бүртгүүлээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байтал шүүхээс *******ийг автомат цаг бүртгэгч түүний цагийг бүртгэхгүй байсныг нотлоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугласан нотлох баримтуудыг гүйцэд үнэлж дүгнэхгүйгээр, хэрэгт ач холбогдолгүй нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгож ажил олгогчид давуу байдал олгосон шийдвэр гаргахад хүргэсэн.
4.4. ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалын үндэслэлээ шүүхийн өмнө нотлох үүрэгтэй боловч *******ийг хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан албан хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, мөн захирах, захирагдах зарчмыг баримталж ажиллаагүйн улмаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй талаар ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч ******* нь *******ийн 2024 оны 4 дүгээр сарын 26 өдрийн Б/137 дугаартай тушаалд дурдсан үйл баримтуудыг нотлох үүрэггүй, тухайн нөхцөл байдлуудыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд өгсөн боловч шүүхээс тухайн баримтуудыг зөв үнэлж дүгнээгүй.
******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан *******ийн *******ийн албан тушаалын тодорхойлолтын 2-т заасан чиг үүргийн дагуу *******ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд тухайн зөвлөлөөс гарсан шийдвэрийг ажиллагсдад мэдээлэх, мөн ажиллагсадын санал хүсэлтийг удирдах зөвлөлд уламжлах эрх, үүрэгтэй.
Үүний дагуу 2024 оны эхний улирлын үр дүнгийн урамшууллыг өгөхгүй талаархи удирдах зөвлөлийн шийдвэрийг ажиллагсдад мэдэгдэж, ажиллагсадын дундаас гаргасан санал хүсэлтийг *******ийн үйлдвэрчний эвлэл болон төвийн дарга *******ад хүргүүлсэн бөгөөд тухайн эрх бүхий албан тушаалтнууд санал хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан.
Энэ нь хамт олны эв нэгдлийг үймүүлэн бутаргах гэсэн ямар нэгэн үйл ажиллaraa биш, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 9.1-д заасан ажиллагсадын чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн хуулийн 42.1.5-д зааснаар хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа юм.
Гэтэл Чингэлтэй дүүргийн ******* ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 11.1, 11.1.1-д ажил олгогч нь ажилтны эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснийг зөрчиж *******ийг ажиллагсадыг өөрийнх эсрэг турхирсан, хамт олны эв нэгдлийг үймүүлэн бутаргасан хэмээн үндэслэлгүйгээр буруутгаж, *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.6-д зааснаар удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөрийн дураар *******ийг ажлаас чөлөөлсөн нь өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан хууль бус үйлдэл юм.
4.5. Мөн ******* нь өөрийн ажил үүрэгт хариуцлагатай хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь биелүүлж байсан бөгөөд үүрэг даалгавар биелүүлээгүйн улмаас ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. *******өөс *******ийг захирах, захирагдах зарчмыг баримталж ажиллаагүйн улмаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан гэж буруутгасан боловч түүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох ёстой.
Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс *******ийг *******ийн ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг үгүйсгэсэн тайлбараа нотлох нотолгоог гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан үйлдэл юм.
4.6. нь хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалыг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шуудангаас гардан авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Тухайн комиссоор 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гомдлыг авч хэлэлцээд ажил олгогчийн зүгээс эвлэрэхгүй гэсэн хариуг өгсөн тул маргаан таслах ажиллагааг дуусгавар болгож 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24/48 дугаартай шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг 2024 оны 6 дугаар сарын 20 өдөр гардан авч 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу *******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 10,500,000 төгрөгийг *******өөс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг *******д даалган шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь нэхэмжлэгч *******тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд энэ хугацаанд ажилдаа тэнцэхгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, удирдлагын багаас гаргасан шийдвэрийг ажилчдад зөв таниулж мэдүүлэхгүйгээр гарын үсэг цуглуулж удирдлагын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх зэрэг үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сонсох ажиллагаа хийгдсэн. Энэ сонсох ажиллагаагаар цаг ашиглалт, захирах, захирагдах зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Эдгээр үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний 1.8.4-т заасан туршилтын хугацаанд ажил олгогч гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд захиргааны зөвлөлийн хурлаар оруулан хугацаанаас нь өмнө хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэх зүйл заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
5.2. Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх нь ажил олгогчид байгаа бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчилд тооцогдоно гэж заасан бөгөөд мөн энэ хүрээнд сахилгын зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон шийдвэр нь хууль ёсны дагуу, үндэслэл бүхий гарсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан тус төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Талуудын хооронд 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр *******ийг *******ийн *******ийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцож, тус төвийн даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар дээрх ажилд томилсон, мөн төвийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б/137 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулна.
4.1. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б/137 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, хөдөлмөрийн гэрээний 2.1.5, 3.2.6, 3.2.9, тус төвийн дүрмийн 2.6.2, хөдөлмөрийн дотоод журмын заасныг баримтлан ******* ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид ажилдаа ирсэн болон ажил тарсан цагаа бүртгүүлээгүй ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан алба хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан нь тогтоогдсон, захирах, захирагдах зарчмыг баримталж ажиллаагүйн улмаас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан гэж 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Дээрх тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний заалтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
4.2. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан гэж буруутгасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар дараах байдлаар нотлогдоогүй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан цахим цаг бүртгэлийн /хх-100-102, 120-124/ 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны баримтад нэхэмжлэгчийн ажлын цаг бүртгэгдээгүй байх боловч цахим бүртгэл асуудалтай байгаа талаар сонсох ажиллагааны хурал дээр яригдсан байх тул уг бүртгэлээр ажлын цагаа бүртгүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн хэргийн 147-152 дугаар талд авагдсан цагийн гар бүртгэлийн баримтад тусгаснаар ажилтан ******* нь 2024 оны 4 дүгээр сард нэг өдрийн цалингүй чөлөө авсан, бусад хугацааны ажлын цаг бүрэн бүртгэгдсэн, энэ хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос олгосон үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн гаргасан гэх ажлын цагийг баримталж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй зөрчилтэй холбогдох өөр баримт гаргаж өгөөгүй байх тул дээрх баримтуудаар тухайн зөрчлийг тогтоогдсон гэж дүгнэхгүй.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, ажилтан алба хаагч нарыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан гэх зөрчилд нэхэмжлэгчийн ямар үйлдлийг зөрчилд тооцсон болохыг тушаалд тодорхой заагаагүй ба 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгаснаас үзэхэд дээрх зөрчлийн хүрээнд цалин хөлс, шагналын мөнгө-ний асуудлаар санал, гомдлыг дээд шатны байгууллагад гаргах, уг гомдолд бусад ажилтнаар гарын үсэг зуруулах зэрэг ажиллагаа зохион байгуулсан гэх асуудал яригджээ. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь ямар үндэслэлээр хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, үүнд ажилтан алба хаагч нарыг өдөөн турхирсан зөрчилд хамаарч байгаа болохыг үндэслэл бүхий баримтаар нотолж чадаагүй байх тул уг зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн, захирах, захирагдах зарчмыг баримтлаагүйгээс удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх зөрчилд удирдах албан тушаалтны зүгээс ажлын байрандаа ирэхийг дуудсан, энэ үед ажлын бус цаг байсан гэх асуудал сонсох ажиллагааны хуралд яригджээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд ажил олгогч нь ажилтнаас ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй боловч энэ нь гагцхүү хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийн хэмжээнд хэрэгжих бөгөөд захирах, захирагдах зарчим мөн энэ хүрээгээр тайлбарлагдана. Иймд ажилтныг дуудах болсон нь ажлын зайлшгүй шаардлага байсныг ажил олгогч нотлоогүй тохиолдолд уг шаардлагыг хууль бус гэж үзнэ.
5. Дээр дурдсанаар хариуцагч байгууллагын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул уг тушаал хууль бус талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна. Учир нь
5.1. Хугацаатай байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа хууль болон гэрээнд заасан 3 сарын хугацаа болсноор дуусгавар болох бөгөөд уг хугацааг сунгах, сунгагдсанд тооцох эсэх нь талуудын хүсэл зоригоос хамааран хэрэгжих ба энэ талаар гэрээний 1.8.3-т тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцжээ.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан, уг хугацааг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцэхгүй.
6. Иймд хариуцагч байгууллага нь туршилтаар ажиллуулах гэрээний хугацаа дууссанаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах болсон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй.
6.1. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгт заасан хугацаа тоолох журмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан гэж тооцогдоно. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын цалин хөлсийг бүтэн олгосон үйл баримт тогтоогдсон. Иймд 2024 оны 5 дугаар сарын 1-6-ны өдрүүдийн ажлын 4 өдрийн цалин хөлс 320,436 /80,109 х 4/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,179,564 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт нийцнэ.
Мөн *******ийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаал нь эрх зүйн дагавар үүсгэхгүй тул хүчингүй болгох шаардлагагүйгээс гадна ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын үндэслэл болох тул бие даасан шаардлага биш болохыг дурдах нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаалыг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардан авч, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан, тус хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсон. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/04815 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 320,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,179,564 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 10,263 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА