| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/08226/И |
| Дугаар | 210/МА2025/00223 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00223
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/05585 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-т холбогдох
Орон сууцны үнэ 1,540,000,000 төгрөг, 3 жилийн цалин 1,735,204,595.40 төгрөг, нийт 3,275,204,595.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ,тай 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 2020/17/к дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний дагуу үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байхад , зохицуулалтын газрын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399 тоот тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
1.2. Дээрх хөдөлмөрийн гэрээний 7.3-т зааснаар 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/17/к дугаар бүхий нэмэлт гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн гэж заасны дагуу 2019/17/к дугаартай контрактын гэрээний 2, 3 дугаар заалтын дагуу холбогдох тооцоог хийж, гэрээний хэрэгжилтийг хангах тухай , зохицуулалтын газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 401 дугаартай тогтоол гарсан.
Тус тогтоолын 1 дүгээр заалтад ...*******-ын захирлын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаатай холбогдуулан *******тай байгуулсан 2020/17/к дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний салшгүй хэсэг болох 2019/17/к контрактын нэмэлтийн 2, 3-т заасны дагуу холбогдох тооцоог хийж, гэрээний хэрэгжилтийг хангахыг үйлдвэрийн газрын захирал *******д зөвшөөрсүгэй. гэж шийдвэрлэсэн.
1.3. Дээрх гэрээний 2 дугаар заалтын дагуу 4 өрөө байрны холбогдох тооцоог хийж үзэхэд ******* хотхонд 1,900,000,000 төгрөг, ******* 1,650,000,000 төгрөг, ******* 1,544,337,000 төгрөг, ******* 1,540,000,000 төгрөгийн тус тус үнэлгээтэй байна. Дээрх үнэлгээнээс хамгийн бага үнэтэй буюу 1,540,000,000 төгрөгөөр тооцон, орон сууцны үнийг нэхэмжилж байна.
Мөн гэрээний 3 дугаар заалтын дагуу 3 жилийн цалингийн тооцоог хийж үзэхэд 2021 онд 622,193,674 төгрөг, 2022 онд 507,092,677 төгрөг, 2023 онд 605,918,244.40 төгрөг, нийт сүүлийн 3 жилийн хугацаанд 1,735,204,595.40 төгрөгийн цалин авсан байна. Энэ цалингийн тооцоолол нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байгаа болно.
Иймд дээрх тооцооллыг үндэслэн гэрээний 2, 3 дахь заалтын дагуу 3,275,204,595.40 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Засгийн газрын 2019 оны 103 дугаар тогтоолоор *******-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн дагуу *******-ын захирал нь ,тай контракт болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.
2.2. Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан, уг дүрмийн 6.6-д ******* нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилсон захиралтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээ дүгнэх, урамшуулал олгох асуудлыг зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмаар зохицуулна. гэж заасан.
2.3. , зохицуулалтын газрын 2024 оны 399 дугаар тогтоолоор *******-ын захирал *******ыг үүрэгт ажлаас нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд түүнд тэтгэмж олгох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг *******-ийн гүйцэтгэх захирал *******од даалгасан байна.
2.4. тай байгуулсан 2020/17/к дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г *******-тай байгуулж ажиллаж байсан.
2.5. *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2020 оны 2020/17/к дугаар бүхий онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай 2019/17/К контрактын нэмэлт гэрээ нь *******-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс зогсож хүчин төгөлдөр биш болсон.
зохицуулалтын газрын 2024 оны 401 тоот тогтоолын үндэслэл болсон 2020/17/к дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ 2019/17/к контракт болон нэмэлт өөрчлөлтийн гэрээний үйлчлэл зогссон, хүчин төгөлдөр бус, түүнчлэн тодорхой үнийн дүн заагаагүй, зөвшөөрөл олгосон байх тул биелүүлэх боломжгүй.
Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2, 25 дугаар зүйлийн 25.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох 3,275,204,595.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,533,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хангамж, тэтгэмжийн талаарх хуульд нийцсэн тохиролцоо гэж үзээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон. Тодруулбал, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн контрактын нэмэлт өөрчлөлтөд заасан хангамж, тэтгэмжийн талаарх талуудын тохиролцоо нь 1999 он болон 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн аль алинд нь нийцсэн. Гэтэл шүүх өмнөх гэрээний тохиролцоог дараагийн гэрээнд дахин хэрэглэж болохгүй мэтээр дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй юм.
4.2. Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн контрактын нэмэлт тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй бөгөөд харин энэ тохиролцоогоо 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/К дугаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд шинэчлэн тусгаагүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гээд ******* нь *******ад Улаанбаатар хотод 4 өрөө орон сууц олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үр дагаврыг буруу дүгнэсэн явдал юм.
4.3. Нэхэмжлэгч нь ******* болон *******ын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ОМГЛ/ГЗ-01/20240102 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүх хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гарган шүүх хуралдааныг хийсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******-ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй атал шүүх *******-ийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг дүрмийн 6.6-д ******* нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилсон захиралтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээ дүгнэх, урамшуулал олгох асуудлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмаар зохицуулна. гэж заасан.
5.2. *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2020 оны 2020/17/к дугаар бүхий онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай 2019/17/к контрактын нэмэлт гэрээний үйлчлэл нь *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт орж, ХХК-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс зогсож хүчин төгөлдөр биш болсон.
Иймд анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил олгогч биш бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх тул хариуцагч *******-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбогдуулан тэтгэмж олгох үүрэг үүсэхгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Орон сууцны үнэ 1,540,000,000 төгрөг, 3 жилийн цалин 1,735,204,595.40 төгрөг, нийт 3,275,204,595.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдох шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/17/к дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан тул орон сууц болон тэтгэмж авах эрхтэй гэж, харин хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлд дурдсан гэрээ нь *******-тай 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г байгуулснаар дуусгавар болсон, улмаар 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч ажиллаж байсан, дуусгавар болсон гэрээний дагуу орон сууц, тэтгэмж олгох үндэслэлгүй гэж тайлбарлан, маргажээ.
Дээрх маргааны хүрээнд нэхэмжлэгч нь *******-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20230518, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-01/20240102 дугаартай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хамтран хариуцагчаар *******-ийг татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/30008 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн этгээдийг хариуцагчаар тодорхойлж, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлж хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарна.
Тухайн маргаантай эрх зүйн харилцааны талуудыг бүрэн оролцуулсан тохиолдолд шүүхээс маргаж буй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой болох юм.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/05585 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,535,180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.ГАНДИЙМАА