| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0629/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/634 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/634
2019 6 26 2019/ШЦТ/634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0629/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Ц. Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Шүүгдэгч Б.Х /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 1809056460598 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-389 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Х /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт Ц.Балжиннямтай маргалдаж хүзүү, дух, шанаа, хацар, чих, уруул хэсгийг гараараа маажиж дагз хэсэг рүү балаар удаа дараа цохиж биед хүзүүнд цус хуралт, дух хамар, хоёр хацар, эрүү, дээд уруул, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, дагзанд шарх, цус хуралт, зулгаралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Балжинням бид хоёр 2 жилийн хугацаанд үерхэж байсан. Үерхэж байх хугацаандаа Ц.Балжинням хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Намайг гэрээс гаргадаггүй, хардаж сэрдээд, өөрөө хамт байж байдаг байсан. 2018 оны 6 дугаар сард би жирэмсэн болсон. Намайг 5 сартай жирэмсэн байх хүртэл хамт байсан. Энэ хугацаандаа элдэв ааш зан гаргаж, бид хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. 6 сартай жирэмсэн болсноос хойш гэнэт алга болсон. Манай эцэг, эх яасан юм бол гэж санаа зовоод залгахаар огт гар утсаа авдаггүй байсан. Холбоо барьж болох бүх холбогдох дугаараараа намайг блок хийсэн байсан. Ээжтэй нь манай ээж холбоо барихад Ц.Балжинням өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр нь би шинжилгээ хийлгэе гэхэд хүүгээ явуулахгүй гээд намайг доромжилсон. Намайг найз нөхдөөрөө нийлж доромжилсон. Ц.Балжинням өөрөө намайг гэрээс гаргадаггүй байсан хэрнээ намайг өөр хүнтэй болсон гэж ярьсан байсан. Би Ц.Балжиннямыг Хөгжим бүжгийн урд машинтайгаа явж байхаар нь юунаас болж ингээд байгааг нь асууж, тодруулахаар машин дээр нь очоод цонхийг нь тогшиход хаалгаа онгойлгоод суу гэсэн. Тэгээд миний хүүхэд биш гээд байхаар нь тухайн үедээ гомдож, уурласандаа би нүүр рүү алгадсан. Гэтэл намайг түлхэхээр нь би болиоч гээд өөдөөс нь 2-3 удаа сарвалзсан. Тэр үед харанхуй байсан болохоор би маажсан эсэхээ мэдэхгүй байна. Ээж нь ирээд над руу салаавч гаргаад, манай ээж, бид хоёр руу дайрсан. Тэгэхээр нь та болиоч дээ гэхэд намайг чам шиг юм ингэж байхдаа таарна гэж байсан. Тэгээд намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан ч миний гэдэс рүү өшиглөсөн. Манай ээжийн бие муу, гэтэл Ц.Балжиннямын ээж, эгчтэйгээ нийлж ээжийг маань зодсон. Ээж маань элэгний өвчнөөр сүүлийн 10 жилийн турш өвдсөн. Тэр явдлаас хойш 2 сарын дараа ээжийн маань бие эрс муудаад нас барсан. Хүүхэд маань төрөхдөө хүндрэлтэй төрсөн. Би дараа нь хүүхдээ төрүүлээд сэтгэл санааны хүнд дарамтаас болж эмнэлэгт удаан хэвтсэн. Тэр үед надад цагдаа, шүүхийн байгууллагаар явах тэнхэл байгаагүй. Эмнэлгээс гараад ээжийн маань 49 хоног дуусаагүй байхад байнга дууддаг байсан. Би очих боломжгүй талаараа хэлдэг байсан. Би мэдүүлэг өгөхдөө хүүхдээ хажууд нь хөхүүлээд сууж байдаг байсан. Би бас маш их хохирсон мөртлөө өнөөдөр яллагдагч болоод зогсож байна. Надад үнэхээр хэцүү байна. Тэр хүн миний амьдралд арилхааргүй хар толбо үлдээсэн. Би хаана ч очсон ялтан гэсэн нэртэй болсон. Тэр хүний нүүрний сорвины талаар мэдэхгүй ч миний сэтгэлийн шарх хэзээ ч эдгэхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Балжиннямын мэдүүлэг, гэрч Н.Номин, П.Ундармаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №362 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.Х нь 2018.02.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт хохирогч Цэвэгжавын Балжиннямтай урьдын бүтэлгүйтсэн амьдрал, эр эмийн шалтгаанаас маргалдаж түүний хүзүү, дух, шанаа, хацар, чих, уруул хэсгийг гараараа маажиж дагз хэсэг рүү балаар удаа дараа цохиж биед хүзүүнд цус хуралт, дух хамар, хоёр хацар, эрүү, дээд уруул, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, дагзанд шарх, цус хуралт, зулгаралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Балжиннямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хятад элчингийн урд талын зам дээр өөрийн 4635 УБП улсын дугаартай “Приус-30” маркийн машинтай явж байтал хажуу талд Б.Х машинтайгаа ирж зогсоод буугаад миний машин дотор орж ирээд суусан. Суугаад шууд хацар, зүүн шанаа, хүзүү, зүүн чихний ар тал хамарны дор, 2 нүдний ухархай орчим майжиж энэ гэмтлийг учруулсан. Тэндээс хөдлөөд “Авто плаза”-н урд талд очоод зогсоход дагзанд үзгээр зоосон. Энэ гэмтлийг Б.Х учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Гэрч Н.Номингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр манай дүү Б.Х, түүний ээж хоёр 13 дугаар хороололд ачийгаа эргэхээр очсон, би тэндээс очиж тэр хоёрыг аваад Хөгжим бүжгийн коллежийн урд түгжрээд зогсож байхад Б.Х Балжинням явж байна, би уулзаад ирэх үү гэхээр нь ээж, бид хоёр яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Х буугаад Балжиннямын машинд суугаад гэрэл асаад хөдөлгөөн эхэлсэн. Бид нар араас нь дагаад явж байсан. Хөгжим бүжгээс яваад СУИС-ийн зүүн талд ирээд зогссон. Зогсоод Б.Х буугаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч П.Ундармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Балжиннямыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талын замын баруун талд төв зам дагуу машинтайгаа зогсож байхад нь очсон. ...Машин дотроо нүүр нь маажуулсан бололтой цус гарсан нил улаан эрээн болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №362 дугаартай:
“Ц.Балжиннямын биед хүзүүнд цус хуралт, дух, хамар, хоёр хацар, эрүү, дээд уруул, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, дагзанд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Хд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Х-ийн амьдралын бэрхшээлт байдал, өнчрөл хагацал, саяханы бүтэлгүйтсэн амьдрал, хайр дурлалын улмаас доромжлуулж гомдсон сэтгэл, хохирогч болон түүний гэр бүлийн зүгээс хүний амьдрал, гэр бүл, үр хүүхэд, хайр сэтгэлийн асуудалд хөндий хүйтэн хандсан байдлууд нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Х-д холбогдох хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, амьдралын бэрхшээлт байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн ахуй амьдрал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР