Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/00166

 

*******-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/05047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 107,458,718 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаар тус тус хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 185 тоот зээлийн гэрээ, 185А тоот фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн дагуу шилжүүлсэн 13,744,289 төгрөгийг буцаан гаргуулах,******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэлийн агуулга:

******* , ******* нар харилцан тохиролцож 2021 оны 02 сарын 08-ны өдөр 185 тоот зээлийн гэрээ, 185А фидуцийн гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан. ******* нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хугацаандаа хийхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Мөн *******ийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж 2022 оны 02 сарын 18-ны өдөр 185Б зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээ, 185В фидуцийн гэрээг тус тус байгуулж, тооцооны үлдэгдлийн баталгааг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2021 оны 02 сарын 08-ны өдөр фидуцийн гэрээ байгуулан *******ийн өмчлөлийн******* улсын дугаартай *******, ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг тус тус зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Иймд үндсэн зээл 34,784,953 төгрөг, хүү 15,891,676 төгрөг, алданги 56,782,089 төгрөг, нийт 107,458,718 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан гэх боловч ******* нь нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлд дурдсан 2021 оны 02 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь анхнаасаа дүр үзүүлсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчингүй гэрээ юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

******* нь *******ХХК-аас 2021 оны 02 сарын 08-ны өдөр 18,821,737 төгрөг, 2021 оны 02 сарын 09-ний өдөр 19,278,263 төгрөг нийт 38,100,000 төгрөг шилжүүлэн авсан. Харин иргэн ******* гаас 40,000,000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй бөгөөд хуулийн мэдлэг дутмаг байдлын улмаас иргэн ******* тай 2021 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. Уг зээлийн болон фидуцийн 185, 185А тоот гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл бөгөөд ******* нь *******ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш тул энэ гэрээ хүчингүй юм.

Иймд, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 13,744,289 төгрөг гаргуулж, ******* маркийн******* улсын дугаартай, мөн ******* маркийн ******* улсын дугаартай автомашинуудыг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд заасны дагуу 40,000,000 төгрөгийг *******ХХК-аас *******ийн эзэмшлийн *******ин дахь *******тоот данс руу 2021 оны 02 сарын 08, 09-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Энэ 40,000,000 төгрөг нь *******-н захиран зарцуулах эрхтэй мөнгө байсныг *******ХХК-аас 2023 оны 06 сарын 14-ний өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн. Дээрх гэрээнүүд нь *******ийн хүсэлтийг үндэслэн байгуулагдсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр юм. Сөрөг нэхэмжлэл нь нотлох баримтгүй, үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 76,014,943.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,443,774.5 төгрөгт холбогдох хэсгийг, фидуцийн зүйл болох******* улсын дугаартай, ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай, ******* маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* д холбогдох 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 13,744,289 төгрөг гаргуулж, ******* маркийн******* улсын дугаартай, мөн ******* маркийн ******* улсын дугаартай автомашинуудыг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг ******* д даалгах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,443.59 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс 538,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талын байр сууринаас шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. Зохигчдын хооронд 2021 оны 02 сарын 08-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр ******* нь 40,000,000 төгрөгийг *******-д бодитой шилжүүлэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон атал анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

6.2. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зохигчдын хооронд 2021 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, улмаар энэ гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй.

6.3. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээлийн төлбөр 34,784,953 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-н Хаан банкны ******* тоот данс руу 2021 оны 03 сарын 09-ний өдөр 1,697,000 төгрөг, 2021 оны 04 сарын 29-ний өдөр 7,763,720 төгрөг, 2021 оны 06 сарын 18-ны өдөр 1,696,000 төгрөг, 2021 оны 09 сарын 06-ны өдөр 1,587,249 төгрөг, 2021 оны 11 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 13,743,969 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

6.4.  Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан баримтаар дээрх зээлийн мөнгөн дүнд талууд гэрээ байгуулж, хүү болон алданги тохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй атал анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үндсэн зээл 34,784,952 төгрөг, хүү 15,891,676 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн улмаар хариуцагч *******ээс нийт 76,014,943.5 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж ярьж байна. Энэ нь огт үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 02 сарын 08, 2022 оны 02 сарын 18-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн мөнгийг аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн мөнгийг авсан нь хэргийн 50-52-р талд авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,458,718 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаар тус тус хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* нь дээрх шаардлагыг ...зээлийн гэрээг ******* тай байгуулаагүй, ******* гаас зээлийн мөнгийг хүлээж аваагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 185 тоот зээлийн гэрээ, 185А тоот фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн дагуу шилжүүлсэн 13,744,289 төгрөгийг буцаан гаргуулж,******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3.  Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 02 сарын 08-ны өдөр 185 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон хуваарийн дагуу зээл, хүүг төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон;

3.2. Мөн өдөр талууд 185А тоот фидуцийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг тус тус *******-н өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон;

3.3.  Улмаар талууд 2022 оны 02 сарын 18-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэж, ******* нь 48,301,502 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан;

3.4.  Мөн өдөр талууд 185Б тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 12 сараар буюу 2023 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан;

3.5.  Мөн өдөр талууд 185В тоот фидуцийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг тус тус *******-н өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулагдсан гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.   Хариуцагч ******* нь өмнө дурдсан 2021 оны 02 сарын 08-ны өдөр 185 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарлах боловч уг тайлбар, татгалзал нь хэргийн 50-52-р талд авагдсан ******* ХХК-ийн мемориалын баримт, 66-р талд авагдсан *******ХХК-ийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 2023/95 тоот албан бичиг зэрэг баримтуудаар няцаагдсан. Тодруулбал, эдгээр баримтуудаар:

5.1.  *******ХХК-аас *******ийн эзэмшлийн ******* ХК дахь *******тоот данс руу 2021 оны 02 сарын 08-ны өдөр 18,821,737 төгрөг, 2021 оны 02 сарын 09-ний өдөр 1,900,000 төгрөг, мөн өдөр 19,278,263 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн;

5.2.  Түүнчлэн, *******ХХК нь дээрх 40,000,000 төгрөгийг *******-н нэрийн өмнөөс *******-д шилжүүлсэн болохыг зөвшөөрсөн үйл баримт тус тус тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч ******* нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар гуравдагч этгээд *******ХХК-аар зээлийн мөнгийг зээлдэгч *******-д шилжүүлэх үүргийг гүйцэтгүүлжээ гэж үзэхээр байна.

6. Түүнчлэн, хэргийн 19-р талд авагдсан ...******* миний бие 2021 оны 02 сарын 08-ны өдөр авсан 40,000,000 төгрөгийн зээлээ хил хаагдсанаас болж төлж чадаагүй... гэсэн агуулга бүхий гар бичмэлд Хүсэлт гаргасан гэсний дор зурагдсан гарын үсэг нь *******ийн гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байгаа болох нь шүүхээс томилогдсон шинжээч болох Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 784 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

7. Иймд, ...зээлийн гэрээг ******* тай байгуулаагүй, ******* гаас зээлийн мөнгийг хүлээж аваагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүү, алдангийн тооцооллыг хариуцагч тал өөрийн тооцооллоор няцаагаагүйгээс гадна нэхэмжлэгч талын уг тооцоололд хариуцагч талын буцаан төлсөн 13,744,289 төгрөгийг хасч тооцсон байх тул ...хариуцагч нь нийт 13,743,969 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байтал шүүх үүнийг анхаараагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

9. Анхан шатны шүүх хариуцагч талаас төлбөр төлсөн огноо, дүн болон гэрээнд тусгагдсан зээл, хүү, алдангийн тохиролцоог харгалзан үзэж хариуцагч *******ээс зээл 34,784,952 төгрөг, хүү 15,891,676 төгрөг, алданги 25,338,314.5 төгрөг, нийт 76,014,943.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус нийцжээ.

10. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнээд, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* д холбогдох, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 185 тоот зээлийн гэрээ, 185А тоот фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн дагуу шилжүүлсэн 13,744,289 төгрөгийг буцаан гаргуулж,******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашины өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

11. Анхан шатны шүүх хариуцагч *******-д холбогдох, үүргийн гүйцэтгэлийг******* улсын дугаартай ******* маркийн автомашин, ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаар тус тус хангуулах тухай, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан дүгнэлт өгөхгүй. 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/05047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 538,025 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР