Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00346

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1961 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 55настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, Эрхий мэргэн овогт Должинсүрэнгийн Бямбасүрэнг /РД:РЙ61112611/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00392/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-ийн Хонгор толгойд 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд амьдардаг тул холоос дахин шүүхэд ирэх боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-ийн хонгор толгойд 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочооражиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-ийн Хонгор толгойд 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочооражиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай лавлагаа, Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, тус даргын 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эрхий мэргэн овогт Должинсүрэнгийн Бямбасүрэнг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын МагсаржавСАА-ийн Хонгор толгойд 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор нийт 1 /нэг/ жил 11 /арван нэгэн/ сар 5 /тав/ хоног/ ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН