| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/05476/И |
| Дугаар | 210/МА2025/00167 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/00167
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04654 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 109,706,520 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 сарын 11-ний өдрийн хооронд 1 тонн нүүрсийг 110 юаниар тооцож тээвэрлэж өгөхөөр тохиролцсон. Уг хэлцлийн дагуу манай компани нийт 2,144.8 тонн нүүрсийг ******* ХХК-д тээвэрлэн өгсөн. Тухайн тээвэрлэсэн нүүрсний хөлс нийт 235,928 юань буюу 109,706,520 төгрөг болно. Манай компани ажлаа хийж дуусгаад ******* ХХК-тай тооцоо нийлж 2022 оны 09 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн үнийн дүн дээр 2 тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. ******* ХХК-ийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан боловч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд нүүрс тээвэрлэсний хөлс 235,928 юань буюу 109,706,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч компани нь гэрээгүй атлаа ******* ХХК-д нүүрс тээвэрлэж өгсөн. Уг тээврийн хөлсөө манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Манай компанийн хувьд ******* ХХК-тай гэрээ байгуулсан. ******* ХХК-ийн ачилт буулгалтын талбай дээрээс ******* ХХК-ийн худалдан авсан нүүрсийг ******* ХХК тээвэрлэж өгсөн. Манай компани өөрсдийн тээвэрлэсэн нүүрснийхээ мөнгийг ч авч чадаагүй нөхцөл байдалд байгаа. Нэхэмжлэгч талын нэхэмжлэх нь ******* ХХК-аас нэхэмжилсэн баримт болохоос хариуцагч ******* ХХК-д ажил гүйцэтгэж, тооцоо нийлсэн акт биш. Авлагаа хамтдаа нэхэмжилье гэж үйлдсэн нэхэмжлэх болохоос манайх төлбөр төлөх ёстой, мөн манай захиалгаар тээвэрлэлт хийсэн гэх баримт биш.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-аас 109,706,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,483 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хуралд оролцох эрхгүй ******* гэгч хүнийг шүүх хуралд оролцогч гэж үзэж түүнээс тайлбар авч шүүх хуралд оролцуулсан. Хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлгүй хүнийг шүүх хуралд хариуцагчийн байр сууринаас оролцуулж, тайлбар сонсож шүүх хурлыг явуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг зөрчиж процессын алдаа гаргасан.
4.2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, тухайн үед захирлаар ажиллаж байсан ******* нь гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх энэ хэсэгт дүгнэлт өгөөгүй.
4.3. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримт болгож ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-иудаас мөн л хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэл өгч түүнийг хариуцагч ******* ХХК нь хүлээн аваад тамга дарж гарын үсэг зурсан нэхэмжлэхүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнийг шүүх хэрхэн үнэлснийг дурдаагүй.
4.4. Хариуцагч тал 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 23 тоот нэхэмжлэх дээр бидний хийсэн ажлын тоо хэмжээ, мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөөд тамгаа дарж, гарын үсэг зурж нэг хувийг нь нэхэмжлэгчид өгснийг хэрэгт нотлох баримт болгож бид өгсөн байдаг. Гэтэл хариуцагч тайлбарлахдаа энэ нэхэмжлэлийг би өөр компанийн өмнөөс тамга дарж гарын үсэг зурсан юмаа гэж худал тайлбарлаж байхад шүүх үүнийг үнэн мэтээр үнэлж дүгнэж байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.
4.5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хятад талын компанийг ******* ХХК гэж байдаг, түүнтэй адил энэ нэхэмжлэлд дурдагдсан ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн Хятад талын компани юм гэж тайлбарласныг шүүх шийдвэртээ хэрхэн дүгнэсэн нь дурдагдаагүй.
4.6. Мөн нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн цагдаад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг нотлох баримтаар бүрдүүлж өгсөн. Нэхэмжлэгч тал ******* ХХК гэж огт мэдэхгүй, гагцхүү тээврийн ажлыг хариуцагч ******* ХХК-тай харилцан тохиролцож хийсэн. Энэ тухай цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Цагдаа, прокурорын байгууллагаас хэргийг шалгаад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК нь ******* ХХК нь нүүрс тээвэрлүүлсний төлбөр 235,928 юань аваагүй үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атал анхан шатны шүүх нотлох баримт биш гэж дүгнэсэн. Энэ тогтоолд хариуцагч талын захирал ******* бусад дарга нарын гэрчийн байцаалтаар нэхэмжлэгчтэй амаар ярьж тохирсон, тэгээд ажлуулсан, мөнгийг нь өгнө гэсэн байцаалт байхад шүүх энэ нотлох баримтыг зориудаар үнэлэхгүй орхигдуулсан.
4.7. Анхан шатны шүүх нүүрс тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичгийг бичгийн хэлбэрээр байгуулахаар хуульд заажээ. Иймээс нүүрс буюу ачааг дагалдах баримт бичгийг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчтай тээвэрлэлтийн гэрээ харилцан тохиролцож байгуулсан болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн. Хэрэв шүүх талуудын хооронд гэрээг бичгээр байгуулаагүй гэж дүгнэж байгаа бол хариуцагч тал 109,706,520 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тухайд дүгнэлт өгөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 235,928 юань буюу 109,706,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч компаниар тээвэрлэлт хийлгээгүй, манай компани өөрөө тээвэрлэлтийн хөлсөө авч чадаагүй байгаа... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг буруу тогтоож, улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
3.1. Хэргийн 34, 36-р талд авагдсан 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 23 тоот нэхэмжлэхэд тоо хэмжээ 2,144.8, нэгжийн үнэ 110.0, нийт үнэ 235,928 гэж дурдаад уг баримтад ******* ХХК, ******* ХХК-иуд тамга дарж, гүйцэтгэх захирал *******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулжээ;
3.2. Хэргийн 4-р талд авагдсан Дорноговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 5/297 дугаар тогтоолд ******* нь ...манай ******* ХХК-д нүүрс тээврийн дутуу байгаа хөлсийг өгөх ёстой байгаа юм. Иймд манай ******* ХХК-д гомдол гаргасан компаниуд ******* ХХК-тай холбогдож нүүрс тээврийн хөлсөө авах ёстой байгаа юм... гэсэн гэрчийн мэдүүлгийг, ******* нь ...гэтэл ******* ХХК нь манай тээвэр зогсчихлоо танай гэрээн дээр тээвэр хийе гэж гуйж байгаад тээвэр хийсэн. Тээвэр хийхэд албан ёсоор гэрээ байгуулсан зүйл байхгүй... гэсэн гэрчийн мэдүүлгийг тус тус өгсөн тухай тэмдэглэжээ.
3.3. Мөн дээрх Прокурорын тогтоолд ...нотлох баримтаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК нь ******* ХХК-аас нүүрс тээвэрлүүлсний төлбөр болох 235,928 юань аваагүй үйл баримт тогтоогдсон... тухай дурджээ.
3.1. Хэргийн 14-р талд авагдсан ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн ******* нь 2021 оны 05 сарын 03-ны өдрөөс, ******* нь 2023 оны 03 сарын 02-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэгджээ.
4. Дээр дурдсан бичмэл нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл, ******* ХХК нь ******* ХХК-аар 2,144.8 тонн нүүрс тээвэрлүүлсэн, ажлын хөлс нь 235,928 юань болсон талаар компанийн эрх бүхий албан тушаалтнууд тооцоо нийлж баталгаажуулсан, мөн хариуцагч компанид тухайн үед ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа гүйцэтгэх захирлууд нэхэмжлэгч компаниар тээвэр хийлгэсэн, хөлс өгөх ёстой гэсэн агуулга бүхий гэрчийн мэдүүлгийг цагдаагийн байгууллагад тус тус өгч байсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд хариуцагч ******* ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 235,928 юань буюу 109,706,520 төгрөгийг (үүрэг үүсэх үеийн юань төгрөгтэй харьцах албан ёсны ханш нь 1 юань = 468.36 төгрөг) гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасантай нийцнэ.
Өөрөөр хэлбэл, ...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, тэдгээрт дүгнэлт хийгээгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
5. Харин, ...анхан шатны шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралд оролцуулж тайлбар авсан... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нотлогдоогүй тул уг гомдлыг хангахгүй.
Тодруулбал, хариуцагч компаниас 2024 оны 09 сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр тус компанийг төлөөлөх бүрэн эрхийг *******-т олгосон байх ба хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ******* оролцсон болох нь холбогдох шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04654 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 109,706,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 706,483 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 706,483 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР