| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2024/07918/И |
| Дугаар | 210/МА2025/00168 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/00168
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/05304 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,200,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
******* миний бие *******, ******* нартай 2022 оны 12 сарын 18-ны өдөр Япон улсаас орж ирсэн RX маркийн автомашиныг 64,000,000 төгрөгөөр хувь лизингээр гэрээ хийж зарсан. Гэрээнд 10,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдсэнийг нь 2023 оны 07 сараас эхлэн сар бүр 2,000,000 төгрөг өгнө, зуслангийн газраа 18,000,000 төгрөгөөр зараад уг мөнгөө өгнө, 2024 оны 07 сарын 01-ний өдөр бүх мөнгийг өгч дуусгахаар тохиролцон. Миний бие 10,000,000 төгрөгийг аваад автомашинаа *******ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Зуслангийн газраа 15,000,000 төгрөгөөр зарсан боловч надад мөнгө өгөөгүй. ******* нь та санаа зоволтгүй, манай охин хүргэн хоёр Англид байдаг, тэр хоёрт автомашинаа өгөхөөр болсон, мөнгийг чинь гэрээний хугацаандаа өгч дуусгана гээд сар бүр 2,000,000 төгрөг өгч байсан. 2024 оны 06 сараас эхлэн ******* нь би автомашины чинь мөнгийг өгч чадахгүй *******гээс ав гээд мөнгө өгөхөө больсон. Уг автомашин *******ийн эзэмшилд байгаа. 2022 оны 12 сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг, 2023 оны 01 сараас сар 07 сар хүртэл сар бүр 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 сарны 11-ний өдрийг дуустал сар бүр 2,000,000 төгрөг, хоёр сар 200,000 төгрөг дутуу өгсөн, нийт 21,800,000 төгрөг, 2024 оны 01 сард *******гээс зуслангийн газрын зөрүүнд 7,000,000 төгрөг суутгаж, нийт 41,800,000 төгрөг авсан. Мөн миний хүү ******* нь 4,000,000 төгрөгийг өөрөө хариуцна гэсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөгөөр багасгаж байна.
Иймд бөгөөд үлдэгдэл 18,200,000 төгрөгийг *******ээс авч өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:
Тухайн автомашиныг авах сонирхол байгаагүй. ******* эгчийн хүү ******* нь *******гийн хамт 2022 оны 12 сарын 09-ний орой халамцуу ирж хонохдоо өөрийн RX270 автомашиныг заръя гэж *******тэй ярьсан. ******* автомашиныг хоёулаа авъя, хувь хүнээс хүүгүй зээл юм чинь гэж ятгасан. Хэдэд авч байгаа юм бэ гэсэн чинь ******* би өөрөө 4,000,000 төгрөгийг төлчихнө, та ээжид 64,000,000 төгрөгөөр гэрээ хийчихээ гэсэн. Тухайн үед зараас харахад ханш нь 57,000,000 төгрөг орчим байсан. Эгч нь Приустэйгээ халтуур хийгээд явахад болноо өр их байгаа гэсэн чинь би урагшаа ажилд явах гээд байна, 4,000,000 төгрөгийг би өгнө ээжид 64,000,000 төгрөг гээд хэлчих гээд түлхүүрээ орхиод явчихсан. ******* нь хоёулаа болно, автомашин задалж зардаг бизнес чинь гайгүй мөнгө олдог юм чинь санаа зоволтгүй гэхээр нь *******г хамт төлөх юм чинь гэж итгэж авсан. Төлөх явцад амьдралын эрхээр зуслангийн газарт гэр авах, бас зээлсэн мөнгөө өгөх, бизнесээ эргэлтэд оруулах шаардлагатай болж, хоёулаа ярилцаад байраа банканд 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ******* нь банкны мөнгө, автомашины мөнгийг бизнесийн орлогоос төлөлцөнө гэж тооцоолсон боловч 2023 оны 07 сараас хойш сар гаран архи уусан. Үүнээс болоод түр хугацаанд тус тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарч байгаа хугацаанд автомашин задалдаг, зардаг, засдаг бизнес, хашаа хороо бүхий л юманд суугаад орлогоо олж байгааг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Гол төлбөр төлөх эх үүсвэрээ авч үлдчихээд нэг ч төлөхгүй, чиний нэр дээр байгаа автомашиныг би яахаараа төлөх ёстой юм гээд надаар төлүүлэхийг санаархаж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг ганцаараа төлөхгүй, өөрийн төлөх 70 хувийг төлсөн үлдэх хувийг ******* төлөх ёстой гэж үзэж байна. Тухайн автомашиныг худалдаж авахдаа хамтарч төлөлцөнө гэсэн боловч 2,200,000 төгрөг төлсөн. Тухайн автомашин авах зээлийн гэрээнд ******* бид хоёр хоёулаа гарын үсэг зурж авсан учраас хоёулаа хариуцна.
Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:
Миний бие *******тэй хамтран амьдарч байх хугацаандаа авга эгч ******* гээс RX270 автомашиныг хувь лизингээр гэрээ хийж 64,000,000 төгрөгөөр худалдан авч, 30,000,000 төгрөгийг төлж байгаад 2023 оны 12 сараас Англид байдаг хүргэн, охин нар энэ автомашиныг авна гээд 12 сараас сар болгон 2,000,000 төгрөг төлж байгаад 2024 оны 06 сараас эхлэн автомашины мөнгийг өгөөгүй. Миний бие 2024 оны 03 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Уг автомашин *******ийн нэр дээр байгаа, өөрөө эдэлж хэрэглэж байгаа учир миний бие хамтарч төлөх үндэслэл байхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 18,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 248,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
5.1. Миний бие өөрийн хариуцах хэсгийг бүрэн биелүүлсэн талаар нотлох баримт гаргаж автомашины үнэ 60,000,000 төгрөгийн үлдэх 18,200,000 төгрөгийг худалдагч *******-тэй хэлцэл хийж худалдан авсан ******* хариуцах ёстой болохыг нотолж мэтгэлцсэн. Бидний хариуцах үүргийг хуваарилан тогтоож, өөрийн хариуцах хэсгийг бүрэн төлсөн болохыг тогтоолгож, төлөгдөөгүй хэсгийг худалдан авагч *******д хариуцуулж өгнө үү гэсэн үндэслэлийг шүүхэд тайлбарласан. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ тухайн худалдан авах үүргийг хамтран хүлээх хамтран хариуцах ёстой гэж шийдвэрлэсэн нь цаашид шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд ******* миний эрх ашгийг хөндөж тус төлбөрийг дахин надаас шаардан гаргуулах нөхцөлд хүргэж байна.
5.2. Миний бие 60,000,000 төгрөгөөс 41,300,000 төгрөг төлсөн. Харин ******* нь гэрээний үүргээс огт төлөлцөөгүй. Харин ч орлогын эх үүсвэр болох бизнесээ өөртөө авч тусдаа амьдардаг болсон. Мөн ******* нь хариуцлагаас зугтаж орлогоо нуун дарагдуулж байгаа талаар тайлбарласан. Цаашид бусдад төлөх төлбөрийг бүгдийг би хариуцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан миний төлсөн 41,800,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэл биелүүлсэнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.3. Худалдаж авсан автомашин хэдийгээр надад байгаа ч хамтын амьдралтай байхдаа худалдаж авсан эд хөрөнгийн маргааны талаар ******* жичдээ надаас нэхэмжлэх эрх нь байгаа. Харин худалдаж авах үеийн үүргийн 50 хувь болох 30,000,000 төгрөгийг ******* хариуцах ёстой. Шүүх хоёр хариуцагч хэдий хэмжээгээр хариуцахыг нарийвчлан тогтоож байж хариуцагчийн тайлбар татгалзалд үнэлэлт өгөх ёстой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хариуцагч нарыг хамтарч амьдарч байсан мөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэх үндэслэлээр автомашины төлбөрийг хамтран төл гэсэн шийдвэр гаргасан. ******* хамтран зээл авсан тул зээлийн талыг төлнө гэсэн боловч ******* зээлийн төлбөр төлөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Миний бие дугаар аваагүй автомашинаа 10,000,000 төгрөгийн урьдчилгаа авч хариуцагч нарт худалдан борлуулсан. Маргаан бүхий автомашиныг ******* унаж байгаа. Иймд *******ээс автомашины төлбөрөө гаргуулах байх гэж бодож байна гэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
******* бид хоёр автомашиныг ******* эгчээс хувь лизингээр худалдаж авсан. *******тэй хамтран амьдарч байх хугацаанд миний бие автомашины төлбөрт 30,000,000 төгрөг төлөхдөө зуслангийн газраа 7,000,000 төгрөгөөр эгчдээ худалдан борлуулсан. Мөн хадам ах *******-аар автомашины урьдчилгаанд өгөх 10,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулсан. Хадам ах *******-ын тэтгэвэр буухад сар болгон орлогоосоо тэтгэврийн зээлийг нь төлдөг байсан. Автомашины төлбөрт нийт 41,800,000 төгрөг төлснөөс би 30,000,000 төгрөгийг *******тэй хамт амьдарч байх хугацаандаа төлсөн. 11,800,000 төгрөгийг *******ийн хүүхдүүд төлсөн. Учир нь автомашиныг *******ийн хүүхдүүд авна гэж зээлийн төлбөр төлж байгаад сүүлдээ зээлээ төлөхөө больсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 18,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь ... миний бие автомашины үнэд 41,300,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөрийг ******* хариуцах ёстой, миний бие өөрт ногдох төлбөрийн үүргийг бүрэн төлж гүйцэтгэсэн ... гэсэн үндэслэлээр, хариуцагч ******* нь ... миний бие *******тэй хамтран амьдрах хугацаандаа автомашины үнэд 30,000,000 төгрөг төлсөн, одоо автомашин *******ийн эзэмшилд байдаг учир үлдэгдэл төлбөрийг ******* төлөх ёстой ... гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн 5-р талд авагдсан 2022 оны 12 сарын 18-ны өдрийн гар бичмэлээс үзвэл, ******* нь Япон Улсаас орж ирсэн RX автомашиныг *******, ******* нарт 64,000,000 төгрөгөөр худалдах, *******, ******* нар 2022 оны 12 сард урьдчилгаа 10,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 54,000,000 төгрөгийг 2024 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөгөөр багасгасан, хариуцагч *******, ******* нар автомашины үнэд нийт 41,800,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18,200,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг зөв тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.
6. Анхан шатны шүүх автомашины үлдэгдэл төлбөр болох 18,200,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан зохицуулалтад тус тус нийцсэн байх тул энэ талаарх хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Учир нь, талууд 2022 оны 12 сарын 18-ны өдрийн хэлцлээр хариуцагч *******, ******* нарын хэн нь хэдэн төгрөг төлөх талаар тодорхойлж зааглаагүй буюу *******, ******* нар автомашины үнийг хамтран төлөх агуулгыг тусгасан байна.
Энэ тохиолдолд хариуцагч *******, ******* нар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* д хэн нь хэдэн төгрөг төлсөн, хариуцагч *******, ******* нарын хэн нь хэдэн төгрөгийн орлоготой, хэн нь орлогын эх үүсвэрээ авч үлдсэн зэрэг нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/05304 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 248,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР