| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0625/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/633 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Онон |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/633
2019 6 26 2019/ШЦТ/633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0625/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Н.Онон
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч П.Ц /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ц-д холбогдох эрүүгийн 1909019600691 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хорооны засаг даргаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Оргил стар хотхоны 57-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй П.Ц /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 07 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чулуунаа” эмнэлэгт иргэн Д.Цэнддоржтой марган нүүрэн тус газарт нь гар утсаараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Ц: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цэнддоржийн мэдүүлэг /хх-ийн 11 тал/, №5377 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Пунсалын П.Ц нь 2019.05.01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чулуунаа” уламжлалт анагаахын эмнэлэгт хохирогч Дашдонойн Цэнддоржтой эмчилгээ хийлгэх очер дарааллын асуудлаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Цэнддоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Чулуунаа” гэх эмнэлэгт эмчлүүлэхээр өглөө 07 цагт ирсэн. Тэгээд гадаа үүдэнд дугаарлаж байхад маргаан болсон. Маргаан юунаас болсон бэ гэхээр хамгийн эхэнд нэг тэргэнцэртэй эмэгтэй тэрний дараа нэг өндөр шар залуу байсан. Тэгээд тэр эрэгтэй би түрүүлж орно, би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгнө хоцорлоо гээд байсан. ...Тэгээд чи битий ингэ наад хүнээ түрүүлээд оруулчих гэж хэлсэн. Тэрнээс болж бага зэрэг маргаан болсон ба тэр эрэгтэй намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би шарлаганд орох гээд доошоо хараад хэвтэж байтал нөгөө эрэгтэй шарлагын аппарат дээр хүзүүгээ шаруулж байснаа та нараар эмчлүүлэхгүй гээд гараад явсан. Тэгээд буцаж гүйж орж ирээд миний толгойн баруун дээд талд гар утсаараа цохиод гүйгээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №5377 дугаартай:
“Д.Цэнддоржийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Ц-н зүгээс өөрийн аминч эрх ашгийг урьтал болгож, өөрөөсөө ах хүнийг хүндлэх уламжлал, ёсыг умартаж, тэсвэр тэвчээргүй зан гаргаж, очер дарааллын журам зөрчиж хүний биед гэмтэл учруулсан ухвар мөчид зан байдал нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ц-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч П.Ц-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Хохирогч Д.Цэнддорж нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 23 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч П.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Ц-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч П.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пунсалын П.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР