Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/00234

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04698 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

Гэм хорын хохиролд 25,418,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс *******-д инженер техникийн албанд эргэх механизмын засварчнаар ажилласан ба 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******-ын ******* зуухны хэсэгт засварын ажил гүйцэтгэж байх үед холхивчны төмөр таг унаж зүүн хөлийн шилбэний яс хугарсан.

1.2. Дээрх ослыг *******-ийн ажилтан *******, *******, ******* нарын буруутай үйлдлээс болсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ДШМ/97 дугаартай магадлалаар *******, *******, ******* нарыг гэм буруутайд тооцсон.

1.3. Дээрх ослын улмаас *******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, эмчлүүлэхтэй холбоотойгоор гарсан зардал болон цалингийн зөрүү, хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдох нөхөн төлбөрийг шаардаж байна. Үүнд:

*******-д сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, гэмтлийн улмаас ажил эрхлээгүй үед *******-иас 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын цалин хөлс 19,550,000 төгрөг дансаар орж ирсэн байна. Хэрэгт авагдсан дахь дансны хуулгаас цалин хөлсний дундажыг тодорхойлоход 1,106,666 төгрөг болж байх тул дээрх 24 сарын хугацаанд сар бүр 256,666 төгрөгийн цалин дутуу авсан. Иймд цалингийн зөрүү 6,159,984 /24х256,666/ төгрөг нэхэмжилж байна.

Энэ хугацаанд эмчилгээ, эм тариа, сувилалд эмчлүүлсэн болон Орхон аймгаас Улаанбаатар орох унаа, шатахууны зардалд нийт 8,849,822 төгрөг, 2024 оны 6 сард сувилалд эмчлүүлэхтэй холбоотой зардалд 448,750 төгрөг гарсныг нэхэмжилж байна.

Мөн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д зааснаар нэг сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ******* төлөх үүрэгтэй байх тул нөхөн төлбөр 9,959,994 /9 х 1,106,666/ төгрөг болж байна. Иймд нийт 25,418,530 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь манай компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа 2020 онд үйлдвэрлэлийн осолд орж биедээ гэмтэл авсан. Энэ осолтой холбоотойгоор манай компанийн 3 ажилтан эрүүгийн хариуцлагад татагдаж, ял шийтгэгдсэн болно.

2.2. *******ыг үйлдвэрлэлийн осолд орсонтой нь холбогдуулан хагалгааны зардалд 9,862,700 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 850,000 төгрөг нийт 21,270,000 төгрөгийн цалин хөлс олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 1,360,800 төгрөг, шүүхийн шийдвэрээр ******* эмнэлэгт эмчлүүлсэн зардал 1,577,000 төгрөг, нийтдээ 34,070,500 төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

2.3. Тухайн үед ******* нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгоогүй байсан, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан талаар ажил олгогч *******-д мэдэгдээгүй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 6 сарын хугацаагаар 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тухай баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх бөгөөд ямар өвчний улмаас осолд орсноос хойш 1 жилийн дараа хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан нь тодорхойгүй байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

2.4. Хэрэгт гаргаж өгсөн эмчилгээ хийлгэхэд зайлшгүй гарсан зардал гэх баримтуудыг харахад *******т зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, тухайлбал өөрийнх нь карт дээр ******* эмэнлэгт эмчлүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 18, 2021 оны 11 дүгээр сарын 22, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу 3 өдөр бичигдсэн байна. Иймд 2021 оны 5, 6 дугаар саруудад зарцуулагдсан төлбөрийг хариуцах ёсгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч *******-иас 18,268,439 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,150,091 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-иас 249,292 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр гэх 9,959,994 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 6 сарын хугацаагаар 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хууль тогтоогчоос 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийн 166 дугаар зүйлд уг хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэгэнт хүчингүй болсон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсгийг баримталсан нь ойлгомжгүй байх бөгөөд шийдвэртээ тухайн хуулийг буцаан хэрэглэх болсон үндэслэлээ огт тайлбарласангүй. Ийнхүү анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болно.

4.2. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөр олгох зохицуулалтад тавигдах урьдач нөхцөл нь үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байхыг шаарддаг.

Гэтэл хэргийн материалд авагдсан баримтуудаар үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн чадвараа алдсан гэх үйл баримт тогтоогддоггүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш 2 жил 1 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 6 сарын хугацаатай 60 хувиар алдсан болохыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон. Түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход баримтлах өвчний жагсаалт-ын 10.33 дахь хэсэгт заасан Том үе буруу байрлалд хөдөлгөөнгүй бороолж үйл ажиллагаа нь их хэмжээгээр алдагдсан гэх өвчинд хамруулсан.

Мөн үйлдвэрлэлийн осол гарснаас хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын эрүүл мэндэд дүгнэлт хийж, гэмтлийн зэргийг тогтоосон 2 шинжээч нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй талаар дүгнэлтдээ тусгасан нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэргийн материалд авагдсан.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 2 жилийн дараа хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлсөн нөхцөл байдлыг юунаас үүссэн болохыг тогтоох зайлшгүй шаардлага гарч ирсэн. Буруу, хөдөлгөөнгүй бороолсон гэх нөхцөл нь хөдөлмөрийн чадвар алдах үндэслэл болж буй энэ тохиолдолд шалтгааныг тогтоох шаардлага тулгарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс мэргэжлийн эмч буюу шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрт энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийсэнгүй.

*******ыг хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн өвчин нь үйлдвэрлэлийн ослоос шууд хамааралтай гэдгийг эцэслэн тогтоогоогүй, энэ нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.3. Хэргийн материалд авагдсан баримтаар хариуцагч ******* нь *******т нийт 34,070,500 төгрөгийн төлбөр төлсөн, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох нас дөхсөн учир тодорхой хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлсийг төлүүлэх хүсэлт гаргасны дагуу цалин гэх агуулгаар 2 жилийн хугацаанд төлбөр төлж байсан үйл баримт тогтоогддог.

Хэрэв нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдахад хүргэсэн өвчин үйлдвэрлэлийн ослоос шууд хамааралтай, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нөхөн төлбөр төлөх ёстой гэж дүгнэх тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 34,070,500 төгрөгийн төлбөрөөс суутган тооцох боломжтой. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн зүгээс дээрх агуулгаар тайлбар гаргасан хэдий ч шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

4.4. *******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсантай холбоотой эрүүгийн хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******-иас 1,577,000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгуулж, 143,423,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх эмийн, шатахууны болон бусад баримтуудын эх сурвалж тодорхойгүй, хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхэд шууд хамааралтай гэж үзэх тулгуур баримтгүй гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтууд буюу төлбөрийн баримтуудын нэгтгэсэн хүснэгт 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаардаг. Нэгэнт өмнө шүүхээс тухайн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

4.5. Мөн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зайлшгүй зардалтай холбоотой баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дууссан ч тэрээр 2024 оны 7 дугаар сард гарсан зардлын баримтуудыг шүүх хуралдаанд гарган өгснийг шүүх хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүх эмийн сангийн баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй ба иргэний журмаар шийдвэрлүүлэхээр тухайн баримтуудыг хэлэлцэхгүй орхисон талаар шийтгэх тогтоолд дурдсан.

5.2. ******* үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх нь эргэлзээтэй гэж хариуцагч маргадаг боловч үйлдвэрлэлийн ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтэд тодорхой тусгагдсан.

Хариуцагч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, шалтгааныг магадлахад баримтлах өвчний жагсаалтаар баталсан өвчний жагсаалтыг дурдаж байна. Гэтэл гадны хүчин зүйлээс үүссэн гэмтэл нь өөр байдлаар эдгэрч, энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлсөн болохыг тогтоосон. Иймд дахин шинжээч томилох шаардлагагүй. 

5.3. Анхан шатны шүүх осол болох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба энэ талаар шийдвэр танилцуулахдаа дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт орсон ч мөнгөн дүн буюу хугацаа өөрчлөгдөхгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэм хорын хохиролд 40,529,802 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 25,418,530 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/343 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ДШМ/97 дугаартай магадлалаар *******-ийн ажилтан *******, *******, ******* нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах талаар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд үйлдвэрлэлийн осол болж, тус байгууллагын засварчин *******ын зүүн шилбэний шаант болон тахилзуур яс бяцарсан, олон сэлтэрхийт хоёрлосон ил хугарал, хоёр талын хавчаар ясны хугарал, зүүн шилбэ, гуяны зөөлөн эдэд цус хуралт, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, уг тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. /1хх-ийн 4-10, 11-14 дүгээр тал/

3.2. Хариуцагч байгууллага нь гэм буруугийн асуудлаар маргаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчид учирсан хохирол тогтоогдсон эсэх, хөдөлмөрийн чадвар алдалт нь дээрх ослын улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эсэх асуудлаар маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэхдээ талуудын маргааны зарим үйл баримтад хамааралгүй хуулийн зүйл, хэсэг баримталсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.

4.1. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үйлдвэрлэлийн осол гарахад ажил олгогч *******-ийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулаагүй буруутай болох нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон талаар дурдаж, тус байгууллагыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэг бүхий этгээд буюу иргэний хариуцагчаар татан оролцуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэгэнт тогтоогдсон гэм буруугийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй тул хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн.

4.2. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл, мөн 2024 оны 6 дугаар сард нийт 8,308,445 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон гэж дүгнэж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

Учир нь 2021 оны 5 дугаар сарын 12, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд эмчийн олгосон эмийн жороор эм, тариа болон нөхөн сэргээх эмчилгээ бичиж өгсний дагуу эм, тариа авсан, сувилалд эмчлүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байхаас гадна учирсан гэмтлүүдээс зүүн шаант, тахилзуурын ил, бяцарсан хугарал нь идээлж үрэвссэний улмаас зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ талаарх эмийн жорыг гаргаж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эм, тариа, унаа болон шатахууны зардлыг нэхэмжлэгчээс гараагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Мөн 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй нь түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн арилсан гэж дүгнэх үндэслэл болохгүй тул 2024 оны 6 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн сувилалд хэвтэн эмчлүүлсэнтэй холбогдох зардлыг хариуцагч байгууллагыг хариуцан арилгах үүрэггүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Түүнчлэн, талуудын маргааны зүйл болж буй эмчилгээ хийлгэсэнтэй холбогдох хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүх шийдвэрлээгүй тохиолдолд тухайн хохиролтой холбогдох нотлох баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар үнэлэхэд саад болохгүй тул дээрх хохиролтой холбогдох баримтуудыг шүүх эх сурвалж тодорхойгүй гэж дүгнэсэн учир дахин үнэлэхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

4.3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 6,159,984 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй.

4.4. Хэргийн 1хх-ийн 128 дугаар талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр *******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар 60 хувиар тогтоож, шалтгаан нөхцөлийг заагаагүй байх боловч мөн аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар /2хх-ийн 34/ *******ыг Т93 буюу доод мөчний гэмтлийн үлдэц оношоор 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувь алдсан гэж тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн, үүний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ болон хугацааг эрх бүхий байгууллага болох Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр тогтоосон тул үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хожим тогтоосон нь үйлдвэрлэлийн ослын улмаас түүнд учирсан хохирлыг ажил олгогч буюу хариуцагч нөхөн төлөхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэг удаа нөхөн төлбөр олгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг хэрэгт авагдсан баримтыг /2хх-ийн 43-45/ үндэслэж 1,106,666 төгрөгөөр тооцож 9,959,994 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр тайлбарласанчлан эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, нөхцөлийг нэгэнт тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилох шаардлагагүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хагалгааны зардалд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 9,862,700 төгрөг төлсөн, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин 21,270,000 төгрөг олгож, 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлсөн болох нь тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч байгууллагаас гарсан дээрх зардлууд нь нэхэмжлэгчид учирсан хохиролд хамааралтай, хариуцагчийн хариуцан арилгавал зохих хохирол байх тул нэхэмжлэлээр шаардаж буй хохирлын мөнгөн дүнгээс суутган тооцох агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ.

6. 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байхад осол гарсан боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлын үр дагавар буюу гэмтлийн үлдэцээс шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь, хэмжээг 2023 онд тогтоосон байх тул 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар ажил олгогч хариуцлага хүлээнэ. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, хэсэгт өөрчлөлт оруулна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...97 дугаар зүйлийн 97.1.1 гэснийг 125 дугаар зүйлийн 125.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА