Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1623

 

“ХХХ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/04812 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” СӨХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Засвар үйлчилгээний зардалд 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” СӨХ-нь ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ тоотод оршин суух ХХХХээс 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. ХХХХ нь нийт 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал засвар үйлчилгээний зардал 650 000 төгрөг төлөөгүй байна.

“ХХХ” СӨХ нь 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ байрны нийт 72 айл өрхийн  дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн үйлчилгээ болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан. “ХХХ” СӨХ-ны төлбөрт  сууц өмлөгчдийн дангаар өмчлөх орон сууцны 1 м.кв-ыг 300 төгрөгөөр, засвар үйлчилгээ, лифт 8 000 төгрөг, хог 2 000 төгрөг, цэвэрлэгээ 4 550, цэвэрлэгээний материалд 500 төгрөг, бусад зардалд 3 000 төгрөг тооцож сар бүр дээрх айлуудаас 36 150 төгрөгийн төлбөр авдаг.  

“ХХХ” СӨХ-ны төлбөрөө өгдөггүй айлууд нь бусдын төлбөрөө төлсөн дундын өмчлөлийн зүйлийг үнэ төлбөргүй ашигласан байдалтай байдаг. Тийм учраас ХХХХ-т удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн боловч СӨХ-ны төлбөрөө төлөхгүй хэвээр байна. Иймд “ХХХ” СӨХ нь ХХХХээс 650 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тухайн үед СӨХ-ны төлбөрөө цаг тухай бүрт нь төлдөг байсан. Тухайн үед манай орон сууцны бүх үйл ажиллагаа хэвийн явагддаг байсан. Өмнөх СӨХ-ны үй ажиллагаа солигдоод “ХХХ” СӨХ нь гарч ирснээс хойш манай орон сууцны дотор гадна цэвэрлэгээ, байшингийн дээврээс ус орж, дээвэрт засвар хийгээгүй. Ингээд тогны мөнгө нэмэгдсэн гэдэг шалтгаанаар өмнө нь СӨХ-ны төлбөр сард 20 000 төгрөг байсан бол одоо 36 150 төгрөг болж  нэмэгдсэн.  

Мөн нэхэмжлэгч тал 1 м.кв-ыг 300 төгрөг, суурь хураамж нь 18 000 төгрөг болж байгаа. Гэтэл бусад зардал гэж 3000 төгрөгт юу нь ойлгомжгүй байна. Авч байгаа 18 000 төгрөг нь хуримтлалд орж байх ёстой атал бусад зардалд бас ороод байгааг би сайн ойлгохгүй байна.  Ийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХээс 596 000 төгрөг гаргуулж “ХХХ” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 54 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 167 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХХээс  18 530 төгрөг гаргуулж “ХХХ” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар үндэслэлээр сууц өмчлөгчийн холбооны төлбөрөөс 3 000 төгрөгийг хасаж тооцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн тодорхой үндэслэл дурьдаагүй байх тул уг шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “ХХХ” сууц өмчлөгчдийн холбоо нь ХХХХ-т холбогдуулан засвар үйлчилгээний зардал 650 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сар тутам 36 150 төгрөгийг ямар үндэслэлээр авч байгаа нь тодорхойгүй, орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээ муу, дээвэрт засвар хийгээгүй ус гоождог тул төлөхгүй гэжээ.

            ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот орон сууцны өмчлөгч ХХХХ нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардалд Сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих 650 000 төгрөгийг төлөөгүй  үйл баримт тогтоогджээ. 

            “ХХХ” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, арчлалт, хамгаалалт, урсгал засвар, үйлчилгээнд зарцуулах зардал, хуримтлалын төлбөрийн хэмжээг 8 төрөл тус бүрээр айл өрхийн 1 м.кв талбайд сар тутам ногдох хураамж 300 төгрөг, лифт ашиглалт 8 000 төгрөг, цэвэрлэгээний хураамж 4 550 төгрөг, хог тээвэрлэлт 2 000 төгрөг, цэвэрлэгээний материал 500 төгрөг, орцны харуул хамгаалалтын зардал 3 000 төгрөгөөр  /хх-19, 20/ тогтоосон нь хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч уг тогтоолын талаар маргаагүй байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дээрх байдлаар хуваарилахаар шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,1, 16.2, 16.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, тус СӨХ-ийн дүрмийн “Долоо” дахь хэсгийн “А”-д заасанд нийцсэн байх бөгөөд сууц өмчлөгч нь Иргэний хуулийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын эд хөрөнгөтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй.

            Иймд нэхэмжлэгч “ХХХ” сууц өмчлөгчдийн холбоо нь шаардах эрхтэй байх ба шүүх нэхэмжлэгчийн Иргэний 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн тогтоолоор орцны харуул хамгаалалтын зардлын хураамжийг 3000 төгрөгөөр тогтоосон байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцоолсон хүснэгтийг хэргийн бусад баримттай харьцуулан үнэлэлгүй “бусад” гэх 3000 төгрөгийн зардлыг “юуных болох нь тодорхойгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 54 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нийцээгүй байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байх бөгөөд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/04812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “596 000 /таван зуун ерэн зургаан мянга/ төгрөг” гэснийг “650 000 /зургаан тавин мянган/ төгрөгийг” гэж, “олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 54 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ХХХХээс 18 530 төгрөг” гэснийг “ХХХХээс 20 167 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ