| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 130/2017/0000/Э |
| Дугаар | 2017/ДШМ/011 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2017/ДШМ/011
С.Гад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,
хяналтын прокурор М.Отгонжаргал,
шүүгдэгч С.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Зулхаш,
хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд,
шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Гад холбогдох эрүүгийн 201604000208 дугаартай хэргийг шүүгдэгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У овогт Сгийн Г, Монгол улсын иргэн, яс үндэс казак, 0000 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 00 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын бүрэн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч ажилтай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:0000000000.
Шүүгдэгч С.Г нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цагийн үед Б сумын 5 дугаар багийн иргэн Ш.Хтай хэрүүл маргааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Ш овогт Сгийн Гыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Гын давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Б сумын 5-р багт оршин суух “У” овогт Сгийн Г миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
С.Г намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор “2016 оны 9-р сарын 6-ны өдөр 12 цагийн орчим ажлын байранд иргэн Ш.Хтай хэрүүл маргааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, зодож биенд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон билээ. Болсон асуудлын талаар: Ш.Х нь дотуур байрны хүмүүжүүлэгч ажилтай, түүний нөхөр сургуулийн нярав ажилтай, мөн Ш.Х нь “А” хоршооны захирлын ажлыг давхар хашдаг бөгөөд тухайн хоршоо нь Сургуулийн дотуур байрны хоол хүнсийг бэлтгэн нийлүүлдэг, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явдал нь түүний нөхөр Х сургуулийн нярвын ажлыг хашиж байгаа тохиолдолд “ашиг сонирхлын зөрчилтэй” учир гэрээг цуцалсан юм. Түүнд өшөөрхөж, хохирогч гэх Ш.Х нь манай конторт орж ирээд хэрүүл маргаан үүсгэж, улмаар миний ажлын ширээнд байсан албаны өрөөний түлхүүрийг булаан авч, зугтаж гарах гэтэл би түүний гарт байсан өрөөний түлхүүрийг авах гэж булаацалдахад түүний цамцны ханцуй урагдсан юм. Түүнээс биш би Ш.Хыг зодсон, цохисон явдал гараагүй. Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд зөв дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хянаж шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Тухайлбал: Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн 16 тоот шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг: “Гэрч Жийн мэдүүлгээр батлагдаж байна” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь гэрч Ж “Ш.Х ширээн дээр байсан С.Гын түлхүүрийг аваад гадаа гарахад С.Г дагаж гарсан. Би өрөөний дотор үлдсэн, өрөөний хаалга хаалттай байсан тул үзэж хараагүй. С.Г нь Ш.Хыг цохиж зодсоныг хараагүй” /хавтаст хэрэг 10-р хуудас/ гэсэн байхад шүүх гэрч Жийн мэдүүлгээр нотлогдоно гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураагдсан цамц зэргээр нотлогдож байна гэсэн явдал нь шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасныг илтгэж байна.
Учир нь: Эд зүйл хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хураагдсан цамцны урагдал нь Ш.Х бид хоёрын “өрөөний түлхүүр” булаацалдаж байсныг нотлох баримт болохоос бус Г миний Ш.Хыг “зодож цохисныг “ ямар нэгэн байдлаар нотлохгүй болно. Ш.Хы өмсөж байсан цамцны ханцуй урагдсан нь Г миний Ш.Хыг зодсоныг нотлох шууд нотлох баримт биш. Би зугтаж явсан Ш.Хаас түлхүүрийг авах гэж татахад түүний цамц урагдсан билээ. Түүнээс биш Ш.Хы хэлснээр Г би түүний толгой хэсэгт гараар цохиход түүний цамцны ханцуй урагдах учиргүй билээ. “Шүүхийн шинжилгээний 433- тоот актаар нотлогдоно” гэжээ. Ш.Х, С.Г бид хоёрын дунд болсон маргаан 2016 оны 9-р сарын 6-ны өдөр 12 цагт болсон. Гэтэл шүүхийн шинжилгээний албаны 433 тоот актыг 2016 оны 9-р сарын 13-нд гаргасан байгаа нь “цаг хугацааны” хувьд Ш.Хы биед буюу тархины битүү гэмтэл, доргилт, зулай, чамархайн хэсгийн даралт хавдар нь 2016 оны 9-р сарын 6-нд үүссэн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Гэмтэлд 7 хоногийн дараа акт гаргасан болж байна. Хэрэв тухайн үед тархины битүү гэмтэл, доргилт авсан бол 7 хоногийн дотор хүндэрч, амь насанд аюул учрах байсан. Гэрч Хайнел, Тасхынбек нарын мэдүүлгээр батлагдана гэдэг нь зүйд нийцэхгүй. Тэд хэрэг маргаан буй болсон газарт бид байхгүй байсан гэсээр байхад, тэд зодоон болсныг үзэж хараагүй гэж байхад тэдний мэдүүлгийг шүүх буруу үнэлж шийдвэрлэсэн байна. Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр хэргийг хянан үзэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, Шн Хы өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шүүгдэгч С.Гын давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй юм. Шүүгдэгч С.Г нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цагийн үед хохирогч Ш.Хтай хэрүүл маргаан үүсгэж, түүний эрх чөлөөнд нь халдаж, зодож биед нь хөнгөн гэмтэл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ш.Хы хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны үед удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч С.Ж, Х.Х,, Ш.Хайнел, Ж.Тасхынбек, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гын давж заалдсан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч С.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын дунд сургуулийн байранд хохирогч Хтай “А” ХК компани тухай асуудлыг чи биш би мэднэ гэж маргалдсаны улмаас хохирогчийн биед “тархины битүү гэмтэл, доргилттой, зулай чамарайны хэсэгт даралттай зүүн талын чих гадна, шанаа чамархайны хэсгийг хамарсан хавдартай, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, дээд уруул хавдартай, шархтай” хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл санаатай учруулж, улмаар өмсөж явсан ягаан өнгийн ноосон цамцнаас татаж урсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болжээ.
Хохирогч Ш.Хы “хаалга руу алхахад зүүн талын нүүрэн тус газар нударгаараа цохиж улмаар миний өмсөж явсан ягаан өнгийн ноосон цамцны ханцуйнаас татаж урсан” гэсэн тэмдэглэл.
Гэрч С.Жын “гаднаас Ш.Х орж ирсэн. Тэгээд Ш.Х С.Гад “А” ХК компанийг чи биш би мэднэ гэж хэлсэн. ... Тэгээд Х ширээн дээр байсан Гын түлхүүрийг аваад гадаа гарахад Г дагаж гарсан. Тухайн үед Гын өрөөний хаалга хаагдсан ба би дотор талд нь үлдсэн. Хаалга онгойлгож гадаа гарахад Г гараа татаж байсан ба яг цохиж зодсоныг хараагүй юм байна” гэсэн тэмдэглэл.
2016 оны 09 дүгээр сарын 12-ны 433 дугаартай дүгнэлтээр “тархины битүү гэмтэл, доргилттой, зулай чамарайны хэсэгт даралттай зүүн талын чих гадна, шанаа чамархайны хэсгийг хамарсан хавдартай, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, дээд уруул хавдартай, шархтай” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” дүгнэлт гаргажээ.
Хохирогчид Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйл “худал мэдүүлэг өгөх”, мөн хуулийн 255 дугаар зүйл “хохирогч мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх” заалтыг урьдчилан сануулж байцаалт авсан тэмдэглэл,, гэрч С.Жын “С.Г гараа татаж байсан” гэсэн тэмдэглэл, шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан дүгнэлт тогтоогдсон байдлыг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Гэрч Б.Х нь хохирогч Ш.Хы нөхөр бөгөөд хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд гэрчээр байцаасан тэмдэглэлд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.11.”гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг;” хэлнэ гэсэн заалтыг сануулж байцаалт аваагүй тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201604000208 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, хэргийн жинхэнэ байдалд анхан шатны шүүхийн дүгнэлт нийцсэн бөгөөд хэргийг зөв зүйлчилсэн байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч С.Гын үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул уг хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч С.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч С.Гын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3., 315.1.4. дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10. дахь хэсэгт зааснаар автомашин битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж, 7 дахь заалтыг “Шүүгдэгч С.Гад урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ