Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 11

 

Т.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Т.Г-эд холбогдох 2226001270198 дугаартай хэргийг прокурор Ц.Нэргүйн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, *** түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Т-н Г-, /РД:***/.

Т.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.О-ийг хамтран амьдарч байх хугацаандаа 2021 оны 01 дүгээр сарын 07, 1 дүгээр сарын 22, 03 дугаар сарын 08-наас 9 шилжих шөнө, 4 дүгээр сар, 5 дугаар сар, 7 дугаар сарын 20, 9 дүгээр сард, 9 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 20-нд тус тус Улаанбаатар хот, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байхдаа байнга зодсон,

2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа түүний цээжинд нь гараараа 1 удаа цохиж цээжний зүүн талд 8, 9 дүгээр хавирганы холбоосны хугарал, дээд, доод уруул, баруун, зүүн суга, зүүн гарын сарвуу, баруун хөлийн шилбэ хэсэгт сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Т.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.О-ийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зүүн хацар хэсэгт гараараа 1 удаа алгадсан, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А палас буудал дотор нүүрэн тус газарт гараараа 1 удаа алгадаж, хоолой боосон, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад гэх газарт толгой, цээж, нүүрэн тус газарт болон гар хэсэгт гараараа тус тус 1 удаа цохиж хөлийн өвдөг хэсэгт отверькаар 1 удаа хатгасан, 2021 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр багийн ** тоотод нуруун тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж сандлаар цохисон, нүүр хэсэгт гараараа 1 удаа алгадсан, 2021 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт цээжин тус газарт 1 удаа хайчаар хатгаж, толгой хэсэгт певарь түмпэнгээр цохисон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-д Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Нэргүй бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо байнга үйлдсэн байхыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан боловч хүчирхийлэл үйлдсэн гэх шинжээр нэг удаагийн шинжтэй үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байгаад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай, мөн Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхийн өмнө хойно шүүгдэгчийн үйлдлүүд нь үйлдэгдсэн гэж үргэлжилсэн үйлдлүүдийн заримыг хэрэгсэхгүй болгож Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх, шударга ёсны зарчимд нийцэхгүй үндэслэл болж байна гээд Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн зарим шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэл дараах байдлаар тодорхойлогдоно.

Үүнд, анхан шатны шүүхээс дээр дурдагдсан хуулийн зохицуулалтын дагуу шүүгдэгч Т.Г-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зөв тодорхойлоогүйгээс үүдэн үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосны дээр мөн шүүгдэгчийн үйлдсэн гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэсэн заалтын дагуу тооцоогүйтэй холбоотой 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд шүүгдэгч Т Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07, 2021 оны 01 дүгээр сарын 22, 2021 оны 03 дугаар сарын 09, 2021 оны 04 дүгээр сар, 2021 оны 05 дугаар сарын үйлдлүүдийг хамааруулж, хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн заалтад хамаарч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасныг зөрчиж шүүгдэгчийн үйлдсэн зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Г-ийн гэмт үйлдэл нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн учир түүний үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг нь хүчингүй болсон үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Харин шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байжээ. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл болон дээр дурдсан үндэслэлүүдээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар магадлалыг хүчингүй тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг хэлсэн саналдаа “Т.Г- гэмт хэрэгт холбогдож гэм буруу нь шүүхээр тогтоогдсон ч 2022 оны 09 дүгээр сарын 13-наас өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр эсэргүүцэл бичих боломжгүй болсон гэх тайлбар гаргаж байсан ч дээд шүүхэд дахин эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн. Тэгэхээр хуулийг зөрчсөн, буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Одоо шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосноор ямар ач холбогдолтой эсэх нь эсэргүүцэлд тодорхойгүй. Шүүгдэгчийн хувьд хохирогчоос тусдаа амьдраад 2 жил орчим болж байхад цаг хугацаа болон бусад нөхцөл байдлын хувьд дэндүү залхаан цээрлүүлсэн, сунжирсан зүйл болж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.О-ийг хамтран амьдарч байх хугацаандаа 2021 оны 01 дүгээр сарын 07, 1 дүгээр сарын 22, 03 дугаар сарын 08-наас 9 шилжих шөнө, 4 дүгээр сар, 5 дугаар сар, 7 дугаар сарын 20, 9 дүгээр сард, 9 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 20-нд тус тус Улаанбаатар хот, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байхдаа байнга зодсон,

2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа түүний цээжинд нь гараараа 1 удаа цохиж цээжний зүүн талд 8, 9 дүгээр хавирганы холбоосны хугарал, дээд, доод уруул, баруун, зүүн суга, зүүн гарын сарвуу, баруун хөлийн шилбэ хэсэгт сорви бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Харин шүүх шүүгдэгч Т.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасныг шүүх зөрчиж Т.Г-ийн 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө хохирогчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн цагаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Түүнчлэн шүүгдэгч Т.Г-ийн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл 9 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн заримыг буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх 5 үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж гэж заасныг шүүх хэрэглэлгүй орхигдуулан, шүүгдэгч Т.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн зарим үйлдлийг хэсэгчлэн дурдан, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна хэмээн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй буюу анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан байна гэж дүгнэсэн боловч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалт хүчингүй болсон талаар дурдан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталж, мөн оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон” бөгөөд давж заалдах шатны шүүх уг заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэжээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь хяналтын шатны шүүхээс гарах шийдвэрт мөн адил хамаарахаар тусгагдсан байгаа хэдий ч тус хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, ...” гэсэн заалтын агуулгад тусгагдсан утга санааг үндэслэн дүгнэлт хийх боломжтой байгааг харгалзан хууль хэрэглээний алдаа бүхий анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, мөн түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын бичсэн “...анхан шатны шүүх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа болон, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар магадлалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, прокурор Ц.Нэргүйн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН